Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0093

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч А.Н,

хохирогч Л.О, түүний өмгөөлөгч Л.Баттогтох

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905041271366 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 18-нд Завхан аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Баянгол дүүргийн .... гал сөнөөгч ажилтай, ам бүл-3; эцэг, эхийн хамт Завхан аймаг Тосонцэнгэл сум, 4 дүгээр баг, Рашаант гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Нуурын 0-0 тоотод ах С.О-нд түр амьдардаг, ял эдэлж байгаагүй, ИГ000000 дугаарын регистртэй, Хүлэг бариач овогт А.Н

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Нийслэлийн онцгой байдлын аврах 105 дугаар ангийн хашаанд хохирогч Л.О-г “малгайгаа бариуллаа” гэх шалтгаанаар зодож, түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би “О” ахыг цохиж зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ асуудал надаас болоогүй, өөрөөс нь эхэлсэн. Тэр битгий хэл эхлээд миний уруул хэсэгт бөгжтэй гараараа цохьсон. Ер нь бол ажил дээр янз бүрийн байдал гаргаж, доромжилсон, дээрэлхүү байдлаар харьцдаг байсан. Хохиролд нэхсэн мөнгийг нь манай аав хөдөөнөөс ирээд төлж барагдуулсан гэв.

 

 

Хохирогч Л.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд гомдолтой, одоо ч айдастай байна. Н бол уг нь миний том хүүтэй чацуу, би түүнийг өөрийнхөө дүү шиг байдаг байсан. Манай гэрээр 2 удаа ирж ажилд тусалж байсан нь үнэн. Манайд хоёр О ажилладаг учраас намайг “Л”-ээ гэж дууддаг юм. Гэтэл “Л”-ээ гэдгийг нь энэ Н элээ шувуу болгож дуудаад намайг доромжлоод байдаг байсан. Би нийт 30 хэдэн хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд нийт 4.250.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Харин Н намайг янз бүрээр дарамтлахаас айдастай байна гэв.

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Н “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1905041271366 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг судалвал:

хохирогч Л.О “… 4 дүгээр сарын 12-ны өглөө манай алба жагсаалын үзүүлэх тоглолт хийх гэж байсан юм. Салаан дарга машинаа оруулах гээд байж байсан. Би мэнд мэдээд машинаа шахаж зай гаргаж өгье гээд машиндаа орох гэтэл миний дамар малгай тулаад би малгайгаа автал манай нэг шинэ дэд ахлагч ард байсан. Тэгээд би “өө сайн уу миний дүү” гээд “ахынхаа малгайг авч байгаач” гээд малгайгаа өгтөл араас нэг үг хэлэх шиг болсон. Эргэж ирээд малгайгаа авсан чинь надад “битгий оодроод байгаарай” гээд байсан. Тэгэхээр нь “юу гэнэ ээ” гээд асуухад “чам шиг элээ шувуутай харьцахгүй” гээд байсан. Би “юу гэнэ ээ” гээд араас нь бариад авахад эргээд намайг шууд зүүн шанаанд нэг удаа цохисон. Би тэр дороо газар унасан. Би мэдүүлэг өгөөд ГССҮТ эмнэлэг ороод дээд доод зовхи дээр нийт 12 оёдол тавиулсан. Яамны эмнэлэг ороод тэндээ нүдээ очиж үзүүлсэн. Энэ үед би маргааш өдөр нь анги дээр очоод даргатай уулзаад чөлөө авч эмнэлэгт хэвтэх болсон. Өмнө нь хамт ажиллаж байсан хүүхэд болохоор нөгөө хүнээсээ сайн дураараа гомдлоо буцааж авахаар болж цагдаагийн байгууллагад хүсэлтээ гаргаж өгсөн. Тухайн үед нөгөө хүн надад эмчилгээндээ хэрэглэ гээд 4,2 сая төгрөг өгсөн. Дараа нь би 2019 оны 4  дүгээр сарын 19-нд ТТАХНЭ-т 1 сая төгрөгөөр хагалгаанд ороод өглөө 10 цагт ороод 15 цагт гарч ирсэн. Дараа нь миний нүүрний алиман яс цөмрөлттэй байсан нь хаван хавдар их байсан болоод шар ус хуралттай, гэмтлийн дараах хүндрэл өгөөд байна гэж эмчлэгч эмч хэлсэн. Тэгээд сэдэрсэн гээд улмаар 2019 оны 8 дугаар сарын 25-нд дахин хагалгаанд орсон Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт маргаантай зүйл байхгүй” /хх-н 78-80/ гэж,

яллагдагч А.Н “... 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай ажил Нийслэлийн Гамшгаас хамгаалах 105 дугаар ангид жагсаалын үзүүлэн тоглолттой байсан юм...салаан дарга О машинаа зогсоолд тавих гээд зай муутай байсан. Энэ үед манай салааны О гээд ахлах ахлагч машинаа зайчлаад оруулъя гээд байж байсан. Энэ үед би машинаас буухад О надад хэнээ ахын дүү малгай барьж бай гэж хэлсэн. Тэгээд малгай бариад байж байхад надад хандаад “Завханыхан завхай загас нь тэмбүүтэй, охид хүүхэн нь хулмастай, О нь алмастай, хүн гөрөөс ихтэй” гээд хэлэхээр нь...би “элээ шувуутай харьцахгүй, битгий нутаг орноор нь доромжлоод байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би цааш эргээд явахад хараалын үг хэлээд араас бариад авахаар нь эргэж хараад баруун гараараа зүүн нүд орчимд нь нэг удаа цохисон юм. Тэгээд О газар уначихсан...тэгээд цагдаа ирээд бид мэдүүлэг өгсөн. О ах цагдаа дээр ирээд хоёулаа учраа ольё хохирол барагдуулчих,тэгээд эндээс сална гээд байсан. Тухайн үед би хөдөө гэр лүүгээ холбогдоод аав, ээждээ энэ талаар хэлээд манай аав, ээж нар ирсэн. Тэгээд О ахад 4,800,000 төгрөг өгсөн. Манай аав, ээжид хүртэл “залуу хүүхэд ажил төрөл хийж байхад нь би гай болоод яах вэ?” гэх мэт юм яриад байсан. Тэгээд цагдаагийн газарт ирээд надад ямар нэгэн хохирол гомдол байхгүй гэж бичиг хийж өгөөд салсан. Одоо намайг 2,500,000 төгрөг өгчих тэгээд энэ хэргийг хаая гээд байсан” /хх-н 86-89/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Л.О-н гэмтэлтэй холбоотойгоор “Л.О-н биед хоншоор ясны зүүн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн ухархайн доод, дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хоншоорын хөндий, зүүн элхэгийн хөндий дэх цус хуралдалт, хамар, зүүн хацар, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучийн гэмтэл байна. Дээрх хоншоор ясны зүүн урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь гэтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.гэсэн 13681 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 70/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Н-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Н-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Л.О эмчилгээний зардалтай холбоотой 2.415.400 төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгсөн. Харин шүүгдэгч хохирогчийн хохирол төлбөрт 4.250.000 төгрөг төлсөн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч А.Н цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

        ТОГТООХ нь:

 

1. Хүлэг бариач овогт А.Н-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дахь 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. А.Н торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. А.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.О гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Н-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ