| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0077/Э |
| Дугаар | 0079 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 0079
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Б....нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б....д холбогдох эрүүгийн 1908 06319 0011 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ...оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Чулуут овгийн ...ы .../РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б....нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б....ийг зодож, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины, хамрын нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Б....ийн мэдүүлэг /хх11-12/, гэрч Ш....ын мэдүүлэг /хх17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай дүгнэлт /хх20-21/, Б....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх53/, ял шалгасан хуудас /хх52/, Б....ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44-45/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б....ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б....ийн “...Би ...ы ...тай гэр бүл болоод 3 жил болж дундаасаа 1 нас 7 сартай охинтой, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ...байр түрээслээд 1 сар гаруй болж байна. Сүүлийн үед Б....архи согтууруулах ундаа байнга хэрэглээд нэг уухаараа 3-4 хоног тасралтгүй ууна, 10 гаруй хоног уухгүй байж байгаад уухдаа 3-4 хоногоор архи уугаад байсан, бага насны нялх хүүхэдтэй учраас цагдаагийн байгууллагад хандаж архины албадан эмчилгээнд хамруулах гэсэн. Хорооны байцаагч шүүхээр оруулах гэтэл шүүх эмчилгээнд явуулахгүй гээд буцаасан. Архи уухаараа агсан зантай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ...намайг ажлаасаа ирэхэд хүүхдээ цэцэрлэгээс авсан согтуу байсан. Би тэгээд чи архи уусан юм уу? алив үнэртье гэхэд үнэртэхгүй байсан. Тэгэхээр өглөө архи уусан бололтой. Надаас 2000 мянган төгрөг өгчих гэхээр байхгүй гээд маргалдсан. Намайг замын цагдаагийн хэлтэс лавлагаа авчир гэсэн гэж хэлсэн. Би уурлаад чи архи уухгүй эрүүл байж чадахгүй байна уу? гэж хэлтэл би нээх уугаагүй гээд маргалдсан. Би ямар лайтай юм бэ? гэж хэлтэл түлхэж унагаагаад унасан байхад хамран тус газар 1 удаа цохисон. Хамар өвдөөд манараад 2 нүд хөхрөөд хавдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нөхрийг аваад явсан.” гэх мэдүүлэг, /хх11-12/
2. Гэрч Ш....ын “...... овогтой ...нь миний төрсөн ах эх нэгтэй, эцэг ондоо учраас овог өөр байдаг боловч багадаа ээж ...тэй ах ...тай хамт өссөн. Багаасаа төрсөн ахаа гэж дуудан өссөн. Ах ..., Б.... гэх эмэгтэйдээ суугаад 3 жил болж байна....тэй сууснаас хойш анх түрээсийн байр түрээслэж тусдаа амьдардаг болсон. Саяхан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ...байр түрээслээд удаагүй байгаа юм. Б...., Б....хоёртой 2017 оны 03 дугаар сараас 06 сар хүртэл 3 сар гаруй хугацаанд 21 дүгээр хороололд байр түрээслэж амьдарч байхад нь хамт амьдарсан. Хоорондоо хэрэлдээд байдаггүй. ....Одоогоос 1 сарын өмнө ...ах өөрөө ах нь архи уусан үедээ эгч ...тэй маргалдаад биеэ барьж чадахгүй 1 удаа цохисон гэж хэлж байсан. Би тухайн үед та яаж байган бэ? Уучлалт гуйсан уу? гэхэд гуйсан эвлэрсэн гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх17-18/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай “Б....-н биед хамрын ясны хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины, хамрын нурууны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх20-21/
4. Б....ын яллагдагчаар өгсөн “...Би ... гэх эмэгтэйтэй гэр бүл болоод 3 жил болж байна. Дундаасаа 2018 онд охинтой болсон. Гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ...түр оршин сууж байгаа уг байрыг түрээслээд 1 сар болж байна. Урд өмнө бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо хайрхан 2-300 тоотод нийтийн байранд амьдарч байсан. Би хувиараа халтуур хийдэг хааяа нэг архи уухаар эхнэр уурладаг, тэгээд бид хоёр хоорондоо маргалддаг. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз гэрт ирхээр нь нийлж пиво уусан. Дахиж уухгуй гээд найзыгаа явуулаад орой охиноо аваад гэртээ ирээд хоол ундаа хийж байтал эхнэр ажпаасаа ирсэн. Ирээд намайг чи архи уусан байна яагаад архи уудаг юм бэ? гээд маргалдсан. Намайг толгой руу цохиод үстээд байхаар нь чи одоо болиоч гээд түлхэх гэж байгаад нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Хамар нь хавдаад 2 нүд рүү хавдаад хөхөрсөн. Эхнэр уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тухайн өдөр саатуулагдсан. ...Маргааш нь манай эхнэр намайг саатуулахаас аваад бид хоёр хоорондоо эвлэрсэн. Шүүх эмнэлгийн 188 дугаартай дүгнэлтээр учирсан гэмтлийг би ...т учруулсан...” гэх мэдүүлэг /хх44-45/
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.....
Шүүгдэгч Б....нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б....ийг зодож, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины, хамрын нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б....ын үйлдлийн улмаас хохирогч Б....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаартай “Б....-н биед хамрын ясны хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Мөн хохирогч Б...., шүүгдэгч Б....нар нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй боловч 3 жил хамтран амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б....нь хохирогч Б....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Хохирогч Б.... нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б....ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хайчийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ы ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....д 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР