| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2017/0075/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2017-07-06 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Мээпам |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 22
|
|
Д.Батхишигт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Мээпам
Яллагдагч Д.Батхишиг
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр
Нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нарыг оролцуулан,
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэгийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 274 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Батзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Д.Батхишигт холбогдох 201703000213 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын харьяат, 1984 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Өөлд овогт Дамбардаржаагийн Батхишиг /РД:АМ84041212/
Яллагдагч Д.Батхишиг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Хаалгат гэх газарт эхнэр Л.Хандаатай хувийн таарамжгүй харилцаа буюу хурдан морины уралдаанд явуулсангүй гэж маргалдан улмаар сандал авч Л.Хандаагийн нүүрэн тус газарт шидэж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймгийн Цагдаагийн газраас Д.Батхишигт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг Архангай аймгийн Прокурорын газраас баталж, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 274 дугаартай шүүгчийн захирамжаар: Хэргийг хянахад яллагдагч Д.Батхишиг нь бичиг мэдэхгүй байхад хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, зөвхөн хохирогч Л.Хандаагийн хүсэлтээр эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, яллагдагч Д.Батхишиг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгаж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэл хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогдсон байхад прокуророос Д.Батхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 1 хоногийн баривчлах ялын санал гаргаж сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 415 дугаар зүйлийн 415.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж яллагдагч Д.Батхишигийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна.
Иймд Д.Батхишигт холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж дээрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчлийг засуулах үндэслэлтэй гээд яллагдагч Д.Батхишигт холбогдох 201703000213 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Батхишигт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, захирамжинд прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.Батзаяа бичсэн эсэргүүцэлдээ:
Яллагдагч Д.Батхишиг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Хаалгат гэх газарт эхнэр Л.Хандаатай хувийн таарамжгүй харилцаа буюу хурдан морины уралдаанд явуулсангүй гэж маргалдан улмаар сандлаар Л.Хандаагийн нүүрэн тус газарт шидэж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 274 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байх ба уг захирамжинд:
Д.Батхишиг нь бичиг мэдэхгүй байхад хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, зөвхөн хохирогч Л.Хандаагийн хүсэлтээр эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, яллагдагч Д.Батхишиг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлж, гэм хорыг арилгаж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэл хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогдсон байхад прокуророос Д.Батхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 1 хоногийн баривчлах ялын санал гаргаж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 415 дугаар зүйлийн 415.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж яллагдагч Д.Батхишигийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна. Иймд Д.Батхишигт холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж дээрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчлийг засуулах үндэслэлтэй гэж үзлээ гэжээ. Захирамжийн үндэслэлийг хянавал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Батхишиг, хохирогч Л.Хандаа нар нь харилцан зөвшөөрч хүсэлт гаргасан, сэжигтэн Д.Батхишиг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохиролын талаар маргаангүй үндэслэл тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулжээ. Д.Батхишиг, Л.Хандаа нар нь харилцан зөвшөөрч хүсэлт гаргасан болох нь тэдгээрийн хэрэг бүртгэлтийн явцад өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлд заасны дагуу яллагдагч Д.Батхишигт холбогдох хэргийг сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг батлан анхан шатны шүүхэд шилжүүлсэн болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлд прокурор хялбаршуулсан журмаар шалгаж ирүүлсэн хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллагдагчаар татсан тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр заасан бөгөөд хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрсэн тохиолдолд хэргийг заавал хэрэгсэхгүй болгох талаар заагаагүй байдаг. Харин мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаас үзэхэд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Д.Батхишиг нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг өгөхдөө ямар боловсролтой вэ гэж асуусан хэрэг бүртгэгчийн асуултанд “бага боловсролтой” гэж мэдүүлж, мэдүүлэгт гарын үсэг зурсан байгаа нь түүнийг Монгол хэл, бичиг мэдэхгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт зөрчигдөөгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 274 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
2017 оны 06 сарын 14-ний өдрийн 09 тоот прокурорын эсэргүүцэлтэй холбоотой товч тайлбар хийе. Д.Батхишигт холбогдох 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар бүлэг, 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэмэгдсэн хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах гэсэн журмаар тухайн хэрэг шийдвэрлэгдсэн. 314 дүгээр зүйлийн 314.1-д заасан хэргийн харъяалалд тухайн хэрэг маань харьяалагдаж байгаа. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх журмын дагуу хохирогч Л.Хандаа, яллагдагч Д.Батхишиг нар нь хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 зүйлд прокурорын хяналт гэдэгт хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх талаар зохицуулсан. Яллагдагчаар татах тогтоол батлагдсанаар яллагдагчид оногдуулах ялын хэмжээний талаар санал бичихээр заасны дагуу саналаа хавсаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор яллагдагчаар татсан тогтоолыг шүүхэд шилжүүлнэ гэсэн журмын дагуу шүүхэд яллагдагчаар татсан тогтоолыг шилжүүлсэн. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан. Нөгөөтэйгүүр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсоор байтал хэргийг хэрэгсэхгүй болголгүй шүүгчийн захирамж гарсан. Прокурорын эсэргүүцлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэнийг хууль бус гэж үзсэн. Д.Батхишиг нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдэж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл байгаа учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй. Д.Батхишиг нь хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар байцаалт өгөхдөө өөрийгөө бага боловсролтой гэж мэдүүлсэн. Тухайн байцаалтын биеийн байцаалтын хэсэгт энэ талаар дурдсан байгаа. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан “Монгол хэл бичиг мэдэхгүй” гэсэн үндэслэл тогтоогдоогүй. Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Батхишигийг бага боловсролтой гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Д.Батхишигийн бичиг үсэг мэдэхгүй байгаа нь хэргийн материалтай танилцсан байдлаас харагддаг. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт нь Д.Батхишигийнх биш эхнэр Хандаагийн бичгийн хэв байдаг. Д.Батхишигийн гарын үсэг зурсан байдлаас ч гэсэн бичиг үсэг мэдэхгүй байдал нь харагддаг. Д.Батхишиг 1 дүгээр анги төгссөн учир өөрийгөө бага боловсролтой гэж бодон байцаалтад бага боловсролтой гэж хариулсан байдаг юм билээ. Үүнээс биш бага боловсрол эзэмшсэн асуудал байхгүй. Бичиг үсэг мэдэхгүй байгаа нь үйл явдлаар нь харагддаг, илэрхий байсаар байтал бичиг үсэг мэддэг хүний адилаар хандсан нь процессын алдаа гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэн аль нь сайн дураараа эвлэрсэн байгаа прокурорын шатнаас хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Заавал шүүхээс эрхийн акт гарах ёстой асуудал биш. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Батхишигт холбогдох хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Анхан шатны шүүх яллагдагч Д.Батхишиг нь бичиг мэдэхгүй байхад хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, зөвхөн хохирогч Л.Хандаагийн хүсэлтээр эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, яллагдагч Д.Батхишиг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлж, гэм хорыг арилгаж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэл хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогдсон байхад прокуророос Д.Батхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 1 хоногийн баривчлах ялын санал гаргаж сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 415 дугаар зүйлийн 415.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж яллагдагч Д.Батхишигийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна гэж үзэн Д.Батхишигт холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж байсан ба мөн хуулийн 25 дугаар зүйлд...хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай зохицуулалт байсан ба прокурор, шүүхэд уг эрхийг олгож хуульчилсан.
Гэвч давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед буюу 2017 оны 07 сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ зохицуулалт тусгагдаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэхгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар прокурорт буцаах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн Д.Батхишигийг сэжигтэн, яллагдагчаар татаж, байцаахдаа түүнээс боловсролын талаар асууж, бага боловсролтой болохыг тодруулсны дараа байцаалт авсан болох нь хэрэгт авагдсан мэдүүлгийн тэмдэглэлээр нотлогдсон, анхан шатны шүүх Д.Батхишигийн эх сурвалжаа зааж чадаагүй тайлбарыг үндэслэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-ийн 1.3-т заасан нөхцөл тогтоогдохгүй байх тул Д.Батхишигт холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1-т тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний бусдад учруулсан хохирол, гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг болох…шүүх Д.Батхишигт холбогдох хэргийг хохирогч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн үндэслэлийг хэлэлцэхгүй орхиж, Д.Батхишиг нь боловсролгүй болох нь тогтоогдоогүй тул хэргийг буцаах шаардлагагүй гэсэн эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх 2017 оны 06 сарын 05-ны өдөр Д.Батхишигт холбогдох хэргийг хүлээн авчээ. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авсан даруйд яллагдагчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээний аль нэгийг сонгож хэрэглэхээр хуульд заасан байхад Д.Батхишигт ямар нэгэн таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглээгүй атлаа хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэнд буцаахдаа яллагдагч Д.Батхишигт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.Батхишигт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 274 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Батхишигт холбогдох 201703000213 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхэд хэрэг очтол Д.Батхишигт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3-т зааснаар яллагдагч Д.Батхишиг нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ зөрчвөл
таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
В.ЦЭЦЭНБИЛЭГ