Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0054

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Долгион,

шүүгдэгч Н..., түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар /ШТЭД-1499/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгионоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н...эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00870 0362 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцэгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,  ...тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. 

Боржигон овогт ...н ... /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н... нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн салдаг уулзвар дээр ...улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 38 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх15-20/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх34/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6135 дугаар дүгнэлт, гэрч Х....ийн мэдүүлэг /хх40/, Н...ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх68-69/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1268 дугаар дүгнэлт /хх58-59/, гэрч Н....гийн мэдүүлэг /хх42/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Н...ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “Үзлэгийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний 18 цаг 10 минутанд эхлүүлж ...тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг эзэмшигч Н...ээр нээлгэхэд жолоочийн суудал дээр хар өнгийн гялгар ууттай 45 гр жинтэй нойтон ургамал байв. Уг зүйл дээр криминалистикийн шинжээч 1 дугаар байрлуулан гэрэл зургаар бэхжүүлж үзлэгээр түр хураан авав...”, мөн гэрэл зургийн үзүүлэлтийг тусгажээ. /хх15-20/,

2. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “...хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон” тухай /хх34/,

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6135 дугаар дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно”, дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт /хх49-50/,

4. Гэрч Х....ийн “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр найз ... над руу утсаар холбогдоод хүнд майхан, компьютер хүргэж өгөх гэсэн юм, жолооны эрхээ сэргээж чадаагүй байна, чи машин жолоодоод яваад өгөөч, хотоос ойрхон гэж хэлж байсан... би машиныг нь жолоодоод Улаанбаатар хотоос хойшоо Гүнт зуслангийн орчим явж байхад замын цагдаа машиныг зогсоож, шалгасан. Тэгсэн машины дотор жолоочийн хажуу талын суудлын доороос хар өнгийн гялгар ууттай мансууруулах ургамал гарч ирсэн. Би ...ийн тэр машинд уг мансууруулах ургамал байсан талаар огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх40/,

5. Н...ийн яллагдагчаар өгсөн “...түүсэн өвсөө өөрийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ өөрөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан...намайг машин дотор уг мансууруулах ургамлыг хадгалж байгааг ... мэдээгүй байсан юм. ...... бид 2 хамт байх үедээ ямар нэгэн мансууруулах бодис хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх68-69/,

6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1268 дугаар дүгнэлтэд “...Н... нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүй байна; мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, одоогоор мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэж тодорхойлжээ. /хх58-59/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Н...:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Н... нь өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х.... жолоодуулан “Гүнт” зуслан явж байхдаа замын цагдаад саатуулагдсан.

Улмаар тус тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хар өнгийн гялгар ууттай нойтон ургамлыг хуульд заасан журмын дагуу хураан авсан нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэргээр тогтоогдож байна.

Эд мөрийн баримтаар хураагдаж, шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс “...делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэж шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6135 дугаар дүгнэлтэд тодорхойлж, гэрэл зургаар бэхжүүлжээ.

Шүүгдэгч Н...ийн мэдүүлгээр тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг интернэтээс сонирхож мэдсэн, улмаар төстэй ургамал байхаар олж аван хэрэглэж үзсэн, үлдсэнг тээврийн хэрэгсэлдээ авч явсан, харин гэрч Х....ийн хувьд машинд уг зүйл байсанг мэдээгүй гэснийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй байна.

Мөн гэрч Х....ийн тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явсан, гялгар ууттай мансууруулах ургамлыг мэдэхгүй, бид хоёр хамтдаа мансууруулах бодис хэрэглээгүй гэж мэдүүлжээ.

Хэрэгт авсан баримтаар шүүгдэгч Н... нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай 38 грамм жинтэй “өвс” хадгалсан нь тогтоогдсон, харин худалдаалах зорилготой байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

­          Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацааг хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр мансуурах дон, хамаарал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эсвэл улсын яллагчийн саналын хүрээнд хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Н...ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зөв байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь олон нийтийн аюулгүй байдал буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн ухамсарт хортойгоор нөлөөлдөг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулдаг гэж үздэг.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй, харин мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэмжээ, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н...эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны үед хураан авсан ургамал мэт зүйлийг зохих журмын дагуу устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ...н ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н...эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эд мөрийн баримт болох Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны үед хураан авсан ургамал мэт зүйлийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
  7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР