Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00096

 

 

 

 

 

 

Б.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 583 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаар магадлалтай,

Б.Н нарын нэхэмжлэлтэй,

Ш ХК-д холбогдох,

Б.Н 8.448.000 төгрөг, Л.Ц 8.832.000 төгрөг, Г.Н 11.136.000 төгрөг, Л.П 9.216.000 төгрөг, Ж.Д 11.136.000 төгрөг нийт 48.768.000 төгрөгийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох группд орсон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Бид уурхайд доод тал нь 20 гаран жил, дээд тал 30 гаран жил ажилласан. Бид Геологи, Уул уурхайн салбарын 2012- 2013 оны хамтын тарифын хэлэлцээрийн 5.5-д Технологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группд байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасны дагуу “Шарын гол" ХК-н захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс Ш ХК-иас тус уурхайд ажиллаж байгаад МШӨ-ний улмаас группд орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж Б.Наранцэцэгт 8.448.000 төгрөг, Л.Цогоод 8.832.000 төгрөг, Г.Нэргүйд 11.136.000 төгрөг, Л.Пүрвээд 9.216.000 төгрөг, Ж.Дулмаад 11.136.000 төгрөг нийт 48.768.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.гэжээ.

Хариуцагч Ш ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. 2013-2014 оны хэлэлцээр байгуулагдсан боловч одоо үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хамтын хэлэлцээр нь 3 талт хэлэлцээр байна. Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй. Нийгмийн асуудлын талаар тохиролцсон хэсэгт нь ажил олгогч нь тэтгэмж олгоно гэж бичигдээгүй.Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээндээ тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Энэ хэлэлцээр дээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байна. Байгууллагыг төлөөлөх эрх бүхий биш этгээд хамтын тарифын хэлэлцээр дээр гарын үсэг зурсан байна. Хамтын тарифын хэлэлцээрийг уул уурхайн бүх байгууллагад заавал мөрдүүлэх эрх байхгүй, байгууллагын хамтын гэрээнд тэтгэмж олгохоор тохиролцсон бол тэтгэмж өгөх ёстой. Хамтын хэлэлцээрийн 5.5 дахь заалтыг хамтын гэрээнд зааж өгөөч гэж нэхэмжлэгч нар хүсэлт өгснийг тухайн үеийн удирдлагууд санхүүгийн боломжгүй байгаа тул дээрх заалтыг хамтын гэрээнд оруулах боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Хамтын хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т зааснаар Б.Наранцэцэгт 4.224.000 төгрөг, Г.Нэргүйд 3.072.000 төгрөг, Л.Цогоод 2.112.000 төгрөг, Л.Пүрэвт 2.880.000 төгрөг, С.Дулмаад 5:568.000 төгрөгийг тус тус Ш ХХК-иас гаргуулан олгож, Б.Наранцэцэгийн 4.224.000 төгрөг, Г.Нэргүйн 8.064.000 төгрөг, Л.Цогоогийн 6.144.000 төгрөг, Л.Пүрвээгийн 6.336.000 төгрөг, Ж.Дулмаагийн 5.568.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Н нарыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6577 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Ш ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт дүн болох 18.432.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 250.110 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаар магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Б.Наранцэцэгт 4.224.000 төгрөг” гэснийг “3.088.800 төгрөг", Т.Нэргүйд 3.072.000 төгрөг” гэснийг “3.931.200 төгрөг”, Л.Цогоод 2.112.000 төгрөг” гэснийг “3.264.000 төгрөг” “Ж.Дулмаад 5.568.000 төгрөг” гэснийг “4.071.600 төгрөг”, “Пүрвээд 2.880.000 төгрөг" гэснийг “4.608.000 төгрөг” гэж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Б.Наранцэцэгийн 1.135.200 төгрөг, Ж.Дулмаагийн 1.496.400 төгрөг, Г.Нэргүйгийн 859.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг: Ш ХК-аас улсын тэмдэгтийн хураамж болох 250.110 төгрөг” гэснийг “252.767 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны.шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.230 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаартай эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь Ш ХК-ийн ажилтан биш байхад /хамтын хэлэлцээр байгуулах үе болон өнөөдөр ч Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг ноцтойгоор зөрчиж, ажилтан биш хүнд хэлэлцээрийн заалт үйлчлэх буюу тэрхүү заалтыг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг хуулиар тогтоогоод өгсөн заалтыг хэрэглэхгүй буюу хамтын хэлэлцээрийн заалт үйлчилнэ гэдэг хууль зүйн үндэслэлээ гаргаж ирж чадаагүй. Харин хамтын гэрээгээр зохицуулах харилцааг тодорхойлон заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 дахь хэсэгт хамтын гэрээнд ажилтан биш хүмүүстэй холбоотой асуудлыг тусгасан тохиолдолд л хамтын гэрээ ажилтан биш хүнд үйлчлэх боломж нээгдэнэ. Тийм ч учраас Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тарифын хэлэлцээрийн Ерөнхий зүйл буюу 1 дүгээр зүйлийн 1.1-д “Салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн геологи, уул уурхайн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан, харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана” гэж заасан бөгөөд хамтын гэрээндээ тусгасны үндсэн дээр хэрэгжүүлэх нь энэхүү заалтаас маш тодорхой харагдана. Хамтын гэрээнд тусч байж, ажилтан биш хүмүүст хамтын хэлэлцээрийн заалт хамтын гэрээний дагуу үйлчилж, ажилтан биш хүмүүсийн шаардах эрх үүснэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд хамтын хэлэлцээрээр зохицуулах харилцааг тогтоож өгсөн бөгөөд 19.1.5-д зааснаас үзэхэд хамтын хэлэлцээрээр хэзээ ч ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийг асуудлыг зохицуулдаггүй, тэр тусмаа ажилтан биш хүмүүстэй холбоотой ямар ч асуудлыг зохицуулдаггүй болох нь илэрхий байна. Гүйцэтгэх захирал ч бүх гэрээ хэлцлийг дангаараа байгуулах эрхгүй төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авдаг асуудал байдаг. Гагцхүү хамтын гэрээнд тусгаж буюу хамтын гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд нь хамтын гэрээгээр тохиролцсоноор л үүрэг хүлээнэ гэдэг нь ойлгомжтой болохоор л жирийн ажилтнууд гарын үсэг зурсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тэтгэмж олгох асуудлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ гэдгийг ч дэндүү сайн мэдэж байсан бөгөөд Ш ХК-д хамтын гэрээнд тусгаж өгөөчээ гэдэг хүсэлтийг 2014 онд гаргаж, Ш ХК хариуг нь 2014 оны 5-р сарын 16- ны 4/110 тоотоороо хамтын гэрээнд 5.5 дахь заалтыг тусгах боломжгүй байна гэж мэдэгдсэн байдаг. Хэлэлцээрийн заалтыг аль нэг тал хэрэгжүүлэхгүй буюу хамтын гэрээндээ тусган хэрэгжүүлэхгүй тохиолдолд хэлэлцээрийн аль нэг тал хамтын маргаан үүсгэж, хамтын маргааныг нь шийдвэрлэж хамтын гэрээндээ оруулсан тохиолдолд л шаардах эрх үүснэ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ш ХК-иас нэхэмжлэгч Б.Н 8.448.000 төгрөг, Л.Ц 8.832.000 төгрөг,  Г.Н 11.136.000 төгрөг, Л.П 9.216.000 төгрөг, Ж.Д 11.136.000 төгрөгийн тэтгэмжийг тус тус нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нар Ш ХК-ийн уурхайд ажиллаж байхдаа мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, группд байсан ба 2013 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Геологи, уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын \тариф\ хэлэлцээрийн 5.5-т “геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группд байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасан, нэхэмжлэгч нар уг заалтыг шаардлагын үндэслэлд дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...хэлэлцээрт гарын үсэг зурсан ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь байгууллагыг төлөөлөх эрхгүй, ...уг хэлэлцээрийг уул уурхайн бүх байгууллагад мөрдүүлэх эрхгүй, ...байгууллагын хамтын гэрээнд тэтгэмж олгох заалт тусгагдаагүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.-т “улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно” гэжээ.  

Түүнчлэн салбар /салбар дунд/-ын, бүсийн, аймаг, нийслэлийн түвшний болон мэргэжлийн тарифын хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх ба бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2., 15.5.-т тус тус заажээ.

Геологи, уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын \тариф\ хэлэлцээр байгуулахад Ш ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга оролцсон ба Хөдөлмөрийн яам хэлэлцээрийг 2013 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр бүртгэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дээрх хэлэлцээрийг уул уурхайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, энэ салбарын ажил олгогч эздийн төлөөлөгчид, ажилчдын төлөөлөгчид хамтран баталгаажуулсан тул хэлэлцээрт заасан нөхцөл хариуцагч Ш ХК-д хамааралтай гэж үзэж, нэхэмжлэгч тус бүрийн ажилласан жил, хөдөлмөрийн чадвар алдсан хэмжээ, хугацааг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зөв тогтоогоогүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хөлсний доод хэмжээг өөрчлөгдсөн хугацааг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг тооцсон ба ажилтан нь ...хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэйг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч магадлалд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтыг баримталсан нь буруу болсноос гадна нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооны алдаа гаргажээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...9.4.4...” гэснийг хасч, “...нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Б.Наранцэцэгийн 1.135.200 төгрөг, Ж.Дулмаагийн 1.496.400 төгрөг, Г.Нэргүйгийн 859.000 төгрөгийн...” гэснийг “нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу Б.Наранцэцэгийн 5.359.200 төгрөг, Л.Цогоогийн 5.568.000 төгрөг, Г.Нэргүйгийн 7.204.800 төгрөг, Л.Пүрэвийн 4.608.000 төгрөг, Ж.Дулмаагийн 7.064.400 төгрөгийн...” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 252.768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ