| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01675/И |
| Дугаар | 01509 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 01509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг баянталын 03 дугаар гудамж 21 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ГИ65060701/, Сүхийнхэн овгийн Дашдэндэвийн Баясгалангийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-11-23-ны өдөр хүлээн авч, 2016-11-24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Дашдэндэв овогтой Баясгалан миний бие 1980 оны 01 дүгээр сард Булган аймаг Сэлэнгэ сум Ингэттолгойн САА-д барилгын бригадад орж ажилласан. Манай бригад нь сумын САА-н 4 бригад болон сумын төвүүдээр явж барилга барин дотор засал чимэглэлийн ажил хийдэг байлаа. Бригад маань өрлөг мужаан, засал чимэглэл удирдах дарга няраваас бүрдэн ажилладаг байсан. Би дотор засал чимэглэлийн хэсэгт шуурхай гэгч эмэгтэйг дагалдан ажиллаж байсан. Түүнээс хойш 1993 оны 10 дугаар сар хүртэл тус бригадад ажилласан. САА-н боловсон хүчиний буруугаас хөдөлмөрийн дэвтэр үгүй болсон. Мужаанаас бусад бүх ажилчдыг ялгаварлалгүйгээр нормчин гэж тушаал гаргаснаас болж хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэхгүй байгаа байдалд хүрээд байна. Иймд тус бригадад засал чимэглэлчингээр 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, 0967094 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Булган аймгийн Монгол-Зөвлөлийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1980-01-03-ны өдрийн 03 дугаартай тушаал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Эрдэнэт концерний харъяа Ингэттолгой хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1993-10-03-ны өдрийн 104 дугаартай тушаал, гэрч Ш.Мөнхбаяр, Г.Амгаланбаатар нарын мэдүүлэг, Булган аймгийн архивын тасгийн 2016-11-09-ний өдрийн 22 дугаартай лавлагаа зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхийнхэн овгийн Дашдэндэвийн Баясгалан нь Булган аймаг Сэлэнгэ сум Ингэттолгойн САА-д барилгын бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл засал чимэглэлчингээр ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, 0967094 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Булган аймгийн Монгол-Зөвлөлийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1980-01-03-ны өдрийн 03 дугаартай тушаал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Эрдэнэт концерний харъяа Ингэттолгой хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1993-10-03-ны өдрийн 104 дугаартай тушаал, гэрч Ш.Мөнхбаяр, Г.Амгаланбаатар нарын мэдүүлэг, Булган аймгийн архивын тасгийн 2016-11-09-ний өдрийн 22 дугаартай лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сүхийнхэн овгийн Дашдэндэвийн Баясгалан нь Булган аймаг Сэлэнгэ сум Ингэттолгойн САА-д барилгын бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл засал чимэглэлчингээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН