Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Н.Энхжаргал

                        Шүүгдэгч                                           Д.Эрдэнэцогт

                        Нарийн бичгийн дарга                      Э.Мөнгөнтуяа нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эрдэнэцогтын гаргасан гомдлыг үндэслэн, Д.Эрдэнэцогтод холбогдох 201603000516 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1957 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, тусгай дунд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 1, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 1-р шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овгийн Довчинсамбуугийн Эрдэнэцогт /РД: ХН57070770/

 

Шүүгдэгч Д.Эрдэнэцогт нь ялтай байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 09- ний орой 20-21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хасу” худалдааны төвд байрлах “Хаан” банкны автомат теллер машины дэлгэцийг чулуугаар хагалан гэмтээж, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэтгэцийн өвчтэй яллагдагчид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлэх тогтоолд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Цагдаагийн газраас Д.Эрдэнэцогтод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зүйлчилж, сэтгэцийн өвчтэй яллагдагчид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлэх тогтоолыг Архангай аймгийн Прокурорын газраас баталж, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Довчинсамбуугийн Эрдэнэцогтыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, шүүгдэгч Д.Эрдэнэцогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасны дагуу тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий Сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Д.Эрдэнэцогтыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт очтол урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэцогтын гаргасан давж заалдах гомдолд:

Боржигон овгийн Довчинсамбуугийн Эрдэнэцогт миний бие Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 52 тоот шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2016 оны 11 сарын 09-ний орой 21 цагийн орчим “Хасу” худалдааны төвийн үүдэнд байрлах Хаан банкны АТМ-ны машиныг эвдэн гэмтээж тус банкинд 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан зүйл хэсгээр шалгагдсан, миний бие энэ үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогчид учруулсан хохиролоо группын мөнгөө зээлэн авч бүрэн төлж банкыг хохиролгүй болгосон. Шүүхээс надад хэрэг хариуцах чадваргүй байдлыг маань харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн боловч би цаашдаа хүүгийнхээ хараа хяналтанд байж бусдад хохирол учруулахгүй, өөрийн бие, оюун санаагаа удирдан, эмнэлгийн эмчлэгч эмчийнхээ хяналтанд тогтмол хамрагдан эрүүлжиж чадна гэж бодож байна. Би төрсөн ганц хүүтэй хүү маань намайг яваад өгөхөөр энд ах дүү гээд байх хүнгүй орь ганцаараа болно. Мөн хүү маань хот руу явж байгаад зам тээврийн осолд өртөн ар гэрийн байдал тун хүнд байгаа тул би яваад өгч үнэндээ боломгүй байна. Иймд миний ар гэрийн болон хувийн байдлыг минь харгалзан үзэж сэтгэцийн эмнэлгийн ердийн тасагт хэвтүүлэн эмчлүүлэх шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулан эмчийн хяналтанд заавал байлгахаар зааж хүүгийн минь хараа хяналтанд шилжүүлэн шийдвэрлэж өгч амьдралд минь гүн туслалцаа үзүүлнэ үү. Би цаашдаа дахин ийм болчимгүй үйлдэл гаргахгүй байж чадна гэж амалмаар байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Д.Эрдэнэцогтын гаргасан гомдлын дагуу шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд энэ хүний яриад байгаагаар бол ганц хүүтэй, тэр хүүхэд нь хүний машин унаж яваад унагаасан үйлдэлдээ шалгагдаад Булган аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд явуулын байдалтай байгаа. Өөрийнх нь яриад байгаагаар хүүгээ орхиод явчихаар цаад гарах үр дагавар нь ганц хүүдээ үлдээх орон гэрийг нь үрж зарчих гээд байгаа хүнд байдалд оруулаад байгаа учраас надад эмчлүүлэх гээд явахаар хүнд байна, миний хэлж ярьж чадахгүй байгаа зүйлийг нөхөж хэлж өгөөч гэж надад хандсан. Шүүх бүрэлдэхүүнээс энэ хүний ар гэрийн байдал, хувийн байдал, энэ хэрэгт холбогдсоноосоо хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй тэвчиж, эмчийн хяналтанд байнгын байгаа, өөртөө үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байгаа, бусадтай харьцах харьцааны хувьд ч харьцангуй зөв болж байгаа зэргийг харгалзан үзэж сэтгэцийн эмчийн байнгын хяналт болон хүүгийнх нь хараа хяналтанд үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж өмгөөлөгчийн зүгээс оролцож байгаа учраас шүүх бүрэлдэхүүнээс хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар Д.Эрдэнэцогтод холбогдох хэрэгт гаргасан Д.Эрдэнэцогтын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх Довчинсамбуугийн Эрдэнэцогтыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, шүүгдэгч Д.Эрдэнэцогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэн шийдвэрлэжээ.

 

Д.Эрдэнэцогт нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ 2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой 20-21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хасу” худалдааны төвд байрлах “Хаан” банкны автомат теллер машины дэлгэцийг чулуугаар цохиж гэмтээн, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин Д.Эрдэнэцогтийн сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллага болох Архангай аймгийн сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх боломжтой гэж үзэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай шүүхийн тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.4, 19.3 дугаар зүйлийн 4-ийн 4.2-т заасныг тус тус удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Д.Эрдэнэцогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцийн эмгэг, судлалын ердийн эмнэлэгт байлгах эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэснийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэцогтыг Архангай аймгийн сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэхээр шилжүүлсүгэй” гэж өөрчилж, 5 дах заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т  зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                              Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ