| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01682/И |
| Дугаар | 01507 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 01507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 9 дугаар байрны 135 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФД62070839/ Бошгот овгийн Бэгзийн Раднаабазарын нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-11-24-ний өдөр хүлээн авч, 2016-11-28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Раднаабазар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, гэрч Н.Эрдэнэбат, Ч.Дандарбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Раднаабазар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Б.Раднаабазар би Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн шугамын мастер \бохир усны шугам хоолойн техникч\ ажлыг 1995-01-01 нээс 2014-12-24 ний өдөр хүртэл 19 жил 3 сарын хугацаанд гүйцэтгэж байсан.
Бохир усны шугам хоолойн мастер \техникч\ ажил нь том ширхэгтэй хог, лагийг тунгаах механик цэвэрлэгээ, бохир усыг бичил биетнээр идүүлэх, нарийн шүүлтүүрээр цэвэрлэх үед бохирын шугам хоолойн бөглөрөлт гаргах, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, тунгаагуур, аэротенк, резервуар, сав байгуууламжуудыг угааж цэвэрлэх, хлоржуулах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг ажлын байрны халуун хүйтэн орчинтой, гар болон биеийн хүчний ажпын ачаалал шаардсан, дуу шуугиан, аммиак, хүхэрлэг хий болон бусад хорт хийн ууршил бүхий орчинтой ажпын байранд ажлын 8 цагийн турш ажилладаг юм.
Б.Раднаабазар миний ажил албан тушаалыг тухайн үеийн орос нэрээр “цэвэрлэх байгууламжийн шугамын мастер” гэж хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, ажилд авсан, чөлөөлсөн тушаалууд дээр ч “мастер” нэршлээр бичигдсэн байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Цэвэрлэх байгууламжийн шугам хоолойн мастер\шугам хоолойн техникч\ ажил нь хөдөлмөр, ХАХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2016-07-06 ны өдрийн А\193 дугаар тушаалд заасан 2 дугаар бүлэг хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.29 дүгээрт “ бохир усны шугам хоолойн техникч” гэсэн нэршлээр орсон байх тул миний ажиллаж байгаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн шугамын мастер ажпыг 1995-01-01 нээс 2014-12-24 ний өдөр хүртэл 19 жил 3 сарын хугацааг бохир усын шугам хоолойн техникчээр ажилласан байдлыг сэргээн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Б.Раднаабазар би Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн бохир усны шугам хоолойн техникч ажлыг 1995-01-01 нээс 2014-12-24 ний өдөр хүртэл 19 жил 3 сарын хугацаанд гүйцэтгэж байгаа ба холбогдох баримтуудыг бүрдүүлэн ирсэн тул ИХШХШТХ-ийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу дээрх ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.
Надтай хамт, одоог хүртэл ажиллаж байгаа Н.Эрдэнэбат, Ч.Дандарбаатар нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 2016-09-02-ны өдрийн 338 дугаартай лавлагаа, 2016-09-02-ны өдрийн 339 дугаартай лавлагаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэсийн 2016-11-23-ны өдрийн 107/375 дугаартай лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, 092404 дугаартай нийгмийн даатгалын дэврийн хуулбар, 001132 дугаартай нийгмийн датгалын дэвтрийн хуулбар, 1073177 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, гэрч Н.Эрдэнэбат, Ч.Дандарбаатар нарын тодорхойлолт, гэрэл зурагууд, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Бошгот овгийн Бэгзийн Раднаабазарыг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн бохир усны шугамын мастераар ажиллаж байсан гэж хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн боловч Иргэний үнэмлэхний хуулбар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 2016-09-02-ны өдрийн 338 дугаартай лавлагаа, 2016-09-02-ны өдрийн 339 дугаартай лавлагаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэсийн 2016-11-23-ны өдрийн 107/375 дугаартай лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, 092404 дугаартай нийгмийн даатгалын дэврийн хуулбар, 001132 дугаартай нийгмийн датгалын дэвтрийн хуулбар, 1073177 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, гэрч Н.Эрдэнэбат, Ч.Дандарбаатар нарын тодорхойлолт, гэрэл зурагууд, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн Б.Раднаабазар нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн бохир усны шугам хоолойн техникч ажлыг хийж гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж, Бошгот овгийн Бэгзийн Раднаабазарыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн бохир усны шугам хоолойн техникчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бошгот овгийн Бэгзийн Раднаабазар нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн бохир усны шугамын техникчээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН