Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0050

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч Ц.Б

хохирогч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905042661313 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 6 дугаар сарын 23-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагоны засварчин мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигч вагоны депод засварчин ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 29 дүгээр гудамжны 58 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар, Тоосгоны 0-0 тоотод оршин суух,

ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

ЧР000000дугаарын регистртэй, Тайж овогт Ц.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.Б 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Гурвалжин” худалдааны төвийн орчимд хохирогч Б.Б-г цамцаа урсан гэх шалтгаанаар марган нүүрэн тус газар цохиж, өшиглөн баруун талын эрүү ясны далд хугарал буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа цайны цагийн үеэр гараад 32 дугаар байранд байрны мөнгө тушаагаад 2 машины заагаар гарч байгаад цамцаа урчихсан юм. Тэгээд би “ээ пизда, цамцаа урчихлаа” гэж хэлтэл миний ар талд Б.Б байсан байна лээ. Намайг тэр үед би ураагүй лаларын банди гэж доромжилсон. Бид хоёр маргалдаад Гаалийн хашаа руу гараад би Б.Б-г 2 удаа түлхэж унагасан. Миний араас хөгшин банди минь чамайг алаад хаячихья гээд ирэхээр нь шанаа руу нь цохичихоод яваад өгсөн.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан буюу эрүү ясны хугарал гэдгийг би учруулсан талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд гэж 900.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь аль болох даруй өгнө. Гэмт хэрэгт холбогдсон талаараа ажлын газартаа болон гэр бүлдээ хэлээгүй, нуучихсан. Миний хувьд цалингийн зээлтэй байдаг. Боломжоороо 900.000 төгрөг өгсөн. Харин удахгүй, 2 дугаар сард манай ажлын 13 дахь сарын цалин буух юм. Тэгэхлээр үлдэгдэл 300.000 төгрөгийг нь өгөх болно. Тухайн үед би архи уугаагүй, эрүүл байсан гэв.

 

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би “Гурвалжин” дээр машин барьдаг. Уг үйл явдал болсон тэр өдөр дүүдээ машинаа өгч явуулчихаад хөзөр тоглож байгаа жолооч нарыг хараад зогсож байсан. Гэтэл энэ ах ирээд пизда, амьсгаа цамц ураад хаячихлаа гээд байхаар нь би нэг хоёр үг хэлтэл маргалдаад, муудалцсан. Замын цаашаа гараад хэрэлдээд байж байтал намайг доромжилсон. Тэгээд Гаалийн хашаа руу орьё гэхээр нь дагаад явж байтал эргэж хараад намайг зодсон. Би цохиулчихаад тонгойтол намайг дахиад цохисон. Жаахан ухарч байгаад нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед би архи бага зэрэг уусан байсан. Гэхдээ эмнэлэг рүү өөрөө явж очсон. Гэмтэл рүү очиход шүдээ зууж болохгүй байсан. Эрүү хугарсан байна, томографид харуул гэж эмч хэлсэн. Эхнэр хөдөө явсан байсан учраас маргааш нь ирэхээр нь очиж харуулсан.

Гомдолтой байна. Би 1.250.000 төгрөг нэхэмжилсэнээс 900.000 төгрөг авсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу үлдэгдэл 300 хэдэн мянган төгрөгөө өнөө маргаашгүй авмаар байна. Би ч гэсэн банкны зээлтэй хэцүү байна. Зээлээ төлөөд өөртөө эмчилгээ хийлгэж чадаагүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.Б “… 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гурвалжин худалдааны төвийн үүдэн дээр зогсож байтал нэг төмөр замын ажлын хувцастай нэг эрэгтэй хүн миний хажуу талд ирж зогсоод гэнэт надруу цамц урагдсан байна гэхээр нь би цамцыг чинь урсан юм уу гэтэл тэр хүн би чамайг хэлсэн юм уу пиздаа минь гэж хэлээд маргалдаад бие биеийгээ харааж, тэгтэл тэр хүн намайг татаад хоёулаа замын нөгөө талд гаръя гэхээр нь би тэрийг хүнийг дагаад гурвалжингийн гүүрний зүүн талд гарч, тэр хүн намайг дагуулаад гаалийн хашаа руу оруулаад намайг заамдахаар нь би тэр хүнийг зөрүүлээд заамдаж байгаад бид хоёр тавилцаад байж байтал тэр хүн шууд намайг цохиод доошоо суутал дахиж нүүр лүү цохиод, дараа нь миний нүүрлүү өшиглөөд яваад өгсөн.

Хохирлын 900.000 төгрөг хүлээн авлаа. Үлдэгдэл 300.000 төгрөгийг 2020 оны 3 сард авахаар боллоо. Одоо гомдол санал байхгүй” /хх-н 16-19,   / гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Б-гийн гэмтэлтэй холбоотойгоор “Б.Бгийн биед баруун талд эрүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр
хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
гэсэн 12937 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 26/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтын талаар талууд маргаагүй бөгөөд шүүгдэгч Ц.Б 900.000 төгрөг төлсөн, “... үлдэгдэл 300.000 төгрөгийг 1, 2, 3 дугаар сард авахаар боллоо” гэж харилцан тохиролцжээ.

 

Шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

        ТОГТООХ нь:

 

1. Тайж овогт Ц.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ц.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б гомдолтой, гэснийг дурдаж,

эд мөрийн баримтааар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 305.896 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ