Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 476

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 2-5 тоотод оршин суух Даржаа овогт Цэрэндондовын Доржпагамын Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Ц.Доржпагам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Доржпагам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн албан тушаалтнууд бичилт дутуу хийснээс улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг 1984 оноос 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацралнэгдэлд саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Доржпагам нь 1984 оноос 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 541 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар гэрч Д.Хандсүрэн, Б.Ган-Оюун, П.Сосорбурам нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Даржаа овогт Цэрэндондовын Доржпагамыг 1984 оноос 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА