Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 64

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Г-ийн С-т холбогдох 2035000570049 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Г-ийн С 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн салбар, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 24-14а тоотод оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, регистрийн дугаар:.............

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.С нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Чингис” зочид буудлын гадна 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой иргэн Ч.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000570049 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ч.С-гийн “...Буудлын хаалгаар гаргаж байтал шатны хэсэгт тэр 2 залуугийн намхан залуу нь миний хувцаснаас татаад бид 3 цуг гадна шатнаас газарт буусан. Тэгсэн уг намхан залуу намайг түлхэж газарт унагасан, тэгээд нэг гараараа миний хоолойноос базаж барьсан. Ингэж базахад уг залуугийн гарын хумсанд миний хоолойн хэсэгт маажигдаж хорсож өвдсөн. ...Тэхээр нь би буцаагаад түлхсэн. Тэр үед нөгөө 1 залуу зайнаас маргалдаад байсан. Тэр үед намхан залуу дахиад миний биед халдаж, хөлөөрөө миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгчхээд намайг заамдаж барих гэж байгаад цамцнаас атгагдаад хумс нь миний цээжний хэсэгт маажигдсан. Тэгээд миний цамцнаас татаад миний нүүр лүү 1 удаа мөргөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарахаар нь би дээш хараад цусаа тогтоож байтал гараараа миний толгой руу 2 удаа цохисон. Тэр үед машин дотор суусан охин бууж ирээд бид хоёрын дундуур ороод нөгөө залууд “чи яагаад эмэгтэй хүүхэд цохиод  байгаа юм” гэж уурлаад татаад надаас холдуулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

2. Гэрч С.Н-ын “...Тэгтэл Э-тэй цуг явсан С нь бид хоёр луу ирээд дүү С-тай маргалдаж зууралдан газарт дарж унагаагаад хоолойг нь базаж боох шиг  болсон. Тэр үед уг 2 залуутай хамт явсан 1 охин бид нар луу ирээд Сыг салгаад авсан. ...С утсаараа цагдаад дуудлага өгсөн чинь С нь С руу очоод бас барьцалдаж, дүүг түлхэж цохих шиг болсон. Тэр үед С “хамар хугалчлаа, цус гарч байна” гэж орилохоор нь би дөхөөд очоод харсан чинь Сгийн хамраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

3. Гэрч Б.У-ийн “...Би хэн хэнийхээ биед хэрхэн халдаж цохисныг нь хараагүй Ямар ч байсан учир зүггүй хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэр их маргааны үед би утсаар ярьж байгаад эргээд нөгөө хэд рүү очтол нэг эмэгтэй нь “найз чинь намайг цохилоо” гээд байсан ба хэнээр цохиулснаа хэлэхгүй орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “...Үзүүлэгч Ч.С-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хүзүү, цээж, зүүн сарвууны ард зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зүүн зулай хуйх, хүзүүний хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 177 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Г.С-ын яллагдагчаар өгсөн “...Буудлын гадна гараад буудлын ажилчидтай үргэлжлүүлэн маргалдсан. Үүнээс хойш архиндаа согтож, манаран яг юу болсон, ямар үйл болсныг санахгүй байна. Уг маргааны явцад би буудлын ажилтан С-гийн биед халдан цохиж гэмтэл учруулсан байсан...” /хх-ийн 52-53 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Г.С нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Чингис” зочид буудлын гадна 2020 оны 02 дугаар сарын 25-ны орой иргэн Ч.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.С нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч хохирол, хор уршгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Ч.С-гийн “...Миний хамар хугарсан, зарим газарт маажигдсан гэмтэл учирсан. Намайг цохисон залуу надаас ирж уучлалт гуйж, эмчилгээний зардал 600’000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад нэхэмжлэх хохирол байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.С-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Г.Д /хх-ийн 41-42 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч А.А /хх-ийн 43-44 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, Увс аймаг хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Г.С нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Г-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан Г.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Ялтан Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА