Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 477

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг Өндөр өнц гэх газар оршин суух Монгол овогт Гэлэгпилийн Мөнхдалайгийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Мөнхдалай шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар оёдолчиноор, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл Өвөрхангай аймгийн Намын хороонд үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Гэлэгпэлийн Мөнхдалай нь 1981 оноос 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар оёдолчиноор, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл Өвөрхангай аймгийн Намын хороонд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд миний ээж Г.Мөнхдалайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Мөнхдалай нь 1981 оноос 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар оёдолчиноор, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Намын хороонд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2637 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч Н.Цэдээ, А.Маамхүү нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Гэлэгпэлийн Мөнхдалайг 1981 оноос 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар оёдолчиноор, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Намын хороонд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА