| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0157/Э |
| Дугаар | 0057 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 0057
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Ц....,
шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч Т.Ганболд,
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00000 0620 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтгүй,
Бодончир овгийн ...гийн ... /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.... нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...байрны орцны үүдэнд иргэн Ц....ын толгой болон нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, улмаар Т....тэй бүлэглэн Ц....ын хувцасны халааснаас нь самсунг эс-7, нокиа маркын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэний улмаас 330.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-5/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх6/, хохирогч Ц....ын мэдүүлэг /хх10-11/, гэрч О....гийн мэдүүлэг /хх14-15, 41-42/, гэрч Ц....ийн мэдүүлэг /хх80/, гэрч И.......ийн мэдүүлэг /хх83-84/, гар утасны дугаар эзэмшигчийн талаарх тодорхойлолт /88-89/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх17/, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх44/, шүүгдэгч С....гийн Сэтгэлзүйн шинжилгээний дүгнэлт /хх174-180/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 579 дугаар тогтоол /хх182-185/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох бусад баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...иргэн Ц.... нь намайг энд дээрэмдсэн гэж орцны хаалганы чанх баруун харалдаа байрлах модон сандалны урд талыг зааж байсныг шинжээч бэхжүүлж авлаа. Уг зааж буй газарт шороон дээр хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэж тусгажээ. /хх4-5/,
2. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудаст “...иргэн ... овогтой ...ыг (СХД-ийн ...байр ...тоот оршин суугчийг) С...., Т.... нар нийлж тархин тус газарт хагалж 2 утас дээрэмдсэн байсныг барьж СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгөв” гэжээ. /хх6/,
3. Хохирогч Ц....ын “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орой 20 цагийн үед ... Сонгинохайрхан дүүргийн ...байрныхаа гадаа ...орцны урд талын сандал дээр тамхи татаад сууж байтал гэнэт 50 орчим насны, нүүрэн дээрээ соривтой эрэгтэй хүн, 40 орчим насны, 170 см орчим нуруутай эрэгтэй хүнтэй хамт над дээр хүрч ирээд үг хэлж амжаагүй байхад нүүрэн дээрээ соривтой залуу нь шууд миний дагзан хэсэгт цохиж аваад үргэлжлүүлээд 2-3 удаа нүүрэн тус газар цохисны дараа хажууд талаас нь нөгөө өндөр залуу нь надад тулж ирээд шууд намайг багалзуурдаж байгаад “чи яагаад найзын гар утсыг авсан юм бэ” гэж хэлэхдээ миний гадны талын хувцсыг нэгжиж байгаад гадна халааснаас нь самсунг эс-7 загварын гар утас, дотор халааснаас нь нокио загварын доошоо сөхөгддөг гар утсыг минь тус тус авчихсан. Яг тэр үед ... байрны орцны жижүүр эгч ... гэж хүн явж таараад “хөөе та нар болиоч, хүн аллаашдээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх10-11/,
4. Гэрч О....гийн “...байрны гаднах сандал дээр зүс таних залуу сууж байсан. Тэгээд нөгөө сууж байсан залуу дээр зүс үл таних 2 залуу очоод хацар нь сонин 50 орчим насны хөгшин эрэгтэй хүн очоод үгийн зөрөөгүй цохиод байх шиг байсан. Тэгтэл ...хамт явж байсан 40 орчим насны өндөр залуу нь нөгөө сандал дээр сууж байсан залууг хоолойноос заамдаж боогоод чи миний найзын гар утсыг гаргаж өг гээд цээж рүү нь цохиод байхаар нь би очоод болиоч та нар ямар хаашаа юм гэж хэлсэн...би тухайн дээрэм хийх гэж байсан залуучуудыг сайн мэдэхгүй тэдгээр нь Драгон төв дээр л үе үе архи уугаад яваад байдаг бөгөөд харин хохирогч залуу нь манай ...байрны оршин суугч гэдгээр мэднэ...нүүрэн дээрээ сорвитой эрэгтэй нь ... ахын дагз руу нэг удаа, нүүрэн тус газар нь гурван удаа тус тус гараараа цохиж аваад, нөгөө нэг 40 орчим насын эрэгтэй нь тулж очиж багалзуурдаж байгаад халааснаас нь нэг ширгэх мэдрэгчтэй утас, нэг ширхэг товчлууртай гар утас ухаад авчихсан...Би хажуунаас нь сайн харж байсан юм...” гэх мэдүүлэг /хх14-15, 41/,
5. Гэрч Ц....ийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед ...байрны ... тоот гэрээсээ нөхрийн хамт эмийн сан орох гээд гарч яваад үүдэнд найз ...тай таартал “найз нь хүнд зодуулаад тархиа хагалуулж 2 гар утсаа дээрэмдүүлчихлээ, яг та хоёртой уулзах гэж байлаа” гээд манай орцонд байж байсан. Тэгэхээр нь би дагзных нь цусыг арчиж өгөөд юу болсон талаар асуугаад дагуулж гартал “намайг золсон хүмүүсийг ...орцны жижүүр таниад байх шиг байсан” гэж хэлэхээр нь ...байранд очиж ... гэх орцны жижүүртэй уулзаад дөрвүүлээ хамт ойр хавиар хайж яваад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо шилэн Драгоны урд талд архи уугаад сууж байсан 2 залууг нөгөө орцны жижүүр эмэгтэй энэ 2 яг мөн гэж зааж өгөхөөр нь манай нөхөр барьж аваад тэр хавьд эргүүл хийгээд явж байсан 2 эргүүлийн цагдаад барьж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх40/,
6. Гэрч И.......ийн /хохирогчийн төрсөн эх/ “...Ц.... нь самсунг эс-7 маркийн хоёр сим ордог, цагаан өнгийн гар утас, нокиа маркийн, улбар шар өнгөтэй дээшээгээ дэлгэгддэг товчлууртай утастай. Миний хүү самсунг маркийн гар утсандаа ...дугааруудыг, нокиа маркийн гар утсандаа ... дугаарыг тус тус хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх84/,
7. Гар утасны дугаар эзэмшигчийн талаарх тодорхойлолтод “Ц.... нь ..., ...” эзэмшиж байсан болохыг тодорхойлжээ. /хх88-89/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12649 дугаар дүгнэлтэд “Ц....ын биед дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх17/,
9. “Дамно” ХХК-ийн Эд зүйлийн үнэлгээний дүгнэлтэд самсунг е-7 маркийн гар утсыг 315.000 төгрөгөөр, нокиа маркийн гар утсыг 15.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх44/,
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч С.....
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэн үзэхэд,
- 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн оройн 20 цагийн үед шүүгдэгч С.... нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ “өөрийн гар утсаа бусдад алдлаа, тэр сууж байгаа хүн мөн байна” гэж танил Т....д ойлгуулан, түүний хамтаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...байрны орцны үүдэнд сууж байсан хохирогч Ц.... дээр очсон. Улмаар шүүгдэгч С.... нь хохирогч Ц....ыг толгой, нүүрэн тус газар нь цохиж, Т.... нь хохирогчийн биед байсан хоёр ширхэг гар утсыг авч явсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, үйл явдлыг шууд харсан гэрч О....гийн “...нүүрэн дээрээ сорвитой эрэгтэй нь ... ахын дагз руу нэг удаа, нүүрэн тус газар нь гурван удаа тус тус гараараа цохиж аваад, нөгөө нэг 40 орчим насын эрэгтэй нь тулж очиж багалзуурдаж байгаад халааснаас нь нэг ширгэх мэдрэгчтэй утас, нэг ширхэг товчлууртай гар утас ухаад авчихсан...Би хажуунаас нь сайн харж байсан юм... чи миний найзын гар утсыг гаргаж өг гээд цээж рүү нь цохиод байхаар нь би очоод болиоч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон хохирогч Ц....ын “...тамхи татаад сууж байтал гэнэт 50 орчим насны, нүүрэн дээрээ соривтой эрэгтэй хүн, 40 орчим насны, 170 см орчим нуруутай эрэгтэй хүнтэй хамт над дээр хүрч ирээд үг хэлж амжаагүй байхад нүүрэн дээрээ соривтой залуу нь шууд миний дагзан хэсэгт цохиж аваад үргэлжлүүлээд 2-3 удаа нүүрэн тус газар цохисны дараа хажууд талаас нь нөгөө өндөр залуу нь надад тулж ирээд шууд намайг багалзуурдаж байгаад “чи яагаад найзын гар утсыг авсан юм бэ” гэж хэлэхдээ миний гадны талын хувцсыг нэгжиж байгаад гадна халааснаас нь самсунг эс-7 загварын гар утас, дотор халааснаас нь нокио загварын доошоо сөхөгддөг гар утсыг минь тус тус авчихсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.... нь гар утас эзэмшдэг байсан болохыг гэрч Ц....э, И....... нарын мэдүүлгээр болон холбогдох дугаар эзэмшиж байсанг үүрэн телефоны байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Мөн хохирогчийн 2 ширхэг гар утсыг “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлтэд дурдсанаар 330.000 төгрөгөөр үнэлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.... нь хохирогч Ц....ыг хүч хэрэглэн зодож, Т....гийн хамтаар түүний гар утсыг авсан байх тул дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ...авахаар довтолсон”-оор төгс үйлдэгдсэн, үйлдлээ бүлэглэн гүйцэтгэсэн байх тул энэ талаарх улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өөрийнхөө эд зүйлийг авч байна гэж хохирогчид хүч хэрэглэсэн нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлөн андуурсан үйлдэл гэж үндэслэлтэй ч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд авч хэлэлцэх асуудал болно.
Иймд шүүгдэгч С....г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн, гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С....гийн хохирогч Ц....ыг цохисон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд “...биед дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, доод уруулд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12649 дугаар дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгчийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” заасны тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 579 дугаар шийтгэх тогтоолоор Т....гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнг дурдаж байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Хохирогч Ц.... нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. Оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Шүүдэгчийн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхцөл байдлыг андуурч гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С....д холбогдох гэмт хэрэг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгджээ.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хувьд “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч С....гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрт тус тусд нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгчид холбогдох Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзлээ.
Шүүгдэгч С....гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дах заалтад заасан “учруулсан хохирлын нөхөн төлсөн”, 1.6 дах заалтад заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1092 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “...С....гийн ойгүйдлийн хам шинж арилсан гэж үзэж байна ...одоо “Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, шинж тэмдэгийн цөөн уналт” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. С.... нь болсон хэргийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.... нь хохирогчоос гар утас авсан үйл баримттай маргаагүй, түүнийн хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, дээр дурдсан хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С....д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...гийн ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С....д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР