Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 01512

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26-108 тоотод оршин суух, /регистрийн дугаар ЧС82101607/, Төв овгийн Баатарчулууны Анхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26-108 тоотод оршин суух, /регистрийн дугаар МЭ79120675/, Их авга овгийн Чинзоригийн Мөнхбатад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Анхтуяа, хариуцагч Ч.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Анхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нөхөр Ч.Мөнхбаттай 2004 онд танилцаж, 2006-09-26-ны өдөр хууль ёсны гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2006-08-29-ний өдөр хүү М.Тэмүүлэн, 2011-09-16-нд охин М.Намуун, 2014-07-23-нд хүү М.Тэмүүжин нар төрсөн. Хамтын амьдралын энэ жилүүдэд нөхөр маань байнга хардаж, дарамталдаг байсан ба 2012-04-11-нд цагдаад өргөдөл өгч хуулийн дагуу шийдүүлэх гэсэн боловч шалгаж байна гэх үндэслэлээр прокурор цагдаагийн байгууллага 2-ын хооронд 1 жил 3 сар шахуу байсны эцэст би өргөдөлөө татаж авсан. 2012 оноос нөхөр маань муудалцах, өөртөө таалагдахгүй үедээ байнга гэрээсээ явж хамгийн дээд тал нь 4 сар явдаг болсон. 2015 оны 09 дүгээр сард Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхий эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч өнөөдрийг болтол эцэг хүний хариуцлага, үүргээ ухамсарлахгүй байна. Миний хувьд 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт  амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлцээ цуцлуулж, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, 3 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгон, орон сууцнаасаа өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Чинзориг овогтой Мөнхбат нь Б.Анхтуяатай ханилж дундаасаа 3-н хүүхэдтэй болсон. Эхнэр Б.Анхтуяагийн салах өргөдлийн дагуу бүх хүсэлтийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 1. Хүүхдүүдээ эх Б.Анхтуяагийн асрамжинд үлдээх, 2.Хүүхдүүдэд эцэг Ч.Мөнхбат нь тэтгэмж өгөх, 3.Байраа /орон сууц/ болон орон сууцны зээлийн хамт Б.Анхтуяа, 3 хүүхдүүдийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрч эвлэрсэн болно гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Б.Анхтуяа нь хариуцагч Ч.Мөнхбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Анхтуяа, хариуцагч Ч.Мөнхбат нар нь 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн Г-1651 дүгээрт бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд хамтран амьдрах хугацаанд 2006 оны 08 дугаар сарын 29-нд хүү М.Тэмүүлэн, 2011 оны 09 дүгээр сарын 16-нд  охин М.Намуун, 2014 оны 07 дугаар сарын 23-нд хүү М.Тэмүүжин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа тухай “Мэндцэцэн” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч Б.Анхтуяа нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Ч.Мөнхбат нь хардаж дарамталдаг, эцэг хүний хариуцлага, үүргээ ухамсарлахгүй байна гэснийг хариуцагч үгүйсгээгүй, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч нь  Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн гэрлэгчид  цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх ба гэрлэлтээ цуцлуулахыг аль алин нь хүлээн зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлах, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Хүү М.Тэмүүлэн, М.Тэмүүжин, охин М.Намуун нар нь ээжтэйгээ хамт амьдарч байгаа, нэхэмжлэгчийн бага насны хүүхдүүддээ анхаарал хандуулж, өсгөн хүмүүжүүлж байгаа байдал, түүнчлэн Б.Анхтуяа нь хөдөлмөр эрхэлдэг өөрийн гэсэн орлоготой, эцэг Ч.Мөнхбат нь эдийн засгийн хувьд боломжтой хэдий боловч ёс суртахуун, зан байдал зэргийг харгалзан Хүү М.Тэмүүлэн, М.Тэмүүжин, охин М.Намуун нарыг эх Б.Анхтуяагийн  асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар эцэг Ч.Мөнхбатаар тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Орхон аймаг,Баян-Өндөр сум,Оюут баг,2-26-108 тоот улсын бүртгэлийн Ү-2101014323 дугаартай 2 өрөө орон сууцны үнийг 24,000,000 төгрөгөөр Голомт  банкны зээлээр төлөхөөр гэрээ байгуулан Б.Анхтуяа, Ч.Мөнхбат нар нь  өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь 2011 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн Голомт банкны орон сууцны зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтыг үндэслэн зохигчдын эвлэрлийн гэрээг баримтлан гэр бүлийн гишүүдэд адил хуваарилан, хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эхийн хэн аль нь хүлээдэг учир Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Орхон аймаг,Баян-Өндөр сум, Оюут баг,2-26-108 тоот улсын бүртгэлийн Ү-2101014323 дугаартай 2 өрөө орон сууцыг Б.Анхтуяа, Хүү М.Тэмүүлэн, М.Тэмүүжин, охин М.Намуун нарын өмчлөлд, 2011-04-26-ны өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хамт үлдээхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу зохигчдоос гаргуулах нь зүйтэй байна.

              Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115,2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

              1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан Б.Анхтуяа, Ч.Мөнхбат нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2006 оны 08 дугаар сарын 29-нд хүү М.Тэмүүлэн, 2011 оны 09 дүгээр сарын 16-нд  охин М.Намуун, 2014 оны 07 дугаар сарын 23-нд хүү М.Тэмүүжин нарыг эх Б.Анхтуяагийн  нь асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2006 оны 08 дугаар сарын 29-нд хүү М.Тэмүүлэн, 2011 оны 09 дүгээр сарын 16-нд  охин М.Намуун, 2014 оны 07 дугаар сарын 23-нд хүү М.Тэмүүжин нарт бүс нутагт тогтоосон амьжирганы баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /11-16 нас / суралцаж байгаа бол /18-н нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Ч.Мөнхбатаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5.Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Орхон аймаг,Баян-Өндөр сум, Оюут баг,2-26-108 тоот улсын бүртгэлийн Ү-2101014323 дугаартай 2 өрөө орон сууцыг Б.Анхтуяа, хүү М.Тэмүүлэн, хүү М.Тэмүүжин, охин М.Намуун нарын өмчлөлд үлдээсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

7.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН