Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0049

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн

улсын яллагч Б.Долгион

шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902008710354 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд наадамчдын зам гудамж, 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УШ98061453 дугаарын регистртэй, Боржигон овогт С.Ц

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Ц 2019 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн “Батальон” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9- тетрагидроканнабинол"-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж,

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургуулийн гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.6 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар сургуулийн зүүн талд байрлах автомашины зогсоол дээр 62-74 УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1.114 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2019 оны 7 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол"-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан Богд” хотхоны 204 дүгээр байрны 63 тоотод 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 63.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өмнө нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Мансууруулах төрлийн бодис хадгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Цаашид өөртөө дүгнэлт хийж, анхаарах болно гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Ц-г “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1902008710354 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн “ байхыг шаарддаг ба шүүгдэгч С.Ц-г энэ зүйл хэсгийн “... хадгалсан, ...” гэсэн шинжээр ялласан нь түүнд холбогдох хэргийн үйл баримтад нийцэж байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээс үзвэл “... бэлтгэж” гэж дүгнэснийг нь хадгалсан үйлдэлтэйгээ холбоотой, өөрөөр хэлбэл бэлтгэж байж хадгална гэсэн сэтгэлгээтэй уялдуулж ойлгох нь зүйтэй, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-16/, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-9/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-7, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6009 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн эд, ургамал мэт зүйлс С.Ц, УШ98061453 гэж хаягласан 60 мл хэмжээтэй шээсний дээж нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан бор өнгийн цаастай шавар мэт зүйл хуйлсан AN 4699446 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тал притек, №2 гэж дугаарласан “гоё” гэсэн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан улаан өнгийн гялгар ууттай, дотороо 1-11 хэсэг зиплок түгжээтэй ургамал мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тал притек, Хан-Уул дүүргийн 4 хороо Ханбогд хотхон 204-63 тоотод үзлэг хийх явцад хураагдсан №7 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай ургамал мэт зүйл тус тус дельта-9-тетрагидроканнабинол /THC/ илрэв. Дельта тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.

3. Шинжилгээнд ирүүлсэн “С.Ц, УШ98061453” гэж хаягласан 60 мл
хэмжээтэй шээсэнд
метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол/ТНС/
илрэв.

Метамфетамин /МАМР/, Тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-ын 1971
иы сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг /хх-н 23/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч С.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болохоос гадна нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Ц өөрийн гэм буруутай үйлдлийн талаар маргаагүй, түүний төрсөн эх гэрч Рагчаагийн Туяа “... С.Ц-гийн хувцасны халааснаас жижигхэн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл гарч ирж байсан. Тухайн бүрт нь С.Ц-гөөс асуухад “минийх биш, хүнийх” гэж хариулдаг байсан. Яг мансууруулах бодис хэрэглэж байсан талаар мэдэхгүй. Надад энэ хар тамхи гэх зүйлийн талаар ямар нэгэн мэдэх зүйл байхгүй болохоор тухайн үед нь С.Ц-гийн хувцасны халааснаас гарч ирсэн ургамлыг мансууруулах ургамал гэж мэдээгүй” /хх-н 20/ гэж мэдүүлсэн байдаг.

 

Харин шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “... шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, ... гэхдээ төрсөн эхийнх нь мэдүүлгийг шүүгдэгчийн эсрэг мэдүүлэг болгон ашигласан, ... мөрдөгч, прокурор шүүдэгчийг өөрөөр нь гэм бурууг нь нотлуулсан, ...” гэсэн агуулга бүхий тайлбар-өмгөөллийн үг хэлсэнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Учир нь, шүүгдэгч С.Ц-гийн гэм буруутай үйлдэл зөвхөн түүний өөрийнх нь мэдүүлэг, төрсөн эхийнх нь мэдүүлгээр нотлогдоогүй, бусад нотлох баримтуудаар нотлогдсон, нөгөөтэйгүүр түүний төрсөн эх Р.Туяа өвс, ургамал чухам хаана байсан бэ гэдгийг мэдүүлсэн болохоос биш төрсөн хүүгээ шууд буруутгасан байдлаар мэдүүлээгүй болно.

Мөн мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Цгийн төрсөн эх Р.Туяагаас гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн зохих заалтыг тайлбарлаж сануулсан байна.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт С.Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ц-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал; Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршдог.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенциор зохицуулсан байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

 

Шүүх ял, хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг анхаарах, гэмт хэргээс гарах үр дагаварыг тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлэх, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэйгүүр түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой.

 

Шүүгдэгч С.Ц-гийн хувийн байдалтай холбоотой;

ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хэдийгээр уг гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар ихтэй боловч шүүгдэгч С.Цгийн хувийн байдлыг харгалзан түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа хорих ялыг хамгийн доод хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч С.Ц-д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Ц цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “…№1 гэж хаягласан бор өнгийн цаастай шавар мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тал притек, №2 гэж хаягласан “гоё” гэсэн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан улаан өнгийн гялгар ууттай, дотроо 11 хэсэг зиплок түгжээтэй гялгар ууттай ургамал мэт зүйл, №6 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тал притек, №7 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай ургамал мэт зүйл” зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тухайн байгууллагаар устгуулах, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг “Монгол банк”-д хүргүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт С.Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. С.Ц цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “…“…№1 гэж хаягласан бор өнгийн цаастай шавар мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тал притек, №2 гэж хаягласан “гоё” гэсэн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, №5 гэж хаягласан улаан өнгийн гялгар ууттай, дотроо 11 хэсэг зиплок түгжээтэй гялгар ууттай ургамал мэт зүйл, №6 гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тал притек, №7 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай ургамал мэт зүйл”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгахыг тухайн байгууллагад даалгаж,

хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг тухайн байгууллагаар дамжуулан “Монголбанк”-д хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Ц-г цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ