Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 01510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг ургацын 1 дугаар гудамж 10 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: АБ 67022707/, Боржигон овгийн Ламзавын Отгонбаатарын нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-11-18-ны өдөр хүлээн авч, 2016-11-21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1982 оны 02 дугаар сарын 27-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд үхэрчнээр болон саальчнаар ажиллаж ирсэн, тэр үеийн зарим лавлагаа олдохгүй байгаагаас шалтгаалан ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1982 оны 02 дугаар сарын 27-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр болон саальчнаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Л.Сумандагва, Л.Баатар нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Боржигон овгийн Ламзавын Отгонбаатар нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1982 оны 02 дугаар сарын 27-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр болон саальчнаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Л.Сумандагва, Л.Баатар нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Ламзавын Отгонбаатар нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1982 оны 02 дугаар сарын 27-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр болон саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН