Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0048

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч С.Батнасан,

шүүгдэгч М.Ш, түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905037901046  тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа интернэт худалдаа эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 0-0 тоотод оршин суух,

ял шийтгэл: Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

Гомьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгзэр сарын 25-ны өдрийн 2019/ХМШЗ/35 дугаартай захирамжаар Б.Гантулгыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 11 cap 11 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн

УП000000дугаарын регистртэй, Боржигон овогт Б.Г.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 31-нд Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч, философич мэргэжилтэй, Ремакс хөрөнгө зуучлалын компанид агент ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ногоон талбайн 3 гудамж 10 тоотод оршин суух, ялгүй,

ПЮ000000 дугаарын регистртэй, Бооржууд овогт М.Ш.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Г нь М.Штай бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө таксигаар үйлчлүүлж байсан иргэн Н.Б-ыг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын урд талын гудамжны ойролцоо Киа маркийн 78-43 улсын дугаартай автомашин дотор эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтлон зодож, Самсунг жи-5 прайм маркийн гар утас, түрийвч, айпод хөгжим, бэлэн 30.000 төгрөгийг дээрэмдэн авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын урд талын гудамжны ойролцоо Киа маркийн 78-43 улсын дугаартай автомашин дотор дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа иргэн Н.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “уруулд язрал, үүдэн баруун 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаагч дээр байхдаа өмгөөлөгч авъя гэсэн боловч өмгөөлөгч авч өгөөгүй, цахилгаан бороохойгоор сүрдүүлэн дарамталж, ямар нэгэн хар тамхины хэрэг илрүүлж өгвөл хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө гэх зэргээр дарамталж мэдүүлэг авсан. Хохирогч анхнаасаа шууд шунахайн сэдэлтэй хандсан. Мэдүүлэгтээ надад 6 сая төгрөг байсан, 1 сая төгрөг байсан гэх зэргээр худлаа ярьж намайг гүтгэсэн. Дараа нь хохирогчид хууль сануулсан чинь хэрэгт орох юм байна гэж бодоод үнэн зөв мэдүүлэг өгсөн байсан. Бид хоёрыг зориудаар хэрэгт холбогдуулж өөрөө сүүлд нь гомдол саналгүй гэж хэлээд шүүх хуралдаанд оролцохгүй байгаад гайхаж байна. Бид хоёр хохирол төлбөрөө барагдуулсан байгаа. Бид хоёрт ямар ч дээрэм хийх санаа байгаагүй. Тухайн үед хохирогч намайг доромжилж машинд хүртэл бөөлжсөн. Иймд би машинаасаа татаж, чирч буулгасан нь хөнгөн гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Би энэ бөөлжсөн бөөлжсөө цэвэрлэж өг төлбөрөө төл гэж хэлсэн боловч урдаас хэрэлдээд доромжлоод төлбөрийг чинь төлчихнө гээд байхаар нь утсыг нь аваад өөр лүүгээ залгаад төлбөрөө төлөөд утсаа аваарай гэж хэлсэн. Маргааш нь өөрийнхөө утас руу нэг ч залгаагүй нэг ч мессеж ирээгүй байж байгаад утасныхан нь цэнэг нь дууссан. Тэгэхээр нь Теди дээр очоод 100.000 төгрөгөөр зараад машиндаа лүкс цэвэрлэгээ хийсэн. Хохирогч нь согтуу байсан. Гэтэл цагдаа согтуу хүний үгээр үг хийж энэ бүх баримт нотолгоог бүрдүүлсэн учраас энэ гэмт хэргийг дахин шалгаж өгнө үү гэж хүсэж байна. Дарамтанд орсон учраас анхны мэдүүлгээ өөрөөр өгсөн” гэв.

 

Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 22-23-ны шилжих шөнө бид хоёр таксинд явсан. UB паласын урдаас 2 залуу суусан нэг нь Энхбаярын зам руу хүргүүлнэ, нөгөө нь Улаан-хуаран явна гээд 10.000 төгрөг өгсөн. Энхбаярын замаас доошоо уруудаж байхад пиво ууя гээд Таац дэлгүүрийн орчимд “шаг”-аар пиво зарж байдаг хүн байгаа байх гээд Б.Г пивонд буусан. Тэгэхэд хохирогч машин дотор бөөлжсөн. Б.Г ирээд намайг буулгаад хойшоо суучих гэсэн тэр үед Б.Г хэр их бөөлжсөн байна гэж асуухад нь ерөнхийдөө шалавч тэр чигээр л бөөлжсөн байна гэж хэлсэн. Тэгээд Б.Г намайг халаасыг ухдаа гэж хэлэхэд нь би чадахгүй юм байна гэж хэлэхэд алив чи урагшаа суучих гээд бид хоёр солигдоод Б.Г хойшоо суугаад би урагшаа суусан. Б.Г надад нэг юм өгсөн тэр нь утас байсан тэрийг нь аваад машины голын хайрцаг руу тавьсан. Дахиад нэг юм өгсөн тэр нь түрийвч байсныг нь аваад голын хайрцаг нь дээр тавьсан. Тэр үед хохирогч сэрээд надаас юу авсан бэ буцаагаад өг гэж хэлээд маргалдаад Б.Г хохирогч хоёр ноцолдоод байсан. Тэгэхээр нь би салгах зорилготой хохирогчийн цээжнээс нь тэвэрч буулгаад цаашаа Алтай хотхонд байдаг Гантулгын гэр лүү очсон. Маргааш өглөө нь сэрэхэд утас нь унтарчихсан байсан. Тэгсэн Б.Г хоёулаа энэ утсыг нь зарчихъя гэж хэлээд Теди ороод 100.000 төгрөгөөр зарсан. Гантулгын дансанд утас зарсан 100.000 төгрөг орсон.  Маргааш нь цагдаагаас залгасан. Би Б.Г-с бусад эд зүйлс нь байгаа юу гэж асуухад түрийвч, банкны картууд, мемори карт, утасны гэр нь байгаа бусдыг нь хаячихсан гэж хэлсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байцаалт авахдаа цахилгаан бороохой, гав зэргийг ашиглаж дарамталж, мэдүүлгээ өг гэж шахсан нь үнэн. Би өмгөөлөгч авч болох уу гэхэд өмгөөлөгч авсан, аваагүй мэдүүлгээ өгнө дуугүй наад мэдүүлгээ өг гэж дарамталсан. Тухайн өдөр хамт явж байсан энэ гэмт хэрэгт оролцоотой гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Хохирогч Н.Б “… 2019 оны 9 дүгээр сарын 23-ны үүрээр 04 цагийн орчимд найз Эрдэнэ-Уулын хамт UB паласын урдаас 2 жолоочтой такси барьсан. Манай найз Эрдэнэ-Уул тухайн таксины 2 жолоочтой 10.000 төгрөгөөр тохиролцон эхлээд Өргөөгийн ард талын Э-н замаар дээшээ яваад хүргүүлнэ, дараа нь Улаанхуаран явна гэж тохиролцсон. Манай найз Эрдэнэ-Уул гэртээ буухдаа таксины жолооч нарт манай найзыг хүргээд өгчихөөрэй машины чинь дугаарыг харсан байгаа шүү гэж хэлээд манай найз гэр лүүгээ ороод би тухайн тээврийн хэрэгслийн хойд суудал дээр унтсан байдалтай явж байсан. Гэнэт би сэрэхэд миний хажуу талд нэг залуу миний утас, эд зүйлс, хэтэвч зэргийг авч байсан. Тэгсэн нөгөө залуу цочирдсондоо шууд миний нүүрэн тус газар луу цохисон, дараа нь машиныхаа хаалга онгойлгоод намайг өшиглөж буулгасан. Тэгээд тэр тээврийн хэрэгсэл хөдлөөд яваад өгсөн. Би босоод тухайн тээврийн хэрэгслийн ардаас гүйж тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харсан. Тэр тээврийн хэрэгслийн дугаар нь 78-43 УАА улсын дугаартай Киа маркийн мөнгөлөг саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл байсан. Намайг өшиглөж буулгасан газар Энхбаяр замаар доошоо уруудаад Таац зочид буудлын урд талын гудманд өшиглөж буулгасан. Миний урд талын үүдэн шүд хөдөлж үзүүр нь эмтэрсэн, уруул сэтэрч хавдсан, би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Би тухайн тээврийн хэрэгсэлд байсан 2 залууг харвал шууд танина. Манай найз Эрдэнэ-Уул харвал шууд танина гэж надад хэлсэн”. /хэргийн 29-32, 33-34, 35 дугаар хуудас/

 

Гэрч Д.Э “… Би тухайн өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын “Чоко” нэртэй бааранд найз Н.Б-тай хамт орсон. Тэгээд тэндээсээ 04-05 цагийн үед гараад баарны гадна байсан саарал өнгийн киа маркийн 78-43 УАА гэсэн саарал өнгийн машинд суусан. Тухайн үед хоёр эрэгтэй таксинд явж байсан. Би тэр хоёрт эхлээд хорооллоос дээшээ өсгөөд гэртээ бууна, дараа нь манай найз Улаанхуаран руу явна гэж хэлсэн. Тэгээд явж байхдаа ийм машинаар халтуур хийдэг юм уу гэхэд ахаа мөнгөний хэрэг их байна гэсэн. Тэгээд цааш явж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Нарангийн 5-99 тоотод ойролцоо баруун, зүүн салдаг 2 билүү 3 давхар байшингийн орчим буугаад тэндээсээ та хэд явчих гээд, манай найзыг Улаанхуаранд хүргэж өгөөрэй гэж хэлээд 10.000 төгрөг өгөөд машины дугаарыг араас нь хараад явуулсан. ... Тэгтэл 30-40 минутын дараа Н.Б зодуулчихсан байдалтай орж ирээд би дээрэмдүүлчихлээ гэсэн. Би тухайн машины дугаарыг мэдэж байсан болохоор бид хоёр миний 99256131 билүү 99629001 дугаараас цагдаа руу залгасан. Тэгтэл цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирж бид хоёр өргөдөл бичиж өгсөн”. /хэргийн 58 дугаар хуудас/

 

Гэрч Д.Б “… 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 20:00-21:00 цагийн үед Теди төвийн Алтансүх гэдэг Теди төвд гар утас зардаг хүнтэй хамт сандал дээр сууж байсан. Тэгтэл УАА гэсэн шинэ сери дугаартай их гоё жижиг машин ирээд “гар утас худалдаж авах уу” гэхээр нь би авья ямар утас вэ? гэхэд машинаас нэг залуу буугаад надад гар утас үзүүлж байх хооронд нөгөө залуу машинаа байрлуулж тавьчихаад над дээр бас ирсэн юм. Тэр хооронд Алтансүх гээд ченж залуу 80.000 төгрөгөөр арай өгөхгүй ээ гэхээр нь би гайгүй цэмбэгэр гар утас болохоор 100.000 төгрөг өгөөд худалдаж авъя гэхэд нөгөө залуу гар утасны эзнийг нь ирэхээр асууя гэхээр нь би нөгөө залууг хүлээж байтал нөгөө залуу ирээд ах нь 100.000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн чинь ломбарданд тавих юм бол хэд болох вэ? гэхэд 60.000-70.000 төгрөгөөр худалдаж авах байх гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо ярилцаж байгаад 100.000 төгрөгөнд надад өгье гэсэн юм. Тэгээд би 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг гар утсыг 120.000 төгрөгөөр энгийн явуулын хүнд зарчихсан. Тэр утсыг тэр өдөр орой болчихсон болохоор лавлагаа авч чадаагүй шууд гар утсыг нь авчихсан. Гэхдээ худалдаж авсан гар утсан дээрэээ тухайн хүмүүсийн зургийг нь дарсан. Уг гар утсыг дээрмийн шинжтэй гэдгийг мэдээгүй байсан. Хэрвээ мэдсэн бол авахгүй байх байсан. Тэр хоёр залуу өөрсдийн гар утас гэж хэлсэн”. /хэргийн 59-60 дугаар хуудас/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Н.Б-ын гэмтэлтэй холбоотойгоор “Н.Б-ын биед уруулд язрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, хамар, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 11656 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 67/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Нэр бүхий хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтууд нь “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдэгдсэн буюу шүүгдэгч Б.Г, М.Ш нарын гэм буруутайг,

 

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.Г үйлдлийг тус тус нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

 

 

 

 

шүүгдэгч Б.Г, М.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаагч дээр байхдаа өмгөөлөгч авъя гэсэн боловч өмгөөлөгч авч өгөөгүй, цахилгаан бороохойгоор сүрдүүлэн дарамталж, ямар нэгэн хар тамхины хэрэг илрүүлж өгвөл хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө гэх зэргээр дарамталж мэдүүлэг авсан. ... Дарамтанд орсон учраас анхны мэдүүлгээ өөрөөр өгсөн” гэжээ.

 

Гэвч хохирогч Н.Б-ын  “… Гэнэт би сэрэхэд миний хажуу талд нэг залуу миний утас, эд зүйлс, хэтэвч зэргийг авч байсан. Тэгсэн нөгөө залуу цочирдсондоо шууд миний нүүрэн тус газар луу цохисон, дараа нь машиныхаа хаалга онгойлгоод намайг өшиглөж буулгасан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... Тэгээд Б.Г намайг халаасыг ухдаа гэж хэлэхэд нь би чадахгүй юм байна гэж хэлэхэд алив чи урагшаа суучих гээд бид хоёр солигдоод Б.Г хойшоо суугаад би урагшаа суусан. Б.Г надад нэг юм өгсөн тэр нь утас байсан тэрийг нь аваад машины голын хайрцаг руу тавьсан. Дахиад нэг юм өгсөн тэр нь түрийвч байсныг нь аваад голын хайрцаг нь дээр тавьсан. Тэр үед хохирогч сэрээд надаас юу авсан бэ буцаагаад өг гэж хэлээд маргалдаад Б.Г хохирогч хоёр ноцолдоод байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нь агуулгын хувьд тохирч байх тул Б.Г-н гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай анги дахь “дээрэмдэх” гэмт хэрэгт “бүлэглэж” гэсэн үндсэн шинж болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлав.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол ...” гэж тодорхойлсон буюу хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсоноор уг гэмт хэрэг төгссөн байхаар зохицуулжээ.

 

Ялын санкцыг “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тогтоосон нь гэмт хэргийн ангилалаараа хүнд гэмт хэрэгт хамаарах тул нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г, М.Ш нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

Шүүгдэгч Б.Г-г 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон байна.

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 35 дугаартай захирамжаар Б.Г-н хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн  хорих ялтай тэнцүү хяналт тогтоож, хянан харгалзсан байна. /хх-н 137/

 

Гэвч тэрээр эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө суллаж, хянан тогтоосон хугацаанд буюу энэ хугацаа дуусахаас өмнө санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан нийт эдлэх хорих ялын хугацааг тогтоов.

 

Шүүгдэгч М.Ш-ын хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж шийдвэрлэлээ.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Б.Г, М.Ш нар хохирогч Н.Б-т учирсан гэх хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Г, М.Ш нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

  1. Боржигон овогт Б.Г, Бооржууд овогт  М.Ш нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

                 Боржигон овогт Б.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-г 3 /гурав/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ш-ыг 1 /нэг/ жил хорих ялаар,

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялд дүйцүүлэн тооцож, 66 /жаран зургаа/ хоног хорих ялыг,

            мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн 35 дугаартай захирамжаар Б.Гантулгын эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар 17 /арван долоо/ хоногоор тогтоосугай.

 

            4. Б.Г, М.Ш нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Б.Г, М.Ш нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс өөрчлөн, шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Б.Г, М.Ш нар бусдад төлбөх төлбөргүй, хохирогч Н.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г, М.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг тус тус хэвээр байлгасугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.АЛТАНХУЯГ