Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 0010

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч С.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905044561244 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 6-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 0-0 тоотод оршин суух,

ял шийтгэл: 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

НМ000000 дугаарын регистртэй, Баатад овогт С.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Б 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Эмэгтэйчүүдийн хийд”-ийн орчимд хохирогч Н.О-гийн нүүрэн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн чихний урд гадаргуун хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид одоогоор мөнгө төгрөг өгөөгүй. Хохирогчид 200.000 орчим төгрөгийн зардал гарсан гээд байна, энэ мөнгийг нь өгөөрэй гэж мөрдөн байцаагчийг хэлэхээр нь хохирогчтой холбогдож ярьтал чи намайг доромжлоод байгаа юм уу гэхээр нь дахин холбогдоогүй. Хохирлыг төлөх болно гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н.О “… 2019 оны 11 дүгээр сарын 04-нд би найз Цэрэнбат, Мөнхбат нарын хамт “Модны-2” хажууд байрлах “Цэ” паабын өмнө машинаа байрлуулаад “Модны-2” автобусны буудлын ард байрлах “Лакс” нэртэй караокед 00 цагийн үед ороод хүн тус бүрийн 2 шил пиво авч уугаад, 2 цаг дуулаад юм ярьж суусан. 02 цаг өнгөрч байхад уг караокеноос гараад “Модны-2”-ын зам дагуу 4 зам чиглэлтэй уруудаад замынхаа баруун талаар уруудаж явахад “Хийд”-ийн орчим үл таних 2 залуу сууж байсан. Тэгээд урдуур нь өнгөрөхөд хойноос ална гээд босоод ирэхэд нь гайхаад эргээд хартал намхан шар залуу нь гартаа 2 ширхэг хутга барьчихсан хойноос дөхөөд ирсэн. Тэгэхээр нь би хүрмээрээ холдуулах зорилгоор цохисон, тэр үед нөгөө намхан шар залуу болон өндөр залуу хоёулаа над руу дайрсан. Нэг мэдсэн чинь миний зүүн шанаа хэсэг зүсэгдчихсэн байсан. Тэгэхээр нь би тэр залууг доош газар руу дарж унагааж байхад эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаад өргөдөл бичиж өгсөн. Намхан шар залуу хутгатай байсан болохоор намхан шар залуу нь учруулсан байх гэж бодож байсан. Харин өндөр бор залуу нь гартаа хутгагүй байсан” /хх-н 16-18/ гэж,

гэрч Т.Ц “... караокеноос гараад “Модны-2”-ын замаар доошоо уруудаад явж байхдаа таньдаг хүнтэй таараад Мөнхбат, Н.О нараас нэлээн урд явж байгаад машиныхаа хажууд ирээд эргээд хартал Мөнхбат миний хойноос ирээд “Н.Ог хүн хутгалчихлаа” гэхээр нь машинаас алчуур аваад буцаад ирэхэд Н.О шанаагаа барьчихсан, үл таних хоёр залууг газар суулгачихсан байсан. Тэр үед замаар цагдаагийн машин явж байхаар нь би хойноос нь цагдаагийн машин дээр очоод, цагдааг дагуулаад ирэхэд Н.О намхан нуруутай залууг нь дараад хэвтэж байсан. Мөн Мөнхбат өндөр залууг нь барьчихсан зогсож байсан. Тэгээд уг цагдаа нар ирээд уг хүмүүсийг гавлаад газар суулгасан. Тэр үед Н.О жижигхэн биетэй залуу гартаа 2 хутга барьчихсан байсан шүү, 2 ширхэг хутгаа өвс рүү шидчихсэн гэж хэлэхээр нь дуудлагаар ирсэн цагдаатай хамт өвсөн дундаас 2 хутгийг нь аваад шороон дээр тавьсан. Мөн түүний хажууд улаан иштэй хутга ирлэгч төмөр байсан. Цагдаа нар нь замын цагдаа нар байсан учир 102 руу миний дугаараас дахин цагдаад дуудлага өгсөн” /хх-н 14/ гэж,

гэрч С.М “... цагаан гарцаар зам хөндлөн гараад “Эмэгтэйчүүдийн хийд”-ийн орчим явж байхад үл таних 2 залуу саадны хажууд сууж байхаар нь урдуур нь гарсан. Араас нэг залуу нь байж бай гэсэн. Тэгэхээр нь хойшоо эргээд хархад Н.О нэг намхан нуруутай, хар өнгийн савхин хүрэмтэй залуугийн гар руу хүрмээрээ шавхуурдсан. Тэр үед Н.Огийн хацарнаас цус гарч байсан. Тэр намхан залуугийн гарт нь 2 ширхэг хар өнгийн иштэй хутга байсан. Тэгээд би машин руу гүйгээд Цэрэнбатад “Н.Ог үл таних хүн хутгалчихлаа" гэж хэлээд машинаас нь арчуур аваад Н.О дээр очсон. Маргалдах шалтгаан байгаагүй, хажуугаар нь гарсан чинь тэр залуучууд “хөөе зогсож бай" гэхээр нь Н.О эргэж түрүүлж гарт нь байсан хутгыг нь хараад шууд хүрмээрээ шавхуурдсан гэсэн. Би бол гарт нь байсныг сүүлд нь анзаарсан. Бид нар тэр залуучуудыг зодож цохьсон асуудал байхгүй, зугтаах гээд байхаар нь унагааж газар чирсэн асуудал бол байгаа” /хх-н 23-25/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Н.О-гийн гэмтэлтэй холбоотойгоор “Н.О-гийн биед зүүн чихний урд гадаргуун хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 13415 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 34/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсгийн чанартай эд зүйл болох хутгыг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд эд мөрийн баримтаар тооцож хураалгүй, буцааж өгснийг буруу гэж шүүх үзэж байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн зэвсэг /хутгыг/ хурааж зохих хууль, журмын дагуу устгалд оруулах нь зүйтэй байсан бөгөөд прокурор, мөрдөгч нар цаашид ийм байдал гаргахгүй байхыг анхааруулья.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал тэрээр урьд өмнө шүүхээр шийтгүүлж байсан байх ба хувийн байдалдаа дүгнэлт хийж байдаг гэхэд эргэлзээтэйгээс гадна хутгаар хүний биед гэмтэл учруулсаныг нь тухайн үйлдлээс үүсэх үр дагавартай холбож үзэх нь зүйтэй.

 

Түүнчлэн бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байхад шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зохимжгүй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.О “... нэхэмжлэл гаргана” гэсэн байх боловч тэрээр хохиролтой холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул шаардлагыг нь хагаж шийдвэрлэх боломжгүй юм.

Гэвч түүний нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баатад овгийн С.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. С.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Н.О-гийн нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. С.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ