| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00266/И |
| Дугаар | 146/ШШ2016/00309 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2016/00309
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, Чочийх овгийн Нанзадын Цэрэндашийн хүсэлттэй,
Садан төрлийн холбоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Цэрэндаш шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Нанзад овогтой Цэрэндаш миний эцэг гавж Нанзадын Гончиг нь бага залуудаа хийдэд шавилан сууж байгаад сүүлд Баян-Өндөр сумын Шарбулаг, Улаан чулуу, Халуун ус зэрэг газраар нутаглаж байжээ. Зоч хэмээн хүндлэгддэг Нанзадын Гончиг нь халуун усны рашаанаар эмчилгээ засал хийдэг байсан бөгөөд 1938 онд намайг 3 настай байхад дотоодыг хамгаалахад баригдаад улмаар дээд хэмжээгээр шийтгүүлжээ. Эсэргүүний хүүхдүүд гэж гадуурхагдснаас ээж минь биднийг өвөө Нанзадаар овоглосон. Удалгүй ээж маань нас барж бид өнчин өссөн. Аав минь баригдаад байцаалт өгөхдөө гэр бүлээ хамгаалах үүднээс овгоо өөрчилж өөрийн тахидаг хайрхан Мандалаар овоглосон болов уу. Улаан чулууны зүүн урд талд Мандал гэж одоо тахидаг хайрхан байгаа. Мандалын Гончиг нь 1993 онд цагаатгагдсан байна. Н.Гончиг болон М.Гончигийн баримт материал архиваас олдохгүй байгаа тул Мандалын Гончиг нь миний эцэг Нанзадын Гончиг мөн болохыг тодорхойлж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аавын аав лам байж байгаад эсэргүү гээд баригдсан, 1993 оноос цагаатгагдахгүй байсан ба саяхан Мандалын Гончиг гэж цагаатгадсан ар гэр нь олдохгүй байна гэж дуулаад архиваар шүүлгэхэд мөн олдохгүй байна.Тиймээс энэ 2 хүн нэг хүн болоод байна. Нанзадын Гончиг гэдэг хүний хүүг Цэрэндаш гэж тогтоож өгнө үү гэж шүүхэд хандсан гэв.
Шүүх хуралдаанд прокурор тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын прокурорын газрын хнналтын прокурор Д.Бат-Өлзий би, Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зуйлийн 16.1 дэх хэсэг, ИХШХШ тухай хуулийн 31 дүгээр зуйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Өвөрхангай аймгийн Бат-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, Н.Цэрэндашийн хүсэлттэй иргэний хэргийн шуух хуралдаанд оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдээд 1993-02-15-ны өдөр цагаатгагдсан Мандалын Гочинг нь Нанзадын Гончиг байх үндэслэлтэй байна. Учир нь энэ хоэр хүний нас ойроп, аймаг, сум нэгтэй, архиваас Мандалын Гончиг гэж хүний мэдээлэл огт байдаггүй, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдээс Нанзадын Гончиг гэж хүний мэдээлэл байдаггүй зэргээс үзэхэд Мандалын Гончиг/ Нанзад/ нь Нанзадын Цэрэндашийн эцэг мөн болох нь УАБ-ын хангах газрын тусгай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн бугд хурлын тогтоол, Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын үндэсний төв архивын лавлагаа, Н.Цэрэндашийн тайлбар хүсэлт, Батсүх, Нямхорлоо, Дондоз, Доржпалам нарын тайлбар зэргээр нотлогдож байх тул ИХШХШ тухай хуулнйн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар Н.Цэрэндашийн гаргасан хусэлтийг хангах ундэслэлтэй байх тул Н.Цэрэндашийг Мандалын Гончиг /Нанзад/ ийн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэж баыйна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Цэрэндаш нь “Садан төрлийн холбоо тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.Цэрэндашийн эцэг Нанзадын Гончиг нь Мандалын Гончиг болох нь 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн цагаатгалын гэрчилгээний хуулбар, 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн БНМАУ-ын Дээд Шүүхийн магадлал, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 62/3234 Тагнуулын Ерөнхий Газрын архивын лавлагаа, Үндэсний төв архивын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/95 тоот архив, Төв аймгийн архивын тасгын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 153 тоот тодорхойлолт, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал “цагаан ном” 3 дугаар ботийн 309 дүгээр хуудас, гэрч Ц.Дондов, Ц.Доржпалам, Б.Батсүх, Р.Нямхорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Чочийх овгийн Нанзадын Цэрэндоржийг Мандалын Цэрэндорж мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН