Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2020/0805/з |
Дугаар | 221/МА2021/0267 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2021/0267
“Н д” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Н д” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 10 дугаар зүйлийн 10.9.8, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйл мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.11 дэх зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон “Н д” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0068588 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, харин “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08-027/1242 дугаар албан даалгаврыг” хүчингүй болгуулахыг хүссэн “Н д” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн гүйцэд үнэлж үзэхгүйгээр хариуцагчийн гаргасан тайлбар болон мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж, няцаасан талаар огт дурдахгүйгээр зөвхөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт хэт хөтлөгдөж, нэг талыг барьсан шинжтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Миний бие албан даалгаварыг нэгэнт илэрсэн зөрчилд шийтгэл оногдуулсны дараа уг зөрчлийг арилгуулах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дагуу бичсэн. Шүүхээс дээрх зөрчил гаргасан хуулийн этгээдэд нэг бол албан даалгавар өгөх, эсхүл торгох шийтгэл оногдуулах сонголттой байсан мэтээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. “Н д” ХХК цацрагийн үүсгүүр бүхий рентген аппаратыг хүлээн авсан тухайгаа мэргэжлийн хяналтын болон тагнуулын байгууллагад ажлын 3 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсан зөрчил үйлдсэн нь зөрчлийн хэрэг бүртгэлийн дүнд тогтоогдсон. Зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар албан тушаалтны албан даалгаврыг 3 сарын хугацаатай хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл үйлдсэн зөрчилд нь хуулийн хариуцлагыг оногдуулаад, зөрчлөөс үүдсэн үр дагаврыг арилгах буюу цаашид хуулийн дагуу цацрагийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулахыг тусгасан 10 заалт бүхий албан даалгаврыг хүргүүлсэн. Энэ нь нэг зөрчилд хоёр шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл огт биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай даалгавар өгсөн нь Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлд заасан шийтгэлийн төрөл хэлбэрт хамааралгүй юм. Хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд хийж, зөрчил дутагдлыг арилгуулах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналтыг ерөнхий эмч Б.Ням-Одыг байлцуулан хийхдээ нэр, албан тушаалаа танилцуулан, улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/64 дугаартай удирдамжийн огноо, дугаар, тэргүү, зорилго, үндэслэлээ уншиж танилцуулснаас гадна удирдамжийн нэг хувийг Б.Ням-Одод цаасаар өгсөн. “Н д” ХХК-д тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсан ионжуулагч цацраг гаргагч багаж хэрэгсэл болох рентген аппарат нь цацрагийн үүсгүүрт хамаарна. Ионжуулагч цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл болохыг анхааруулсан шар дэвсгэр дээр хар хошоонгор тэмдэг бүхий Олон Улсын анхааруулах тэмдэг, “АНХААР! тус төхөөрөмжийг ажиллүулах үед рентген цацраг ялгарна гэж 3 орны хэл дээр бичиж анхааруулсан санамж бүхий тэмдэглэгээ тус багаж дээр наалттай байгаа зэрэг нь тус рентген аппарат нь ионжуулагч цацраг гаргадаг багаж хэрэгсэл болохыг маш тодорхой харуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед эрүүл мэндийн салбар, түүний дотор эмнэлгийн үйл ажиллагааг хязгаарлаагүй бөгөөд “Н д” ХХК нь үйл ажиллагаагаа саадгүй явуулж байсан гэх үндэслэлтэй байна. Мөн дээрх хууль болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед бусад хуулийг мөрдөхгүй байх, хуулийг зөрчиж болохыг тусгаагүй. Түүнчлэн ковидын нөхцөл байдлыг далимдуулан зөрчил үйлдсэн этгээдийг өөгшүүлэх, цаашлаад зөрчлөөс үүдэн гарах сөрөг үр дагавруудыг даамжруулах, тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг эрсдэлд оруулах, эрүүл мэндэд нь хохирол учруулах нөхцөл бүрдэж байна. Анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд тодруулбал Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагын зүгээс тухайн тохиолдолд уг хуулийг хэрэгжүүлэх үүрэггүй байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг хуулийг ямар байдлаар хэрхэн зөрчсөн болохыг огт дурдаагүй хирнээ тогтоох хэсэгтээ хуулийн нэрийг буруу зөрүү бичин хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл уг хуульд зөрчил үйлдсэн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх агуулга бүхий заалт огт байхгүй гэж үзэж байна. Шүүх хуралд гэрчээр “Сүки холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Батсүх оролцохдоо 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийлүүлэгч “Сүки холдинг” ХХК- иас “Н д” ХХК-д цацрагийн үүсгүүр бүхий рентген аппаратыг актаар хүлээлгэж өгөхдөө тус рентген аппаратыг мэргэжлийн хяналтын төв байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөлтэйгээр ашигладаг, 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой байдаг талаар амаар тайлбарлаж, бүрдүүлэх материалын жагсаалт болон аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, хөтөлбөр, ослын төлөвлөгөөний загваруудыг жишээ болгон дагалдуулж цаасаар өгсөн талаар ярьсан ба энэ асуудал болон гэрчийн тайлбарыг шийдвэрт оруулаагүй байна. “Н д” ХХК нь цацрагийн үүсгүүр бүхий рентген аппаратыг тусгай зөвшөөрөлтэй ашиглаж, хадгалдаг болохыг мэдэж байсан ч зориуд хууль зөрчин, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэлтэй байна.
“Н д” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайханы 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0068588 дугаар Шийтгэлийн хуудас, мөн өдрийн 08-027/1242 тоот Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0068588 дугаар Шийтгэлийн хуудсаар “Н д” ХХК-ийг “Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа мэдээлж бүртгүүлээгүй, ашигласан” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн 08-027/1242 тоот Эрх бүхий албан тушаалтны даалгавраар 10 төрлийн зөрчлийг арилгуулах хугацаатай даалгавар өгсөн байна.
Анхан шатны шүүх улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0068588 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Тодруулбал,
Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Дараах үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”: 15.3.1 “цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Цацрагийн үүсгүүрийг ашиглахад дараахь шаардлагыг биелүүлнэ”: 36.1.1 “цацрагийн үүсгүүрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор цацрагийн хяналтын болон тагнуулын төв байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх” гэж цацрагийн үүсгүүр ашиглагчийн үүргийг, Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 5-д “Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Цөмийн энергийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлжээ.
Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болохоор, 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахаар зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлэх урьдчилэн сэргийлэх шалгалт хийх тухай” 01/64 дүгээр удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайхан хяналт шалгалт хийх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлэн, зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлт явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасантай нийцсэн байх атал шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явагдсан ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг тайлбарлаж хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Мөн нэхэмжлэгч “Н д” ХХК нь “Сүкэ холдинг” ХХК-иас Va Тech үйлдвэрлэгчийн Vex-250 загварын зөөврийн шүдний рентген аппаратыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авч, зургийн чанарыг сайжруулах зорилгоор нийлүүлэгчид буцаан өгч, эцсийн байдлаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан ч Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасан 3 хоногийн хугацаанд цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдээлж бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдсон, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг бүрэн агуулсан байхад “нэхэмжлэгч гаргасан зөрчлөө арилгах бүрэн боломжтой байсан” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хугацаатай даалгавар өгснийг Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлд заасан шийтгэлийн төрөлд хамааруулан ойлгох боломжгүй байхад “нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн” гэж тус тус дүгнэснийг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-т “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага гарцаагүй байх зарчмыг тодорхойлсон байх тул Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зохицуулалт маргаан бүхий энэ тохиолдолд хамааралгүй, зөрчлийг үгүйсгэх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан “Н д” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайханы 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0068588 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан “Н д” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайханы 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0068588 дугаар Шийтгэлийн хуудас, мөн өдрийн 08-027/1242 тоот Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын: “хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж гомдол гаргагч “Н д” ХХК-д олгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.Тунгалагсайхан
ШҮҮГЧ А.Сарангэрэл
ШҮҮГЧ О.НОМУУЛИН