Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 103

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Ц.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905039381367 тоот хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 07-нд Орхон аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2; эхийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 0-0 тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлсэн,

3. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлсэн,

ФЖ000000 дугаарын регистртэй, Монгол овогт Ц.О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.О 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Д, П.Б нартай маргалдаж улмаар П.Д-гийн биед гурван шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол, П.Б-ын биед гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Энэ талаар бичиж өгсөн байгаа. Хүн зодсон нь бүгд миний буруу учраас дахин ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Хэрэг гарсаны дараа Б, Д нарын ээжтэй уулзахад Б-ын ажилгүй байсан хугацааны 14 хоногийн цалин гэж 2 сая төгрөгийг, Д-д болохоор 500.000 төгрөг нэхэмжилнэ гээд байсан. Энэ мөнгийг нь өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Боломжтой болохоор төлөх болно. Харин Б-ыг томографт үзүүлсэний 280.000 төгрөгийг би төлсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.О-г хоёр хүнийг зодож эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгээр буюу тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдлаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч П.Д “…2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-8 тоот гэртээ унтаж байхад манай байшингийн гадна талын хаалгыг хүн нүдээд байхаар нь манай том ах Б ах босоод хаалга онгойлгоход манай эсрэг талын хашаанд амьдарч байсан О гэх залуу орж ирээд одоо цагдаа ирвэл та нар намайг энд ирсэн гэж хэлж болохгүй шүү, би шоронгоос гарч ирж байгаад та нарыг ална шүү гэж хэлсэн. Тэгээд Б ахыг нэг цохиод намайг гараад хувцсаа өмсөөд гараад ир гэж хэлсэн. Гэтэл Б ах намайг чи байж бай би өөрөө гаръя гээд өрөө рүүгээ ороод байж байхад О миний хэвлий хэсэгт цохихоор нь би доошоо тонгойход миний доороос маань өлгөж цохисон. Миний амнаас цус гараад үүдэн гурван шүд маань хөдөлгөөн орчихсон хөдөлж байсан.

О нь Б ахыг чирээд тэр хоёр гэрээс гадагшаа гарсан. Цонхоор харахад О хоёр залуу, хоёр эмэгтэйн хамт зогсож байгаад Б-ын ахыг аваад харанхуй хэсэг рүү аваачсан. О нь Б ахын нүүр болон цээж рүү нь цохиод байсан” /хх-н 21-22/ гэж,

хохирогч П.Б “... 00 цагийн үед гэртээ унтаж байтал манай байшингийн хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь би босоод хаалгаа онгойлгоход манай эсрэг талын хашааны О гэх залуу нилээн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. О гэрт ганцаараа орж ирээд цагдаа нар намайг асууж ирнэ, тэгэхээр нь намайг хараагүй шүү гэж хэлээрэй гэж хэлээд миний гэдэс рүү хальт ёвроод, манай дүү Д-г хувцсаа өмсөөд гараад ир гэхээр нь би Д-г чи байж бай, ах нь гаръя гзж хэлээд өрөө рүүгээ ороод хувцсаа өмсөх гээд ороход О нь Д-г чамайг гараад ир гээд байхад гэж хэлээд Дгийн нүүр рүү хоёр удаа цохьсон.

Тэгэхээр нь би О-г чи яаж байгаа юм бэ гэж хэлээд түлхээд гадагшаа аваад гарсан. О-г гадагшаа аваад гарахад чи доллар гэж мэдэх үү, мөнгө мэдэх үү гэх зэргийн юм асуугаад байхаар нь би тийм зүйл үзээгүй гэж хэлсэн. Гэтэл О байшингаас гарангуут манай хашаанд байдаг кентейнерийн хажууд очоод миний цээжинд хоёр удаа цохихоор нь би доошоо тонгойход миний дагз хэсэг рүү цохиод би урагшаа унахад миний толгой руу хэд хэдэн удаа дэвсээд байж байхад О-тэй хамт явж байсан бололтой эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь хүрч ирэхэд нь хутга аваад ир, энийг энд нь алъя гээд орилоод байсан” /хх-н 24-25/ гэж,

гэрч П.Ө “... тухайн өдрийн шөнө би гадуур явж байсан бөгөөд манай дүү Д-н эхнэр залгаад ахаа Б ах, Д хоёрыг хүн зодчихлоо гэхээр нь би цагдаа дуудсан юм уу, би очлоо гээд шууд гэр рүү явж очоод гэртээ ороход Б ах цээжээ дарчихсан хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад О орж ирээд зодчихлоо гэхээр нь би гарсан. Цагдаа нар ирчихсэн зодсон хүн нь хаана байна гэхээр нь би О-гийн хуучин амьдарч байсан хашааг нь зааж өгөөд цагдаа нартай хамт ороход О монгол гэр дотор сууж байхаар нь би гүйж очоод О-гийн мөр рүү нь өшиглөхөд газар уначихаар нь би гараад явчихсан” /хх-н 51/ гэж,

гэрч У.З “... тэр залуу нь манай цагдаа бид хоёрт зааж явж байгаад бид хоёроос түрүүлж монгол гэр рүү ороод гэрийн зүүн талд сууж байсан 35-40 орчим насны залуугийн баруун гар руу хөлөөрөө өшиглөөд газар унагаачихсан. Тэгэхээр нь би тэр Ө гэх залууг холдуулаад нөгөө газар унасан залууг босгоод тэр хоёрыг хоёуланг нь аваад гадагшаа гарсан. Би цагдаагийн хамт тэр хоёр залууг авч гараад газар унасан залууг нь цагдаагийн алаг машинд суулгах гэхэд тэр залуу бид нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлээд машинд суухгүй гээд байхаар нь тэр залууг гавлаад машиндаа суулгаад зодуулсан гэх ах дүү хоёрыг цагдаагийн хэлтэс рүү явж өргөдөлөө өгөөрэй гээд явуулсан. Тэр газар унасан гэх залуугийн нүүрэнд нь цохисон асуудал байхгүй, сууж байхад нь гар руу нь өшиглөсөн. Тэр газар унасан гэх залууг монгол гэрээс авч гарсаны дараа дахиж цохисон асуудал байхгүй, цагдаагийн машинд суухгүй гээд байхаар нь би гавлаад шууд машиндаа суулгасан. Бид нар гавлуулсан хүнээ хамгаалж байгаад машинд суулгах үед цохиулсан асуудал байхгүй” /хх-н 59-60/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч П.Д-н гэмтэлтэй холбоотойгоор “П.Д-н биед гурван шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 11970 тоот дүгнэлт,

 хохирогч П.Б-ын гэмтэлтэй холбоотойгоор “П.Б-ын биед гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 11969 тоот дүгнэлтийг тус тус Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 35, 38/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.О-г “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.О-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ц.О нь ямар ч шалтгаангүйгээр бусдыг зодож байгаа нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, үл ялих зүйлээр шалтагласан шинжийг агуулж байна. Түүнчлэн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний урьд өмнө ял шийтгүүлж байсан хувийн байдлыг тус тус харгалзлаа.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.О урьд өмнө шүүхээс 2 удаа танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч хүнийг дахин ямар ч шалтгаангүйгээр зодож байгаа нь түүний хувийн зан байдлыг илэрхийлнэ.

 

Хохирлын хувьд:

Нэр бүхий хохирогч нар эмчилгээний баримт өгөөгүй боловч тэдгээрийн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Ц.О цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Д, П.Б нар гомдолтой гэснийг, энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Ц.О-г “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.О-г 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ц.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ц.О цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Д, П.Б нар гомдолтой гэснийг, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч П.Д, П.Б нарын шүүгдэгч Ц.О-д холбогдуулан нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.О-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ