Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0090

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Зулаа хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Ц.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905046311377 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 10 дугаар баг, 0-0 тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 32 тоотод оршин суух, ялгүй, РЮ000000 дугаарын регистртэй, Хавчууд овогт Ц.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.Б 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 4 дүгээр гудамжинд хохирогч Б.Мтэй маргалдан улмаар газраас чулуу авч шидэж эрүүл мэндэд нь “биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний арьсан доорх цусан хураа” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул нэмж ярихгүй. Хохирогчид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд нь гэж 440.000 төгрөг өгсөн. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж, бага хэмжээний торгох ял оногдуулж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.М “…2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед би өөрийн ажлын байрандаа байж байхад манай нэг ажилчин ирээд нөгөө ТҮЦ-ний хүмүүс түцээ улам хойшлуулах гээд газар хатгасан гадас сугалж аваад ТҮЦ-дээ тог залгана гээд байна гэж хэлсэн. Би гараад нөгөө ТҮЦ-ний хажууд байсан 2 залуутай уулзаад та нар энд ТҮЦ тавьж болохгүй байгууллагын гарц хаагаад дээрээс нь энэ чинь хууль бус гэж хэлсэн чинь “бид хоёр биш, ТҮЦ-ний эзэд нь тэр хоёр байна” гээд тэр Ц.Б, Ц.Бийн эхнэр хоёрыг зааж өгсөн. Би Ц.Бд хандаж танайх ТҮЦ-ээ ав, энд тавьж болохгүй гэж эвээр ярьсан боловч ойлгохгүй надаас бусад манай ажилчидтай их удаан хэрүүл хийгээд утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд би бухимдаад Ц.Бийг та нар яасан ядаргаатай юм, эндээс ТҮЦ-ээ ав гэж та нарт их олон хэллээ гэж уурлаад мангасдсан чинь Ц.Б газар хальтирч унасан. Тэгээд Ц.Б босч ирээд миний хөл рүү чулуу аваад шидчихсэн. Миний зүүн хөлний шилбэ хэсгийг Ц.Бийн шидсэн чулуу оноод цус гарч хавдаж хөхөрсөн. Ц.Бтэй хамт явж байсан 2 хүүхэн бичлэг хийгээд байсан. Хохирлын мөнгө болох 440.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр санал, гомдолгүй” /хх-н 15-17, 67/ гэж,

гэрч Л.Х “... тэгээд хүрч ирээд нөгөө хүн чинь манай нөхөр Ц.Бийг барьж авч газар унагаагаад цохиж зодоод байсан. Тэгээд манай найз Соёл-Эрдэнэ бид хоёр салгасан юм. Тэгтэл манай нөхөр Ц.Б нөгөө хүн рүү чулуу аваад шидчихсэн чинь нөгөө хүний хөлийг нь оночихсон. Тэгээд бид нар маргалдаж явсаар байгаад ТҮЦ байгаа газар ирсэн. Тэгтэл цагдаа нар ирсэн” /хх-н 22-23/ гэж,

гэрч Г.С “... манай найз Хишигжаргал Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Модны хоёрын автобусны буудал дээр нэг ТҮЦ буулгасан юм. Тэгтэл нөгөө ТҮЦ дээр Баянгол дүүргийн газрын албанаас нүүлгэх мэдэгдэх хуудас наасан байсан. Тэгээд дүүргийн газрын албан дээр Хишигжаргалтай хамт очиж уулзчихаад ТҮЦ-ээ буцааж нүүлгэхгүй бол болохгүй юм байна гэж ярилцаад нөгөө ТҮЦ дээр очсон. Энэ үед Хишигжаргалын нөхөр Ц.Б ажлаа тараад бид хоёр дээр ирсэн. ТҮЦ-ний ард зоосон байсан төмөр гадсыг Ц.Б сугалж өгсөн юм . Тэгтэл ТҮЦ тавьсан газрын ард байдаг Од спорт төвийн хүмүүс гарч ирээд бид нарыг ТҮЦ-ээ аваад яв гээд хөөгөөд байсан. Тэгээд бид нар за за явъя дараа нь ирээд ТҮЦ-ээ авъя гээд гудамж ороод явж байтал нэг өндөр биетэй залуу бид гурвын араас хөөж хэл амаар доромжилж ирээд Ц.Бийг хөлөөрөө хавсарч унагаагаад газар унагааж хэл амаар доромжилж зодоод байсан. Хишигжаргал бид хоёр дундуур нь орж салгасан. Ц.Бийг 2-3 удаа газар унагаасан. Ц.Б, Хишигжаргал хоёрыг салгасны дараа нөгөө хүн рүү чулуу аваад шидэхэд хөлийг нь оночихсон. Ц.Бийг газар унагааж хэл амаар доромжилж зодсон болохоор тэр Б.М рүү чулуу авч шидсэн” /хх-н 25-26 гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.М-гийн гэмтэлтэй холбоотой “Б.Мгийн биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний арьсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 13881 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 30/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Тухайлбал, шүүгдэгчийн зүгээс бусдыг чулуугаар цохиж гэмтээе гэсэн шууд санаа зорилго байгаагүй, нөгөөтэйгүүр энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.М хохиролд гэж нотлох баримт бүхий 440.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. Дээрх мөнгийг шүүгдэгч Ц.Б 2020 оны 1 дүгээр сарын 26-нд хохирогч Б.М-д өгч, улмаар хохирогч Б.М “... цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичиж шүүхэд хүргүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хавчууд овогт Ц.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ц.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ