Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 475

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3 дугаарбагт оршин суух Боржгон овогт Самдангийн Баярнэмэхийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч С.Баярнэмэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Баярнэмэх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр тус тус тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Баярнэмэх нь 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ Ялалт нэгдэлд малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 592 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 32 ,1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182 дугаартай тушаалуудын хуулбарууд, гэрч Х.Ганбаатар, С.Баатар, Г.Оюундэлгэр нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Самдангийн Баярнэмэхийг 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ Ялалт нэгдэлд малчнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА