| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0543/Э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2019-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 548
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга ............,
Улсын яллагч Ц.О,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн ..........овогт С Бд холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич инженер мэргэжилтэй, ................. ажилладаг, ам бүл .... эхнэр, ......... хүүхдийн хамт ...............тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Овоо овогт С Б /РД:............../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Гарден сити” хотхоны 1001-106 тоот өөрийн гэртээ эхнэр Э.Жтай гэр бүлийн маргааны улмаас зүй бус харьцаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн нүүр, толгой, гар, хөл рүү нь зодож эрүүл мэндэд нь “толгойн дагз хэсгийн хуйх, цээж, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч С.Ж мөрдөн байцаалтын шатанд "... 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө манай гэрийн гадна хүүхдийн баярын арга хэмжээ болж байсан, манай нөхөр Б нь хоёр хүүхдээ гарч баяртаа оролц гээд загнаад байсан би хүүхдүүдээ өмөөрөөд бид хоёр хоорондоо маргалдсан бөгөөд эвээр хэлээд ойлгохгүй байсан ба Б хүүхдүүдээ хөөж гаргах гээд байхаар нь Бий цээж рүү гараараа цохьсон түгжээд байж байтал түлхүүрээр онгойлгож орж ирээд дахиж хөлнөөс татаж толгойгоор шалан дээр унагаасан ба дараа нь надад утсаа өгөөд гэрийнхнийгээ дууд гэхээр нь би хадам аав Бтэй яръя гэхээр нь би Бд утсыг нь өгсөн ба аавтайгаа утсаар ярьж байх хооронд нь би өөрийнхөө утсаар цагдаад дуудпага өгсөн, ... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг…” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18, 20-р хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6859 дугаартай шинжээч эмч ......... “…................ биед толгойн дагз хэсгийн хуйх, цээж, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тоггонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 25-р хуудас/,
Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтын шатанд “…миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор дахин ярих шаардлагагүй, ... би тухайн үед өөрийнхөө уурыг барьж чадаагүйдээ харамсаж байна. Би шүүх эмнэлгийн 6859 дугаартай дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг би Жгийн биед учруулсан, хийсэн үйлдэлдээ харамсаж байна…” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р хуудас/,
Шүүгдэгч С.Бий хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-39/, ял шалгах хуудас / хх-40/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Гарден сити” хотхоны 1001-106 тоот өөрийн гэртээ эхнэр Э.Жтай гэр бүлийн маргааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн нүүр, толгой, гар, хөл рүү нь зодож эрүүл мэндэд нь “толгойн дагз хэсгийн хуйх, цээж, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч С.Бий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлүүлэхээр шийдвэрлэв.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч С.Ж нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ............... овогт С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 600 нэгж буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР