Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0092

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905033461383 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ангийн 4 курсийн оюутан, ам бүл-5; эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байр, 34 тоотод оршин суух, ялгүй, ТЯ000000 дугаарын регистртэй, Боржигон овогт Ч.Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч.Т 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 776 байрны 03 тоотод хохирогч Б.Оий ХААН банкны интернэт банкны кодыг хүн рүү мөнгө шилжүүлж байхад нь нууцаар харж, улмаар өөрийнхөө данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн буюу “хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хохирогчийн данснаас 500.000 төгрөг авсан нь үнэн. Хохирогч Б.О-тэй урьд өдөр нь буюу 8 дугаар сарын 10-ны орой караокед танилцсан. Тэндээсээ гараад Б.О бид хоёр зочид буудалд орж хоносон. Маргааш нь бид хоёр зочид буудлаасаа гараад явж байтал Б.О “... манай гэр энд ойрхон байдаг, хоёулаа манайд очьё” гэхээр нь гэр рүү нь очсон. Тэгээд гэрт нь оронд хамт хэвтэж байхдаа Б.О-ний дансны нууц кодыг би мэдчихсэн юм. Гэрээс нь гарч яваад данснаас нь 500.000 төгрөг авч өөрийнхөө данс руу шилжүүлсэн. Хохирлын 500.000 төгрөгийг цагдаа дээр байхдаа төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.О “... 2019 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед уг буудлаас гараад манай гэр болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 776 байрны 1-3 тоотод Ч.Ттэй хамт очсон. Ороод манай гэрт байсан 1 ширхэг шар айргийг Ч.Т уугаад зурагт үзээд хэвтэж байсан бөгөөд би унтаж байгаад утас дуугараад сэртэл манай найз Цэрэн-Очир залгаад найздаа 100.000 төгрөг зээлээч гэхээр нь би “найз нь босох гэтэл тэнхэл алга, хэвтэж байгаад босчихоод явуулъя” гэж хэлээд гэртээ хэвтэж амарч байгаад оройны 20 цаг 30 минутын үед дансыг нь аваад интернэт банкаараа 100.000 төгрөгийг Оожоогийн 5077204125 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл Ч.Т тэгвэл би дэлгүүрээс пиво аваад уугаад байя гээд ширээний доор байсан 8000 орчим төгрөгийг аваад дэлгүүр ороод пиво аваад ирье, хаалгаа онгойлгоорой гэж хэлээд гэрээс гарсан. Би гэрээсээ гаралгүй хүлээгээд байж байтал Ч.Т эргэж орж ирээгүй бөгөөд оройны 23 цагийн үед утасныхаа төлбөрийг хийх гзэд интернэт банк руугаа ороод үзтэл миний данснаас 500.000 төгрөг гарчихсан байсан. Тэгэхээр нь би гайхаад шилжүүлэг хийсэн байсан дансны эзэмшигчийг шалгатал Ч.Т гэх данс руу 500.000 төгрөг шилжсэн байсан.

Би Ч.Тд нууц кодоо хэлээгүй. Намайг найз руугаа 100.000 төгрөг шилжүүлж байхад Ч.Т миний ард зэрэгцээд хэвтэж байсан юм. Ч.Т 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед фэйсбүүкээр холбоо бариад миний дугаарыг аваад надтай яриад “данснаас чинь мөнгө авах шаардлага байсан юм. Банкны зээлээ төлөх гээд авчихсан. 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цалингаа аваад 2 ахтайгаа нийлээд шоудчихсан юм, мөнгийг чинь өгнө” гэхээр нь би “чи миний нууц кодыг яаж мэдсэн юм” гэхэд Ч.Т нь “би харчихсан юм” гэж хэлсэн. Үүний дараа 2019 оны 8 дугаар сарын 12-ны оройны 21 цаг өнгөрч байхад Ч.Т нь манай гэрт яваад ирье гээд уулзаад чи миний мөнгийг яаж авсан юм гэж асуутал би танай гэрээс гараад такси бариад жолоочийн утаснаас интернэт банк ороод өөрийнхөө данс руу 500.000 төгрөгийг шилжүүлчихсэн юм гэж хэлсэн.

2019 оны 8 дугаар сарын 14-нд Ч.Т цагдаа дээр байх үедээ над руу залгаад “би чиний мөнгийг чинь орой өгчихнө. Чи цагдаад зээлсэн гэж хэлээд өгөөч гэхээр нь тэгэхгүй өргөдөл дээрээ би үнэнээ бичээд өгчихсөн байгаа гэсэн чинь Ч.Т чи согтуу байсан согтуудаа надад мөнгө эзэлчихсэн байна гээд хэлээд өгчих л дөө” гээд намайг гуйгаад байсан” /хх-н 13-14/ гэж,

гэрч Б.Б “... би 2019 оны 8 дугаар сарын 14-нд утсаар холбогдож яриад мөнгөө алдсаныг нь сонсоод Оюун-Эрдэний гэрт 13 цагт яваад очсон. Тэгээд бид 2 гэрт нь байж байтал Ч.Т гэгч нь манай найз Б.Отэй утсаар яриад зээлсэн гээд хэлээд өгөөч, өнөө орой мөнгийг чинь олоод өгье, хэргээ гомдолгүй гээд хаалгаад өгөөч гээд утсаар ярихад яг хажууд нь сууж байгаад сонссон” /хх-н 10/ гэж,

яллагдагч Ч.Б “... би 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөх тэнгэр гэх караокед байж байгаад Б.О гэх эмэгтэйтэй танилцаад юм ярьж сууж байгаад хоорондоо дотносоод шөнийн 03 цагийн үед уг караокеноос гараад хажуу талд нь байрлах Симет гэх нэртэй буудал руу пиво аваад орсон. Тэгээд ороод уг пивоо хувааж ууж хоноод маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 12 цагийн үед гараад Оюун-Эрдэний гэр болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 776 байрны 1-3 тоотод бид хоёр очсон. Очиход Оюун-Эрдэнийд хүн байгаагүй бөгөөд бид хоёр гэрт байсан пивийг уугаад унтсан. Тэгээд бид хоёр Оюун-Эрдэний гэрт хамт хэвтэж байтал Б.О интернэт банк ашиглан миний хажууд найз руугаа 100.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ үед би интернэт банкны нууц кодыг нь хараад цээжлээд авчихсан юм. Үүний дараа бид хоёр хэвтэж байгаад орой 20 цагийн үед би Оюун-Эрдэний гэрээс бэлэн 8.000 төгрөг аваад гадагшаа дэлгүүр гарч пиво авлаа гэж хэлээд гарсан. Гэрээс нь гараад өөрийнхөө гэр рүүгээ явмаар санагдаад Оюун-Эрдэний гэрийн хойно байрлах төв замаас такси аваад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 1-р хороо, 012-34 тоот руу явсан. Тэгээд явж байх замдаа таксины жолоочийн гар утсыг ашиглаад интернэт банкаар нь Оюун-Эрдэнийг найз руугаа мөнгө шилжүүлж байх үед нь хараад цээжилж авсан нууц кодыг нь ашиглаад өөрийн 0000000 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс намайг ирж мэдүүлэг өг гэсэн” /хх-н 45/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр “... хэргийн зүйлчлэл тохирохгүй байна, ... шүүгдэгч Ч.Тгийн хувийн байдлыг тодорхой болгож чадаагүй, ... мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай санал, хүсэлт гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлт нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ.

“хулгайлах”, “дээрэмдэх” “залилах”, “хөрөнгө завших” гэмт хэргүүд нь хэдийгээр Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах боловч гэмт хэргийн үйлдэгдэх аргаар өөр өөр байдаг.

Жишээ нь; “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авдаг бол, “дээрэмдэх” гэмт хэрэг нь хохирогчийг мэдсээр байхад эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэж авдаг, харин “залилах” гэмт хэргийн хувьд хохирогчийг мэдэж байхад нь түүнд итгүүлэх, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь хууль бусаар авдагаар тус тус яллагддаг.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах тухай” хүсэлт нь хэргийг прокурорт буцаах шууд үндэслэл болохгүй.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ч.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Т-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч Б.О- “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

Шүүгдэгч Ч.Т цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Ч.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Т-гийн ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Ч.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.О гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ