Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 953

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК, “Э” ХХК-уудын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “тушаал хүчингүй болгуулах тухай” а/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагт зохион байгуулсан цахим системд олгогдсон өргөдлийн бүртгэлийн 8, 43 дугаарт бүртгэгдсэн болохыг тогтоолгож, бүртгэгдсэн цахим дугаарын дагуу “Б” ХХК, “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , М.Б , шүүх хурадааны нарийн бичгийн дарга Т.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ц.О , “Э” ХХК-ийн захирал Д.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд уг бодлогын баримт бичигт нийцүүлэн Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай” хууль хүчингүй болсон.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн/-аар тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг МУ-ын Засгийн газарт олгосон бөгөөд Засгийн газар 2014, 2015, 2017 онуудад холбогдох тогтоол /Засгийн газрын 239, 511, 106 дугаар тогтоол/ гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож нийтэд мэдээлж, Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ VPN төхөөрөмжөөр дамжуулан цахимаар дугаар олгон хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан.

Үндсэндээ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, шийдвэрлэх үйл ажиллагаа 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд буюу 1 жил 8 сарын хугацаанд зогсож, нийгэмд хүлээлт үүссэн байсан.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” 210 дугаар тогтоолыг баталсан.

Энэ дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн а/161 дүгээр тушаал гарсан бөгөөд уг тушаалд “1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тус тус хавсралтаар тогтоосугай. 2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Н*******/, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга /Б.Б*******/ нарт тус тус үүрэг болгосугай” гэж заасан бөгөөд мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн а/130 дугаар тушаалаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар”-ыг баталж, уг заавраар цахимаар дугаар олгох үйл ажиллагааг дэлгэрэнгүй байдлаар зохицуулж өгсөн.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд нээлттэй зарлан мэдээлэхдээ дээр дурдсан бодлого, шийдвэрийг танилцуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо нийтэд нээлттэй, ил тод, шударга явуулах үүднээс  өргөдөл гаргах эрх олгох дугаарыг цахимаар олгох тухай мэдээлсэн бөгөөд мөн уг мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулсан. /2017.07.26-ны өдөр/

Ашигт малтмал, газрын тосны газраас шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааны програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор цахим дугаар олголтын туршилт болон сургалтыг тус бүр 2 удаа зохион байгуулахад олон аж ахуйн нэгжүүдийн адил оролцсон.

Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсаар www.mrpam.gov.mn Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох, өргөдөл хүлээн авах тухай 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн а/131 тоот тушаалаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох үйлчилгээний хөлс төлж бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутад өргөдлийн дугаарыг цахим системээр дугаар олгох ажлыг, мөн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг олгосон дугаарын дагуу хүлээн авах ажлыг зохион байгуулах болсныг тус тус мэдээлсэн.

Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Тушаал хүчингүй болгох тухай 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн а/139 тоот тушаалаар өргөдлийн цахим дугаар олголт хойшилсонтой холбогдуулан цахим системээр дугаар олгох ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшилсныг мэдээлсэн.

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох, өргөдөл хүлээн авах тухай 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/145 тоот тушаалаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох үйлчилгээний хөлс төлж бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад өргөдлийн дугаарыг цахим системээр олгох ажлыг, мөн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг олгосон дугаарын дагуу хүлээн авах ажлыг зохион байгуулах болсныг Ашигт малтмал, газрын тосны газрын албан ёсны цахим хуудсаар тус тус мэдээлсэн билээ.

Энэхүү төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу тус компаниуд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахимаар дугаар олгох үйл ажиллагаанд оролцож Б ХХК нь 43 дугаарт, Э ХХК нь 8 дугаарт бүртгэгдсэн төдийгүй олон зуун аж ахуйн нэгжүүд цахим бүртгэлд оролцсон амжилт, дараалалын дагуу бүртгэгдсэн болно.

Төрийн захиргааны байгууллагын даргын аливаа шийдвэр нь хууль, тогтоомжид үндэслэж гарах ёстой билээ. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын а/146 тоот тушаал гаргаж, тухайн өдөр зохион байгуулагдсан цахимаар дугаар олгох үйл ажиллагааг техникийн саатлын улмаас гэсэн шалтгаанаар хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох, өргөдөл хүлээн авах тухай” а/145 дугаар тушаалыг хүчингүй болгосныг олон нийтэд мэдээлсэн билээ.

Бид энэхүү мэдээллийг эсэргүүцэж 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 17/01 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад манай компани нь энэхүү үйл ажиллагаанд оролцохын тулд 1 жил 8 сарын хугацаа, маш их хөрөнгө мөнгө, хөдөлмөр, хүн хүч, зарцуулж, хуулийн хүрээнд идэвхитэй оролцсон. Бидний зүгээс үл хамаарах шалтгааны улмаас зөвхөн нэг талыг барьж, энэхүү үйл ажиллагааг хүчингүй болгосон гэсэн хууль зүйн үндэслэлгүй мэдээлэл хийж байгаад маш их гомдолтой байна. Энэхүү үйл ажиллагааг хүчингүй болгосон гэх мэдээллээ эргэн харж, манай компанийн өргөдлийг дарааллын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/145 тоот тушаалын дагуу 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахыг мөн холбогдох хууль зөрчсөн хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан албан тоот бүхий шаардлага хүргүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Тушаал хүчингүй болгох тухай 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн а/146 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тушаал бөгөөд тухайн өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд цахим дугаар олгох үйл ажиллагаанд оролцсон аж ахуйн нэгжүүдээс шалтгаалаагүй, төрийн захиргааны байгууллагын зүгээс хуульд заасан үүргээ биелүүлж, програмынхаа найдвартай ажиллагааг шалгаж, техникийн бүх талын арга хэмжээг авсны үндсэн дээр дугаар олголтыг эхлүүлэх үүрэгтэй байхад энэ үүргээ хангалтгүй биелүүлснээ техникийн саатлын улмаас гэж тайлбарлан хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Дээрх техникийн саатал гэсэн тодорхой бус шалтгаан гаргаж, хуулиар тогтоосон эрхлэх үйл ажиллагаагаа хийхгүй, хууль тогтоомж, нотлох баримтад үндэслэлгүй өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргаж байгаа манай компанийн төрийн байгууллагад өргөдөл, хүсэлт гаргах, түүнийгээ шийдүүлэх эрхийг зөрчиж байна.

Мөн дээрх а/146 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг /сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй/ зөрчсөн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, мөн хуулийн 11.2-д “кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13–11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ.” гэж зааснаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэс нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон нийтийн хяналтан дор явуулах зорилгоор өргөдлийг хүлээн авах дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн а/130 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар”-ын дагуу Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагааг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахдаа дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Төрийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус үйлдлийн улмаас зохих журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж цахимаар дугаар авсан олон зуун аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, цахим дугаарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайгаа сонгож, шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчиж байна.

Тодруулж хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Тушаал хүчингүй болгох тухай 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн а/146 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчыг татан оролцуулаагүй, эрх ашгийг нь шийдвэрт тусгаагүй.

Мөн Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохих журмын дагуу огт хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.4-т заасан ажиллагааг хийгээгүй, шийдвэрт хамаарах оролцогч аж ахуйн нэгжүүдийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, үнэлээгүй, аж ахуйн нэгжүүдийн өргөдөл, хүсэлтүүдийг нарийвчлан судлах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй зэргээс харахад Төрийн захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан хууль дээдлэх зарчмыг огт хэрэгжүүлж ажиллахгүй байгаа, Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой харагдаж байна. 

Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн а/130 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар”-ын 2.1, 2.2, 2.3-д заасан шалгуур болох батлагдсан маягтын дагуу хуулийн этгээдийн бүртгэлийг урьдчилан бүртгүүлж, цахим системд нэвтрэх эрхийн үйлчилгээний хөлсийг төлж цахим системд нэвтрэх код авч, уг бүртгэлийн кодоор өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтэрч цахим дугаар авсан нь дээрх нөхцөл шалгуурыг хангасан мөн хууль ёсны дагуу өргөдөлөө шийдвэрлүүлэх үндэслэлтэй юм.

Хариуцагч талаас Төрийн захиргааны байгууллага “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар”-ын 1.2-д заасан нөхцөл шаардлагыг бүрдүүлж ажиллаж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Цахим дугаар олголт хэвийн ажиллаж байх үед зохих журмын дагуу бүртгэгдэж, ямар нэгэн зөрчилгүйгээр цахим дугаар авсан байхад Төрийн захиргааны байгууллага нь ямар нэгэн албан ёсны дүгнэлт гараагүй, зөвхөн техникийн сааталд хамааруулан хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компани болон бусад аж ахуйн нэгжүүдийн эрхийг ноцтой зөрцсөн үйл явдал юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” а/146 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн хууль зөрчсөн шийдвэрийг биелүүлж өргөдөл авах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг таслан зогсоож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох, өргөдөл хүлээн авах тухай” а/145 дугаар тушаалын дагуу олгогдсон цахим дугаарын дагуу манай компанийн өргөдлийг хүлээж авахыг Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Б” ХХК, “Э” ХХК-уудаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” а/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагт зохион явагдсан цахим системд олгогдсон өргөдлийн бүртгэлийн 8, 43 дугаарт бүртгэгдсэн болохыг тогтоолгож, бүртгэгдсэн цахим дугаарын дагуу тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна 

Ашигт малтмалын тухай хууль, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 18- ны өдрийн 210 дугаар тогтоол, Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаар тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн а/130 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар”-ыг тус тус үндэслэл болгон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгохоор болсон. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалд заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох ажиллагаа эхэлсэн ба Үндэсний дата төв дээр байрших серверт доголдол үүссэнээс шалтгаалж техникийн саатал гарч цахим дугаар олгох боломжгүй болсон.  

       Нэгэнт серверт ДОГОЛДОЛ үүсч дугаар олгох ажиллагаа гацмагц Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн а/142 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг яаралтай хуралдан ажлын хэсгийн дүгнэлт гаргаж тухайн өдрийн цахим дугаар олгох ажиллагааг хүчингүйд тооцуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэний дагуу 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн а/146 дугаар тушаал гарч 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн цахим дугаар олгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн а/142 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Агентлагаас гадна Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Үндэсний дата төвийн холбогдох албан тушаалтнууд оролцсон ба өргөдлийн дугаар олгох цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, цахим системийн аливаа халдлагад өртөхөөс сэргийлэх, цахим системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд шалтгаан нөхцлийг тогтоож авах арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулан газрын даргатай зөвшилцөн шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг юм.

Ажлын хэсэг нь сервер гацаж, техникийн саатал гарсан талаар Агентлагийн даргатай зөвшилцөж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн а/146 дугаар тушаалаар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн цахим дугаар олгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн дээр дурдсан нөхцөл байдал үүссэн болон цахим дугаар олгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаарх мэдээллийг өөрийн байгууллагын mrpam.gov.mn цахим хуудсаар нийтэд нээлттэй мэдээлсэн.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь хэсэгт зааснаар “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлэн ажилласан болно.

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн цахим дугаар олгох ажиллагааг хүчингүй болгосонтой холбоотойгоор цахим системд нэвтрэх эрх авч бүртгүүлсэн бүх аж ахуйн нэгжийн нэвтрэх эрхийг сунгаж шийдвэрлэсэн ба “Б” ХХК-ийг өргөдлийн бүртгэлийн 43 дугаар, “Э” ХХК-ийг 8 дугаарт  бүртгэсэн болохыг тогтоох боломжгүй ба өргөдлийг хүлээн авч бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд “Б” ХХК, “Э” ХХК-уудаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” а/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагт зохион байгуулсан цахим системд олгогдсон өргөдлийн бүртгэлийн 8, 43 дугаарт бүртгэгдсэн болохыг тогтоолгож, бүртгэгдсэн цахим дугаарын дагуу “Б” ХХК, “Э” ХХК-уудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “...Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны а/146 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан, төрийн захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлж, програмынхаа найдвартай ажиллагааг шалгаж, техникийн бүх талын арга хэмжээг авсны үндсэн дээр дугаар олголтыг эхлүүлэх үүрэгтэй байхад энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж, хариуцагчаас “...Үндэсний дата төв дээр байрших серверт доголдол үүссэнээс шалтгаалж техникийн саатал гарч цахим дугаар олгох боломжгүй болсон, ажлын хэсэг нь сервер гацаж, техникийн саатал гарсан талаар агентлагийн даргатай зөвшилцөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны а/146 дугаар тушаалаар цахим дугаар олгох ажиллагааг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

Нэг: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагт зохион байгуулсан цахим системд олгогдсон өргөдлийн бүртгэлийн “Э” ХХК 8, “Б” ХХК 43 дугаарт бүртгэгдсэн болохыг тогтоолгож, цахим дугаарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлагын тухайд: 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн а/142 дугаар тушаалаар  өргөдлийн дугаар олгох, цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, цахим системийн аливаа халдлагад өртөхөөс сэргийлэх, цахим системийн хэвийн ажиллагааг алдагдсан тохиолдолд шалтгаан нөхцөлийг тогтоож, авах арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын даргатай зөвшилцөн шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд бүрэлдэхүүнд Ашигт малтмал, газрын тосны газар болон Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Үндэсний дата төв УҮГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох, өргөдөл хүлээн авах тухай” а/145 дугаар тушаалаар  “...Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох үйлчилгээний хөлс төлж бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад өргөдлийн дугаарыг цахим системээр олгох ажлыг зохион байгуулж, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цахим өргөдлийн дугаар авсан аж ахуйн нэгжүүдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг олгосон дугаарын дагуу хүлээн авах ажлыг зохион байгуулахыг Кадастрын хэлтэс /Д.М*******/-т даалгаж шийдвэрлэжээ. 

Энэхүү хайгуулын тусгай зөвшөөрөлийн дугаарыг цахимаар олгох, өргөдөл хүлээн авах үйл ажиллагаанд нэхэмжлэгч компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “...Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” 18.1.3.үйлчилгээний хөлс төлсөн баримт” гэж заасны дагуу өргөдлийн дугаар олгох үйлчилгээний хөлс төлж бүртгүүлэн, нэвтрэх эрхийг олж авсан байх бөгөөд уг хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд оролцож, нэхэмжлэгч “Б” ХХК нь цахим дугаарын 43 дугаарт, “Э” ХХК нь цахим дугаарын 8 дугаарт тус тус бүртгэгдсэн байх бөгөөд энэ нь “А*******” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн өргөдлийн цахим дугаар авсан 505 компаний жагсаалтаар  тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “Б” ХХК, “Э*******” ХХК-уудаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, цахим дугаар олголтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч өргөдлийг нь хүлээн аваагүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-т “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх үүрэгтэй”, 26 дугаар зүйлийн 26.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна: 26.1.1.өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх; 26.1.2.бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд “Э” ХХК өргөдлийн 8, “Б” ХХК өргөдлийн 43 дугаарт тус тус бүртгэгдсэн болохыг тогтоолгож, цахим дугаарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэлээ.

Хоёр: “...Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” а/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны А/142 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, “...Систем 09.00-д логин хуудсаар нэвтэрч, дараагийн хуудас ачаалж чадалгүй гацсан. 7 сервер бүгд унасан байдалтай, 6 сервер маш багаар үйлдлээ гүйцэтгэж байна, системийн хэвийн бус үйл ажиллагаа илэрсэн тул Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох үйл ажиллагааг цуцлах зөвлөмж гаргах” гэсэн дүгнэлтийг  гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн а/146 дугаар тушаалаар  “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг теникийн саатлын улмаас хүчингүй болгосонтой холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалыг хүчингүй болгосонд тооцож шийдвэрлэсэн байна. 

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын дарга өөрийн эрх хэмжээний дагуу тушаал гаргасан байх бөгөөд энэхүү тушаал нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Иймд энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан “Б” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн а/145 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагт зохион байгуулсан цахим системд олгогдсон өргөдлийн бүртгэлийн “Э” ХХК 8, “Б” ХХК 43 дугаарт тус тус бүртгэгдсэн болохыг тогтоож, цахим дугаарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.4-д заасныг баримтлан “Б” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” а/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д 35100, “Э” ХХК-д 35100 төгрөгийг тус тус олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА