| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00292/И |
| Дугаар | 146/ШШ2016/00310 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2016/00310
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар багт оршин суух, Монгол овгийн Борхүүгийн Пүрэвжавийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Пүрэвжав шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Миний бие Б.Пүрэвжав нь 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн одоо 50 нас хүрч тэтгэвэрт орох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааг баримт байхгүйн улмаас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд Сумын “Улаан туг” нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Пүрэвжав нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Пүрэвжав нь 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаантуг” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 тоот архивын лавлагаа, гэрч С.Батмөнх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Монгол овгийн Борхүүгийн Пүрэвжавийг 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаантуг” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН