Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 01476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

               Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн Залуус хотхон 22 дугаар байр 25 тоотод оршин суух, Сэдэд овгийн Данаагийн Оюунчимэгээс гаргасан

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016-12-02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюунчимэг, гэрч Ц.Бямбасүрэн, Д.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Д.Оюунчимэг миний бие 2004 оноос Ц.Баяржавтай хамт амьдарсан. Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Нөхөр маань 2016 оны 08 сард Солонгос улсад ажиллахаар гарсан, гэтэл өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэнэт нас барсан байна. Ар гэрээс нь хүн заавал очих шаардлагатай болоод Солонгос улсын элчинд хандахад шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд биднийг 2004 оноос хамт амьдралтай байсныг яаралтай тогтоож өгнө үү, учир нь би Солонгос улс руу яаралтай явах болсон гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний үнэмлэхний хуулбар, ам бүлийн тодорхойлолт, гэрч Ц.Бямбасүрэн, Д.Эрдэнэбат мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав..

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Оюунчимэг, Ц.Баяржав нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулахгүйгээр 2004 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч байсан бөгөөд Ц.Баяржав нь 2016-12-01-ний өдөр нас барсан болох нь иргэний үнэмлэхний хуулбар, ам бүлийн тодорхойлолт, гэрч Ц.Бямбасүрэн, Д.Эрдэнэбат мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,хоорондоо зөрүүгүй дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач хологдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.                

Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т заасныг баримтлан Д.Оюунчимэг, Ц.Баяржав нар нь хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                  

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН