| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2016/00288/И |
| Дугаар | 146/ШШ2016/00312 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2016/00312
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, Гуа 6-1-2 тоотод оршин суух, Баасан овгийн Ганболдын Баасанд холбогдох 228.000 төгрөг гаргуулахыг хүссэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дөл ХХК нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулж Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авсан. Энэхүү гэрээнд Г.Баасан нь хамрагддаг гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл Г.Баасан нь гэрээний үүргээ үл биелүүлэн 225.000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Г.Баасангаас төлбөрийн үлдэгдэл болох 225.000 төгрөг, нотариатын зардалд 3.000 төгрөг нийт 228.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж 7.490 төгрөгийг төлсөн болно...” гэжээ.
Хариуцагч Г.Баасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа
“...Ганболд овогтой Баасан миний бие “Скайтел” салбараас гар утас авсан. Авсан утас маань эвдэрээд салбарт нь буцааж өгөх гэсэн чинь гэрээ хийгдсэн буцааж болохгүй засварт явуулаад өгье буцаж ирээд хэд хонгийн дараа дахиж ирээд хоёр гурван хонгийн дараа дахиж эвдэрээд дахиад салбарт нь очоод утас болохгүй байна буцааж болох уу гэхэд гэрээ хийгдсэн болохоор буцааж болохгүй гэсэн. Энэ утасны төлбөрийн тал хувь болох 114.000 төгрөг төлөх боломжтой байна...” гэжээ.
Хариуцагч Г.Баасан нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа
“...Миний бие “Скайтел” ХХК нэхэмжилсэн 228.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5038003478 тоот дансанд тушаасан болно. Жич: тушаасан баримтыг хавсаргав...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Бямбасүрэн миний бие “Скайтел” компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн болно. Нэхэмжлэлийн хариуцагч Г.Баасан нь “Скайтел” компаний төвийн дансанд утасны төлбөр болох 228.000 төгрөгийг төлснийг нотолж төв компаниас утсаар мэдэгдсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Г.Баасанд холбогдох 228.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Баасан нь “Скайтел” ХХК-д төлөх 228.000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Баасан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 228.000 төгрөгийг хариуцагч Г.Баасан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Баасангаас 3745, орон нутгийн төсвийн орлогоос 3745 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7490 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА