Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 44

 

2017 оны 12 сарын 21 өдөр

          Дугаар 123/ШШ2017/0044

                                 Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Тээвэр төв” ХК, иргэн С.Бямбасүрэн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга нарт холбогдох,

“Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамж, “Бэржин  хайрхан” ХХК-д олгосон 2000 оны газар эзэмших гэрчилгээ, гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат, Б.Оюунцэцэг, Р.Жавзандолгор нар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лут, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Тээвэр төв” ХК, иргэн С.Бямбасүрэн нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тээвэр төв” ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа өөрийн хил хязгаар болох 1.5 га /2.1 га байх ёстой гэдгийг буруу бичсэн газрыг ашиглаж байсан бөгөөд социализмын үед ашиглаж байсан хашаа болон обьектууд өнөөдрийг хүртэл байгаа болно. “Тээвэр төв” ХК өөрийн хөрөнгөөр социализмын үед татсан цементэн хашаатай, 2 давхар конторын барилга, сургалтын байр, склад, 30 машины авто граж, диспечирын барилга, агуулах, ажилчдын орон сууц зэрэг эд хөрөнгөтэй компани бөгөөд хот хоорондын тээвэр, жолооны курс, гагнуур, сантехникийн чиглэлийн сургалтын үйл ажиллагааг явуулж байсан болно. “Тээвэр төв” ХК нь улсын өмчийн 51 хувийг 1997.12.19-ний өдөр дуудлага худалдаагаар 19.500.000 төгрөгөөр Ж.Дашдэмбэрэл худалдан авсан бөгөөд 2002.09.04-ний өдөр хувьцааны өмчлөх эрхээ С.Бямбасүрэнд шилжүүлсэн болно. “Тээвэр төв” ХК нь Төв аймгийн Засаг даргын 1997.01.13-ний өдрийн 06 тоот захирамжаар 10 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. “Тээвэр төв” ХК-ийн газар эзэмших эрх дуусахаас өмнө Төв аймгийн газрын албанд удаа, дараа газрын гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд манай өргөдлийг хүлээн авч байсан хүмүүс өнөөдрийг хүртэл тус албанд ажиллаж байгаа билээ. Манай байгууллагын гаргасан газар эзэмших эрхээ сунгуулах өргөдөл гомдлыг дарагдуулдаг, устгадаг, хүлээн авахгүй байх арга саам хийдэг зэрэг нь төрийн албанд байж болшгүй гадуурхах үзэл гэж үзэж байна. Төв аймгийн газрын алба нь манай газрыг эзэмших эрхийг сунгаж өгөхгүй байсан мөртлөө Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заагдсаныг ноцтой зөрчиж “Бэржин хайрхан” ХХК-д 2009.05.18-ны өдөр 239 тоот захирамж гаргаж 7531 м.кв газрыг олгосон байгаа нь манай компани болон хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Улмаар “Бэржин хайрхан” ХХК нь Б.Бат-Оюунд газраа шилжүүлсэн байна. “Бэржин хайрхан” ХХК-д олгосон 7531 м.кв газар дээр манай “Тээвэр төв” ХК-ийн өмчийн хашаа болон диспичерийн барилга бүхий 19 сая төгрөгийн эд хөрөнгө байгаа болно. Аймгийн Засаг даргад гомдол гаргахад манай өргөдлийг 2 сар судалсны эцэст 2017.02.13-ны өдөр 01/256 тоот хариу мэдэгдэх хуудсаар шүүхэд хандахыг зааж өглөө. Иймд Газрын тухай хуулийг зөрчиж гаргасан Төв аймгийн Засаг даргын 2009.05.18-ны өдрийн 239 тоот захирамж , 2011.06.07-ны өдрийн а/288 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухайд тус шүүхэд хянагдаж байгаа "Тээвэр төв" ХК, иргэн С.Бямбасүрэн нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн засаг дарга, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулатын газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх шүүх хуралдааны явцад “Тээвэр төв” ХК-ийг Төрийн өмчийн хороо 1998 оны 12 дугаар 03-ны өдрийн 849 тоот тогтоол гаргаж тус тогтоолын хавсралтын 3-р байгаа "Тээвэр төв" ХК -ийн 51%-ийг хувьчлахаас өмнө өөр этгээдэд "Тээвэр төв" ХК-ийн эзэмшил газрын хагасыг шилжүүлсэн гэх баримт гарч ирсэн. Төрийн өмчийн хороо болон "Тээвэр төв" ХК-ийн зөвшөөрөлгүй олгогдсон шийдвэрийн үндсэн дээр 2007 онд захирамж гарсан тухай асуудал сөхөгдсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл үүссэн. Иймд "Тээвэр төв" төрийн өмчит ХК-ийн эзэмшил газрын хагасыг Төрийн өмчийн хороо болон“ Тээвэр төв” ХК-ийн зөвшөөрөлгүй бусад этгээдэд шилжүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар 31-ны өдрийн 205 тоот захирамжийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн Засгийн газрын хувьчлах шийдвэрээр газар эзэмшүүлэхдээ тухайн үед 17 аж ахуйн нэгжид 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байдаг. Гэтэл зөвхөн “Тээвэр төв” ХК-д 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. 205 тоот захирамжийг гаргасан Зуунмод сумын Засаг даргаар ажиллаж байсан Галбадрах гэдэг хүн нь тээврийн баазын даргаар ажиллаж байсан. Энэ хүн эхнээсээ энэ бүх зүйлийг санаатайгаар зохион байгуулсан. Газрын төлбөрийг жил болгон 144000 төгрөгөөр төлдөг.  Газрын төлбөр төлөх болгондоо газрын албанаас юу гэж хэлэх нь үү? Танай газар багассан уу? танай газар эзэмших хугацаа дууссан шүү гэж хэлэх үү гэж байнга боддог байсан. Ганц удаа ч тийм зүйл хэлж байгаагүй. Учир нь энэхүү авто баазыг авч чадаагүйдээ юу ч хийж болохоор хүн байсан. Газрын төлбөрийг бид авахаас татгалзаж байна гэж хэлж байгаагүй. Цогтсайхан гэдэг хүн 13 дугаар баазын ерөнхий инженерээр ажиллаж байсан. Тухайн үед би өрөвдөөд газрыг нь дромтой цуг ашиглуулдаг байсан. Ашиглуулж байсныхаа хариуд би юу ч аваагүй. Гэтэл ийм муухай зүйл хийж байдаг. Би ингэх байх гэж огт бодоогүй. Би газар эзэмших эрхийн хугацаа сунгаж өгөөгүйд их гомдолтой байна. Хугацаа сунгуулах хүсэлтийг олон удаа өгсөн. Би тухайн үед энэ компанийг худалдаж авахад дулаандаа 13 000 000 төгрөг, цахилгаандаа 37 000 000 төгрөг, нийгмийн даатгал 6 000 000 төгрөг, татварын байгууллагад 12 000 000 төгрөгний өртэй ийм байгууллагыг худалдаж авсан. Энэ бүх өрийг бүгдийг төлсөн. Иймээс энэ компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч миний эрхийг сэргээж, хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1994 онд Газрын тухай хууль батлагдахад тухайн үед төрийн өмчит байгууллагуудын газрыг баталгаажуулах хамгаалах зорилгоор эзэмшүүлсэн байдаг. Энэ тухай Засгийн газрын тогтоол хүртэл гарсан байгаа. Үүний дагуу 1997 онд 06 тоот захирамж гарч “Тээвэр төв” ХК нь 21000 метр квадрат газрыг эзэмшүүлсэн. Маргааны гол агуулга энэхүү 06 тоот захирамжаар олгогдсон газрын талыг 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот захирамжаар “Бэржин хайрхан” ХХК-нд газар олгосон гэдгийг иргэн Цогтсайхан эхлээд өөртөө газар олгосон гэж тайлбар өгсөн байдаг ч түүний газар хүссэн өргөдөл, Цогтсайханд газар олгосон шийдвэр, гэрээ, гэрчилгээ байдаггүй. Харин Цогтсайхан захиралтай  “Бэржин хайрхан” ХХК-нд энэхүү 205 дугаар захирамжийг үндэслэн 7531 м2 талбайг эзэмших эрхийн гэрчилгээг 2000 онд олгож, мөн газар эзэмшүүлэх гэрээ хийсэн байдаг. “Тээвэр төв” ХК-нд газар олгосон 06 тоот захирамж нь хүчин төгөлдөр байхад 205 тоот захирамжаар газрыг давхцуулж олгох эрх Засаг даргад байхгүй. 205 тоот захирамж нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар үзэхэд илт хууль бус захирамж гэдэг нь тогтоогдож байгаа. Гэтэл энэхүү илт хууль бус 205 тоот захирамжийг үндэслэж аймгийн Засаг дарга 2009 онд “Бэржин хайрхан” ХХК-ий эзэмшилд байгаа  7531 м2 газрыг зориулалтыг нь өөрчилж шийдвэрлэсэн. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.3-т эзэмшүүлж байгаа газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулж олгохгүй гэж заасныг зөрчсөн. “Тээвэр төв” ХК-ийн үл хөдлөх хөрөнгө байгаа газраас нь Засаг дарга өөр хүнд хувааж эзэмшүүлэх эрх байхгүй. Гэтэл 239 тоот захирамжийг үндэслэж 2011 онд иргэн Бат-Оюунд газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ бусдад худалдах  нь хуулиар болохгүй. “Бэржин хайрхан”  ХХК-ий захирал Цогтсайхан нь иргэн Бат-Оюунд газраа худалдсан. “Бэржин хайрхан”  ХХК нь 2007 онд байгуулагдсан, компанийн дүрмийг 1999 онд батласан гэдэг нь  Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл 2007 онд байгуулагдсан компанид 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр яаж газар олгосон байх вэ гэдэг нь эргэлзээтэй. 1999 онд дүрмээ байгуулсан компани нь 1997 онд газар авна гэж байхгүй. Ингэж газар эзэмших ямар ч боломж байхгүй. Байгуулагдаагүй компанид газар эзэмшүүлнэ гэдэг нь илт хууль бус хууль зөрчсөн үйлдэл болсон. Өнөөдрийг хүртэл “Тээвэр төв” ХК нь газрын төлбөрөө  2.1 га газрын хэмжээгээр бүтэн тооцож төлсөөр ирсэн. Газрын төлбөрийг нь авсан байж газар эзэмшүүлэх хугацаа сунгуулах хүсэлт өгөхөд нь хугацааг нь сунгаж өгөхгүй эс үйлдэхүйг газрын албанд гаргасан. 2006 онд газар эзэмшүүлэх хугацаа сунгуулах хүсэлтээ ажилтан Даваагаар дамжуулан өгсөн. Гэрээний аль нэг тал нь цуцлах санал тавиагүй бол автоматаар хугацаа сунгагддаг хуулийн зохицуулалт ч байдаг. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш эрхтэй байх учиртай. Ер нь эзэмшиж буй газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан байхад доорхи газрын эзэмших эрхийг нь сунгахгүй гэж, мөн өөр хүнд зөвшөөрөлгүйгээр таслаж олгосон нь хууль бус юм. Төлбөрөө төлөөд явж байгаа учраас газар эзэмших эрхийн хугацаа хүчинтэй, төлбөрөө хуулийн дагуу төлөөд явж байгаа үйлдэл хууль бус үйлдэл болно гэж байхгүй. 205, 239 тоот Засаг даргын захирамжууд нь иргэнийг хууль бусаар хөрөнгөжих боломжийг олгосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Мөн “Тээвэр төв” ХК-ийн газар нь төрийн өмчид компанийн газар байхдаа давхар хувьчлагдсан. Хуучин төрийн өмчид компани нь 1960 онд байгуулагдсан байдаг. Тухайн үед энэ газрыг эзэмшиж байсан. Одоо энэ газрыг эзэмшээд 58 жил болж байна. 205 тоот захирамжийн хавсралт байхгүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. 205 тоот захирамжаар Бэржин хайрхан ХХК-нд газар эзэмшүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Тус компани 1999 онд дүрмээ байгуулсан. 2006 онд байгуулагдсан. Харицагч Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч буруутай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч аймгийн Засан даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 205 тоот захирамжийг судалж үзээгүйгээр дараа дараагийн захирамж гаргасан нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нь эх үндэс болсон захирамж нь буруу гарсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх “Тээвэр төв” ХК нь төрийн өмчид хувьцаат компани байсан. 1994 онд тус байгууллага нь хувьчлагдаж “Тээвэр төв” ХК болсон. Үүний 51 хувийг С.Бямбасүрэн нь авсан. 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зуунмод сумын Засаг дарга 06 тоот захирамж гаргасан. Энэ захирамж гаргах болсон үндэслэл нь Газрын тухай хууль, Засгийн газрын 143 дугаар тогтоолын хавсралтын 40.3 дахь заалтыг үндэслэж гаргасан. Учир нь Газрын тухай хууль 1994 онд батлагдаж, дагаж мөрдөгдөж эхэлсэн болохоор төрийн өмчид байгууллагуудын газрыг баталгаажуулсан байдаг. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс “Тээвэр төв” ХК-ийн газрыг тэр чигээр нь эзэмшүүлж, ашиглуулах болсон. Үүний хүрээнд 06 тоот захирамжаар “Тээвэр төв” ХК нь тухайн газрыг эзэмших болсон.  06 тоот захирамж нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй гэж эцсийн байдлаар шийдвэрлэсэн. Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот захирамж  нь нэхэмжлэгч “Тээвэр төв” ХК-ийн эрх ашгийг хөндөөд байна. Энэ захирамжийн хүрээнд шүүхээс холбогдох материалыг цуглуулж, холбогдох этгээдүүдээс тайлбар мэдүүлгийг авсан байдаг. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 205 тоот захирамж нь илт хууль бус захирамж  гэдэг нь тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн 205 тоот захирамжийг гаргахдаа хавсралтыг нь гаргаагүй. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулинд газар эзэмшигч хүсэлт, газрын байршил харуулсан зураг бусад хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэний дагуу эзэмшүүлнэ гэж заасан байтал  205 тоот захирамж нь ямар хэрэгцээ шаардлагыг үндэслэж гаргасан, газар эзэмших хүсэлт, өргөдөл, зураг нь архивт байхгүй. Гэтэл 205 тоотын захирамжийн хоёр дахь заалтыг харахад тухайн захирамжийн хавсралтад заагдсан газар эзэмших хүсэлт гаргасан этгээдүүдэд газар эзэмшүүлсэн тухай бичигдсэн. Харин тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Энхтуяа гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө 205 тоот захирамжийн хавсралт гэж анхнаасаа гараагүй гэж хэлсэн байдаг. Энэ.нь гэрчид хууль сануулж авсан баримтаар нотлогдож байгаа. Иймээс 205 тоот захирамжийг  үндэслэсэн гэх “Бэржин хайрхан” ХХК-тай хийсэн газар эзэмшүүлэх  гэрээ, гэрчилгээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т зааснаар илт хууль бусад тооцох ёстой. Энэхүү илт хууль бус 205 тоот захирамжийг үндэслэж 2009 онд 239 тоот аймгийн Засаг даргын захирамж гарч  “Бэржин хайрхан” ХХК-ий эзэмшлийн газрыг зориулалтыг нь өөрчилж олгосон байдаг. Иймээс илт хууль бус 205 тоот захирамжийг үндэслэж гарсан аймгийн Засаг даргын 239 тоот захирамж, 2011 онд уг 239 тоот захирамжийг үндэслээд “Бэржин хайрхан” ХХК-иас иргэн Б.Бат-Оюунд газар эзэмших эрхийг шилжүүлсэн а/288 дугаар захирамж мөн адил илт хууль бус захирамжийг үндэслэж гарсан учраас хүчингүй болох ёстой. “Тээвэр төв” ХК нь газар эзэмших эрхийн хугацаа дуусч байсан учраас Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Анх 2006 оны 12 сард 06 тоот албан бичгээр газар эзэмшүүлэх эрхийг сунгах тухай хүсэлтээ өөрийн ажилтан Даваа гэж хүнээр хүргүүлсэн байдаг. Гэтэл газрын алба нь “Тээвэр төв” ХК-ийн газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг алга болгосон нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгаж өгөхгүй эс үйлдэхүй гаргасан. Төрийн байгууллага бол архивын бичиг баримтыг устгаж байгаа бол энэ талаар устгах комисс байгуулаад устгах архивын нэгжийн жагсаалтын тухай акт үйлдсэн байх ёстой. Гэвч шүүхэд цугларсан баримтаас харахад 2006 оны ирсэн бичгийг устгасан гэж байгаа боловч устгасан тухай акт баримт байхгүй. Ер нь “Тээвэр төв” ХК-ийг хүсэлт гаргаж түүнийхээ араас Даваа гуай олон очиж хөөцөлдсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

Хариуцагч талаас 205 тоот захирамж нь хууль зөрчиж гарсан байна гэдгийг хүлээн зөвшөөр ч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл захиргааны илт хууль бус акт гэж юу байдаг вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 47 дугаар зүйл хууль бус акт гэдгийг эрх зүйн зөрчилтэй акт гэж хэлнэ гэж заасан байдаг. 205 тоот захирамж нь анх гарахдаа тухайн үед үйлчилж байсан хуулийг зөрчсөн. 205 тоот захирамж нь хавсралтгүй гарсан учраас анхнаасаа гарах ёсгүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймээс илт хууль болох нь нотлогдож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тээвэр Төв” ХХК, иргэн С.Бямбасүрэнгээс гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн С.Бямбасүрэнгээс аймгийн Засаг даргад хандан “Аймгийн Засаг даргын 2009.05.18-ны өдрийн 239 тоот захирамж, 2011.06.07-ны А/288 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах” өргөдөл гаргасан бөгөөд энэ асуудлыг судлан үзэхэд “Тээвэр төв” ХХК-д Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот захирамжаар 21.000 м2 газрыг 10 жилийн хугацаатай эзэмшүүлсэн шийдвэрийн дагуу газар эзэмших гэрчилгээтэй байсан боловч газар эзэмших эрхийн хугацаа 2007 онд дууссанаас хойш хуулийн дагуу газар эзэмших эрхээ сунгуулаагүй бөгөөд сунгасан ямар нэгэн шийдвэр байхгүй байна. Газар эзэмших эрхээ сунгуулаагүй тул аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2009.05.18-ны өдрийн 239 тоот захирамжаар Бэржин хайрхан ХХК-д газар эзэмшүүлсэн байна. Дараа нь “Бэржин хайрхан” ХХК-ний газар эзэмших эрхийг Аймгийн Засаг даргын 2011.06.07-ны А/288 тоот захирамжаар ХН75011661 гегистрийн дугаартай Б.Бат-Оюунд шилжүүлсэн байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2-т заасны дагуу болон тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу аймгийн Засаг даргын дээрх захирамжууд гарснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах байсан боловч 2016 оны 12 дугаар сар хүртэл гомдол гаргаж байгаагүй, уг асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох бусад байгууллагад албан ёсоор хандаж байгаагүй тул энэ асуудлыг хүлээн авч шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/256 тоот албан бичгээр иргэн С.Бямбасүрэнд хариу өгсөн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

Түүнчлэн “Тээвэр төв” ХК, иргэн С.Бямбасүрэнгээс нэмэгдүүлсэн шаардлага гаргах тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. 3уунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот захирамж нь Бэржин хайрхан ХХК-ийн газраас гадна олон иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн захирамж тул бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй юм. Мөн аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 тоот захирамжийн 4 дүгээр заалтаар Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот захирамж, газар эзэмших эрхийн 182700345 тоот гэрчилгээг хүчингүйд тооцсон. "Бэржин хайрхан" ХХК-ний газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 тоот захирамж болон "газар эзэмших эрх шилжүүлэх тухай" 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн а/288 тоот захирамжуудыг хүчингүй болгох хангалттай нотолгоо үндэслэл байхгүй талаар иргэн С.Бямбасүрэнд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/256 тоот албан бичгээр хариу өгсөн болно. Дээрх захирамжийг гаргах үед "Тээвэр төв" ХХК-ийн газар эзэмших 10 жилийн эрх нь дууссан, хугацаагаа сунгуулаагүй байсан тул тухайн үед "Бэржин хайрхан" ХХК-ийн газар эзэмших асуудлыг аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 239 тоот захирамж гарган шийдвэрлэсэн асуудал нь хууль зөрчөөгүй. Мөн 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 тоот захирамжийг гарснаас хойш энэ захирамжтай холбогдуулан хуулийн хугацаанд аймгийн Засаг даргад хэн ч гомдол гаргаагүй байх тул уг газар дээрх эд хөрөнгийн талаар аймгийн Засаг дарга ямар нэгэн хариуцлага хүлээх  үндэслэлгүй гэж үзэж байна.

                                                                                                                      

Мөн С.Бямбасүрэн гэдэг хүн 2016 оны 12 сард аймгийн Засаг даргад гомдол гаргасаны дагуу шалгаж үзсэн. Тухайн үед шалгаж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа гэж яригдах ямар ч боломжгүй байсан. Мөн тухайн аймгийн Засаг даргын 239, 288 дугаартай захирамжуудыг хүчингүй болгох юм бол нэг иргэний эрх ашиг зөрчигдөх байсан учраас хүчингүй болгох ямар ч боломж байгаагүй. Одоо 2017 он гарсан байхад дээрх захирамжуудыг хүчингүй болгох боломжгүй. “Бэржин хайрхан” ХХК-нд 205 тоот захирамжаар газар олгосон бол 1997 оны 06 тоот захирамжийг хүчингүй болгох байсан. Газрыг давхцуулж олгосон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бүхэл бүтэн 20 жилийн өмнө гарсан захирамжийг хүчингүй болгох боломжгүй. Аймгийн Засаг даргын захирамж гараад 6 жил өнгөрсөн байна. Одоо Засаг даргаар ажиллаж байгаа хүн энэ захирамжийг өөрөө гаргаагүй учраас хүчингүй болгох боломжгүй байна. Шүүхээс гарах шийдвэрийг дагана гэсэн байр суурьтай байгаа. Одоо ажиллаж байгаа Засаг даргыг төлөөлж байгаа учраас өмнөх Засаг даргын байр суурийг мэдэхгүй байна. 1997 оны Зуунмод сумын Засаг даргын 205 тоот захирамжийн хавсралт гэж гараагүй байхад, 2009 онд аймгийн Засаг дарга 205 тоот захирамжийг үндэслэж 239 тоот захирамж гаргасан нь 205 тоот захирамжаа судалж үзээгүйгээс болоод дараа дараагийн захирамжийг гаргасан байдаг. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагаггүй, албан ажлын шаардлага нь ямар байсан гэдэг нь харагдаж байна гэв.

Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандолгор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот захирамж. 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182700345 тоот гэрчилгээ газар эзэмших гэрээгээр "Бэржин хайрхан" ХХК- дээр эзэмшилтэй байсан газрын бичиг баримтыг тус тус үндэслэн 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 тоот газар эзэмших захирамж 0175777 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн 7531 м2 газрыг орон сууц үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 тоот захирамж, "Бэржин хайрхан" ХХК-ийн эзэмшлийн орон сууц үйлчилгээний зориулалттай 18646286399973 нэг талбарын дугаартай 7531 м2 газрыг иргэн Батхүүгийн Бат-Оюунд 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн а/288 тоот шийдвэрээр газар эзэмших эрх шилжүүлсэн байна. 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот захирамжаар "Тээвэр төв" ТӨХК-ны эзэмшилд газар олгосон байна. 1997 оны 12 дугаар сарын 31-ний 205 тоот захирамж нь албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших, ашиглахаар гаргасан хүсэлтийн дагуу хавсралтанд заагдсан газрыг тухайн байгууллагуудад олгосугай гэж гаргасан боловч уг захирамжийн хавсралт архивт байхгүй.

Мөн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 205 тоот захирамж хавсралт байдаггүй гэсэн мөртлөө Цогтсайхан гэдэг хүнийг “Бэржин хайрхан” ХХК газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээтэй байдаг. Цогтсайхан гэдэг хүний эрх ашиг зөрчигдөж байгаа гэж үзэж байна. Тухайн үед ажиллаж байсан хүний хариуцлагагүй байдлаас болсон байна. Гэхдээ үүнээс болж иргэн хохирох ёсгүй. Сонин юм би тухай үед ажилд ороогүй байсан болохоор хэлэх юм алга. Хавсралт нь байдаггүй нь үнэн. 205 тоот захирамжийн талаарх яриа байнга гардаг. “Бэржин хайрхан” ХХК нь газрын төлбөр төлж байсан. Энэ талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. Би 2009 онд ажилд орсон. “Тээвэр төв” ХК-тай холбоотой бичиг баримт надад ирж байгаагүй. Энэ үеэс төвийн нэгдүгээр бүсийн газрын асуудлыг аймгийн Засаг даргад хамаарах тул манайд ирэхгүй л дээ. 205 тоот захирамж үндэслэлтэй гарсан гэж бодож байна. Одоо хүртэл хүчинтэй байх би сайн мэдэхгүй л байна. Захирамжид хавсралт гэж байх ёстой. Гэхдээ 205 тоот захирамжийн хавсралт гэж гарсан уу гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан олддоггүй гэдгийг мэднэ. “Тээвэр төв” ХК-ний газрыг “Бэржин хайрхан” ХХК-д олгосон байдаг гэтэл газар эзэмшүүлсэн захирамж гаргахын тулд газар эзэмших хүсэлтийг өгсөн байх ёстой. Тухайн үед ажиллаж байсан хүн нь хариуцлагагүй хандсан байна. Газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээг дүгнэж ажилладаг. Гэхдээ томоохон аж ахуйн нэгжийн газар эзэмшүүлэх гэрээг дүгнэдэг. Гэрээгээ дүгнүүл гэж зар тавихад иргэд ирдэггүй. Иймээс аж ахуйн нэгжийн гэрээг дүгнэдэг. Би “Бэржин хайрхан” ХХК нь 1999 онд байгуулагдсан гэж бодож байсан. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Энхтуяа гэдэг хүн нь энэ талаар мэдэх байх. Үүсгэн байгуулагдаагүй компанид газар эзэмшүүлэх боломжгүй. 205 тоот захирамжийн хавсралтыг олж хараагүй болохоор “Бэржин хайрхан” ХХК-нд газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Тухайн үед ажиллаж байсан газрын даамал тийм тайлбар өгсөн байна. Миний хувьд энэ талаар мэдэхгүй байна. Маргах юм алга даа гэв.

Хариуцагч Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Төв аймгийн Зуунмод сумын “Тээвэр төв” ХК-ны хувьцаа эзэмшигч С.Бямбасүрэнгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Төв аймгийн Засаг даргын 2009 оны 05-р сарын 18-ны өдрийн 239 тоот, 2011 оны 06-р сарын 07-ны өдрийн а/288 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах гэж шаардсан байна. Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12-р сарын 31-ний өдрийн 205 тоот захирамж, 2000 оны 06-р сарын 20-ний өдрийн 182700345 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээгээр “Бэржин хайрхан” ХХК дээр эзэмшилтэй байсан газрын бичиг баримтыг тус тус үндэслэн 2009.05.18-ний өдрийн 239 тоот газар эзэмших захирамж, 0175777 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн 7531 м2 газрыг олгосон байна. Аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 239 тоот захирамж, “Бэржин хайрхан” ХХК, Иргэн Бархүүгийн Бат-Оюун нарын талуудын хүсэлт болон 2011.05.31-ний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг судлан үзэж Газрын тухай хуулийн 38.4 дэх заалтын дагуу газар эзэмших эрх шилжүүлэх 2011.06.07-ний өдрийн а/288 тоот шийдвэрээр олгогдсон гэж үзэж байна. Иймд Төв аймгийн Зуунмод сумын “Тээвэр төв” ХХК-ны хувьцаа эзэмшигч С.Бямбасүрэнгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт өгсөн ажилтан, тухайн үед хүсэлтийг нь хүлээж авсан хүн гэрчээр тайлбар өгсөн. Хүсэлтийг нь хүлээж авсан хүн нь одоо манай байгууллагад ажиллаж байгаа. Шүүхээс гарах шийдвэрийг дагана. 2006-2009 оны хоорондох ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийг энэ оны намар устгасан. Устгасан баримтын жагсаалт байгаа байх. “Бэржин хайрхан” ХХК-д газрыг нь хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй. Тухайн үед кадастрын зураг гэж хийдэггүй байсан болохоор ажиллаж байсан газрын даамал нь өөрөө зааж өгдөг байсан байх. Судалж үзэхэд өргөдөл хүсэлт холбогдох баримт байхгүй болохоор яасныг нь мэдэхгүй байна. “Тээвэр төв” ХК-ийн газар эзэмших хугацаа дууссан гэдэг талаар албан мэдэгдэл өгсөн баримт байхгүй. 205 тоот захирамжийг анх судалж үзэхгүйгээр 239, 288 тоот захирамжийг гаргасан. Хэрвээ судалж үзсэн бол газар давхцуулж олгохгүй байсан. Иймээс 205 тоот захирамжийг үндэслэж гарсан аймгийн Засаг даргын 2009 оны 29 тоот захирамж, 2011 оны 288 тоот захирамж үндэслэлтэй хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. 1997 онд хэрэгжиж байсан хуулийн дагуу Зуунмод сумын Засаг дарга захирамж гаргадаг байсан. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн дагуу эрх хэмжээ нь аймгийн Засаг даргад шилжсэн. Эх үндэс нь буруу тавигдсан болов уу гэж үзэж байна. 2009 оны захирамж нь газрын зориулалт өөрчилсөн байдаг, давхцуулсан нь үнэн. 1997 онд болсон зүйлийг одоогийн хүмүүстэй холбож ойлгож болохгүй ш дээ. Мэдэхгүй болохоор хэлэх зүйл алга. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбар хэлж байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Шүүхийн журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.  гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лут шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа “Тээвэр төв” ХК, С.Бямбасүрэн нарын нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс дараах тайлбарыг гаргаж байна. “Бэржин хайрхан” ХХК нь бидэнд “Тээвэр төв” ХК-ний үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг худалдсан. Бид худалдан авсан газартаа үйл ажиллагаа явуулах гэтэл “Тээвэр төв” ХК-ийн сахиул нь биднийг ... байсан. “Бэржин хайрхан” ХХК-ний эзэн Цогтсайхан гэдэг хүн газрын үнийн үлдэгдэл төлбөрийг нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс шүүхээс шинжээч томилогдсоноор надад худалдсан газар дээр “Бэржин хайрхан” ХХК-ийн ширхэг хадаас ч байхгүй. Харин “Тээвэр төв” ХК-ийн үл хөдлөх хөрөнгүүд байгаа нь тодорхой болсон. Иймд Төв аймгийн Засаг дарга нь “Тээвэр төв” ХК-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газрыг “Бэржин хайрхан” ХХК-д өгч, улмаар уг газрыг бидэнд худалдахад бас л “Тээвэр төв” ХК-ийн өмчтэй газрыг эзэмших эрхийг бидэнд олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учир манайд олгосон эзэмших эрхийг хүчингүй болгохыг дэмжиж байна.

  Нэхэмжлэгч талд газрыг нь өгөхөд татгалзах зүйл байхгүй. Шүүхэд анх гаргасан тайлбараа дэмжиж байна. Би Цогтсайхан гэдэг хүний жолооны курст нь сурч байсан. Тухайн үед намайг газраа аваач гэж хэлэхэд би үзэж байгаад газрыг худалдаж авсан. Дараа худалдаж авсан газар дээрээ барилга барьж үйл ажиллагаа явуулах гээд очиход Даваа гэж хүн энэ чинь хуучин 13-р авто баазын хашаа. “Тээвэр төв” ХК-ийн эзэмшилд байдаг гээд хаалгаараа оруулахгүй байсан. Одоо хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Би Цогтсайханд Зуунмод сумын төвд байрлалтай нэг өрөө байрыг өгсөн. Гэхдээ Цогтсайханы нэр дээр нь орон сууцны гэрчилгээ гараагүй байгаа. Газрын маргаантай байгаа учраас гэрчилгээгээ өгөөгүй. Үүнээс болоод бид хоёр иргэний маргаантай байгаа. Цогтсайханаас газрыг нь худалдаж авахдаа “Тээвэр төв” ХК газар гэдгийг мэдээгүй би их сургуулиа төгсөөд Англи улсад амьдарч байгаад ирсэн учраас энэ талаар огт мэдээгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар Төв аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн[1], Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамж, “Бэржин  хайрхан” ХХК-д олгосон 2000 оны газар эзэмших гэрчилгээ, гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн  болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу  цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Нэг. Нэхэмжлэгч “Тээвэр төв” ХК нь анх төрийн өмч давамгайлсан /51 хувьд ногдох 105973 ширхэг хувьцаа/  Төв аймгийн Зуунмод хотод байрлан нийт 38,1 сая төгрөгийн хөрөнгөтэй, үүнээс 26.8 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 11.2 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө, 3.9 сая төгрөгийн авлага, 35.4 сая төгрөгийн өр төлбөртэй, 1996 онд 5871,7 мянган төгрөг, 1997 оны 03 дугаар улирлын байдлаар 9299,2 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байсныг Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1997 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 653 дугаар тогтоол[2]-оор төрийн мэдлийн хувьцааг нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, дуудлага худалдаа[3] 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болж ялагчаар 04 хувийн дугаартай иргэн Ж.Дашдэмбэрэлийн 19,5 сая төгрөгөөр худалдан авах саналаар  шалгарч, Монгол Улсын Төрийн өмчийн хороотой Худалдах, худалдан авах гэрээ[4]-г мөн өдөр байгуулж, Төрийн өмчийн хорооны 1998 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоол[5]-оор дээрх иргэнд “Тээвэр төв” ХК-ийн нийт хувьцааны  51 хувь буюу төрийн мэдлийн 105973 ширхэг хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэн олгосон байна.

          Үүний дараагаар иргэн Ж.Дашдэмбэрэл нь иргэн С.Бямбасүрэнтэй “Хувьцаа өмчлөх гэрээ”-г   “...Төрийн өмчийн хорооны 1998 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолын дагуу Ж.Дашдэмбэрэлийн мэдлийн 19.500.000 мянган төгрөгийн хувьцааг уг хувьцааны төлбөрт үлдсэн 3.900.000 мянган төгрөгийг төлж дуусмагц С.Бямбасүрэнд уг хувьцааны өмчлөх эрх шилжинэ” гэж байгуулан нотариатаар баталгаажуулсан гэрээ[6]-ний дагуу иргэн С.Бямбасүрэнд шилжиж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

          Уг хувьцааг шилжүүлэн авахад төрийн өмч давамгайлсан “Тээвэр төв” ХК-ийн үндсэн хөрөнгөд багтах бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь дагаж шилжиж ирсэн байх бөгөөд  /үндсэн хөрөнгийн 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн жагсаалт[7]-д орон байшингийн үнэлгээний жагсаалтад паркын хашаа, диспитчерийн байр, аж ахуйн склад гэх зэргээр тус бүрд нь нэрлэн ангилсан байв/ уг төрийн өмчийн компани нь үндсэн чиглэлийн хувьд авто зорчигч, тээвэр, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад  зориулж ашиглаж байсан хашаалсан газрыг нь Төв аймгийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар захирамжийн хавсралтын 17 дугаарт “Тээвэр төв” ХК-д 21000 м.кв газрыг 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ[8]-г байгуулан, улсын бүртгэлийн 0652 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ[9]-г олгосон байна.

          Хоёр. Маргаан бүхий дээрхи 21000 м.кв газраас Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот захирамжийг үндэслэж 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182700345 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”[10]-гээр “Бэржин хайрхан” ХХК-д 7546[11] м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрөө Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ[12]-г байгуулсан байна.

          Мөн Төв аймгийн Засаг дарга нь  2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/239 дүгээр “Газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай” захирамжаар автодромын зориулалттай “Бэржин хайрхан” ХХК-ийн эзэмшилд байгаа 7531 м.кв газрын зориулалтыг “орон сууц, үйлчилгээний зориулалттай” болгон өөрчилж, 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/288 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар дээрх газрыг “Биржин хайрхан” ХХК-иас иргэн Бархүү овогтой Бат-Оюунд шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

          Маргаан бүхий Төв аймгийн Зуунмод хотын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамж[13]-ийн 1-д “Зуунмод сумын албан байгууллага, аж ахуй нэгж иргэдийн газар эзэмших, ашиглахаар гаргасан хүсэлтийн дагуу хавсралтад заагдсан газрыг тухайн байгууллагад олгосугай” гэж, 2 дахь заалтаараа ”гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг сумын Тамгын газрын даргад даалгаж” гэж шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн хавсралт анхнаасаа гараагүй, сумын болон аймгийн архивт нь байхгүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын тайлбар болон архивын албан бичгээр нотлогдож байна.

   Талууд шүүх хуралдаанд “...анх уг газрыг “Тээвэр төв” ХК-ийн хувьцааг худалдан авч, Зуунмод хотын аймгийн Засаг даргын захирамжаар 21000 м.кв газрыг 10 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийн дагуу газраа эзэмшиж, ашиглаж байсан ба хугацаагаа сунгуулах удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа, хууль бусаар өөр иргэн, аж ахуй нэгжид газар давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, үндэслэл болгож буй 1997 оны 205 дугаар захирамжаар газар олгоогүй нь илт хууль бус юм гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ сунгуулаагүй учир өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 дүгээр захирамжаар “Бэржин хайрхан” ХХК-ий хүсэлтийнх нь дагуу газрын зориулалтыг өөрчилж, мөн иргэн Б.Бат-Оюунд шилжүүлэн эзэмшүүлсэн” гэх нэг тайлбар, “...Зуунмод хотын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамж, 2000 оны 182700345 дугаар гэрчилгээ, газар эзэмших гэрээгээр “Бэржин хайрхан” ХХК-д анх газрыг нь эзэмшүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэж дараагийн захирамжууд гарсан гэх” 2 дахь тайлбар, гуравдагч этгээд Д.Лут “... “Бэржин хайрхан” ХХК нь бидэнд “Тээвэр төв” ХК-ний үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг худалдсан байна, үүнийг тухайн үед бид мэдээгүй ... надад худалдсан газар дээр “Бэржин хайрхан”ХХК-ний ширхэг хадаас ч байхгүй. Харин “Тээвэр төв” ХК-ний үл хөдлөх хөрөнгүүд байгаа нь тодорхой болсон. ... “Тээвэр төв” ХК-ний эзэмшиж ашиглаж байгаа газрыг “Бэржин хайрхан” ХХК-д өгч, улмаар уг газрыг бидэнд худалдахад бас л “Тээвэр төв” ХК-ний өмчтэй газрын эзэмших эрхийг бидэнд өгсөн байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учир манайд олгосон эзэмших эрхийг хүчингүй болгохыг дэмжиж байна” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнийг талуудын тайлбар, бодит нөхцөл байдалтай холбон дүгнэсэн талаар:

    Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр “анх хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авахад дагаж ирсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах, анхны үйл ажиллагааны зориулалтын дагуу баригдсан барилга, хашаа нь одоо ч хэвээрээ байгаа,  өмнөх нэрээр  паркын хашаа баригдсан байдлаар нь тухайн үеийн хэмжилтээр 21000 м.кв гэж  Зуунмод хотын Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  олгосон  боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нарын бодит байдал дээр нь хэмжилт хийсэн дүгнэлт[14]-ээр 16180.8 м.кв газар гэж талбайн хэмжээ нь багасаж тодохойлогдсоныг нэхэмжлэгчийн зүгээс газрын хэмжээ дутуу гэж маргахгүй, учир нь манай хашаа ердөө хөдлөөгүй, анхнаасаа байсан хашаагаараа байгаа тул тухайн үеийн хэмжилт нь шаардлага хангахгүй, одоо нарийн техникээр хэмжиж байгааг ойлгож, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрнө, 16180.8 м.кв-аар эзэмших эрхтэй гэдгийг  ойлгож байна гэж  тайлбарласаныг дурьдах нь зүйтэй байна.

            Маргаан бүхий Зуунмод сумын Засаг даргын “Бэржин хайрхан” ХХК-д газар  эзэмшүүлсэн гэх 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1997-2000 оны хооронд газрын даамлаар ажиллаж байсан Б.Энхтуяагийн өгсөн ...1997 оны 205 дугаар захирамжаар иргэн Г.Цогтсайхан болон “Бэржин хайрхан” ХХК-д газар эзэмшүүлсэн зүйл байхгүй, хавсралт гэж анхнаасаа гараагүй, ... Г.Цогтсайханыг тус хашаанд автодромыг ажиллуулж байсан болохоор өөрөө газраа авч байна гэж ойлгож гэрчилгээ бичиж,  гэрээ хийсэн санагдаж байна. Урьд нь өөр компанид эзэмшүүлсэн гэдгийг мэдээгүй гэх, 2000-2005 оны хооронд газрын даамлаар ажиллаж байсан С.Мөнх-Амгалангийн өгсөн “...1997 оны 205 дугаар захирамжийн хавсралтаар иргэн Г.Цогтсайханд газар эзэмшүүлэх тухай байгаагүй дандаа аймгийн төвийн аж ахуй нэгжүүдэд газар эзэмшүүлсэн байсан...” гэх, 2008-2014 оны хооронд газрын даамлаар ажиллаж байсан О.Баасанхүүгийн өгсөн “...1997 оны 205 дугаар захирамжийн хавсралтыг ажиллаж байх хугацаандаа хайгаад олоогүй, энэ захирамжаар аймгийн төвд байрлалтай аж ахуй нэгж, төрийн байгууллагуудад газрын гэрчилгээ гаргасан гэдэг боловч хичнээн аж ахуй нэгжид олгосон нь байдаггүй, учир нь энэ захирамжийн хавсралт олдохгүй байсан” гэх, “Бэржин хайрхан” ХХК-ийн захирал Г.Цогтсайханы өгсөн “...1997 оны 205 дугаар захирамжийн хавсралтаар иргэн надад газар эзэмшүүлсэн, уг захирамжийн хавсралт нь архивт хадгалагдаагүй байсан, хайгаад олдохгүй байсан. 1999 онд компаниа байгуулаад “Бэржин хайрхан” ХХК-руу газраа шилжүүлсэн” гэх гэрчийн мэдүүлгүүд бусад бичгийн нотлох баримтуудаар хуулийн  хүчин төгөлдөр бус акт болох нь тогтоогдож  байна.

          Мөн  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болох аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын архивт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, архивт үдэгдсэн захирамжуудын дугаарлалтын байдал баримт, маргаан бүхий 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хавсралтгүй 205 дугаар захирамж, “Бэржин хайрхан” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, дээрхи гэрчүүдийн мэдүүлэгээс  үзэхэд 1997 онд 205 дугаар захирамжаар “Бэржин хайрхан” ХХК-д  болон иргэн Г.Цогтсайханд  7546 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшүүлсэн гэж үзэх  үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн шүүхэд гэрч Г.Цогтсайхан нь  “1997 онд надад уг газрыг эзэмшүүлсэн, 1999 онд “Бэржин хайрхан” ХХК-иа байгуулаад  газар эзэмших эрхийг шилжүүлсэн” гэж тайлбар өгсөн боловч иргэн Г.Цогтсайханд анх 1997 онд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, улмаар 1999 онд Г.Цогтсайханаас “Бэржин хайрхан” ХХК-д шилжүүлсэн гэх захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, байгуулсан гэрээ, газар эзэмшүүлсэн гэрчилгээ байхгүй, баримтаар нотлогдохгүй  байх тул иргэн Г.Цогтсайхан болон “Бэржин хайрхан” ХХК-ийг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

          Хэдийгээр “Бэржин хайрхан” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2000 онд олгогдож, гэрээ байгуулагдсан байх боловч 1997 оны 205 тоот захирамжаас хойш цаг хугацааны хувьд 3 жилийн дараа бичигдсэн байдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай зөрүүтэй, тодруулбал Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар “Бэржин хайрхан” ХХК нь улсын бүртгэлд  2006 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн, үүсгэн байгуулах шийдвэр нь 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэх боловч хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэснээр “Бэржин хайрхан” ХХК-нийг байгууллагдсанд тооцох, хуулийн хүрээнд эрх, үүрэг хүлээх боломж нь нээгдэх ёстой байтал эрх нь баталгаажаагүй аж ахуй нэгжид 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй  байна.

          Түүнчлэн гэрчээр оролцсон дээрх компанийн захирал Г.Цогтсайхан нь “1997 оны 205 дугаар захирамжаар иргэн би анх энэ газрыг эзэмшиж 1999 онд компаниа байгуулан шилжүүлсэн” гэх боловч 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрээн-д Төв аймгийн Зуунмод хотын Засаг  даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот шийдвэрийг үндэслэв, ... газар эзэмшигч Төв аймаг Зуунмод хотын 5 дугаар баг 1427/237 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2053551 тоот регистерийн дугаартай “Бэржин хайрхан” ХХК-ийн захирал Г.Цогтсайхан нар доорх зүйлийг харилцан тохиролцов...” гэж тус гэрээг байгуулсанаас үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн дугаар өөр, тамга тэмдэг аваагүй, хуулийн дагуу байгуулагдаагүй  хуулийн этгээдийн нэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.

          Маргаан бүхий Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 205 дугаар захирамж нь захиргааны актын шинж, хуульд заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй,  ямар иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд хичнээн хэмжээний газрыг хаана, ямар хугацаатай, ямар зориулалтаар эзэмшүүлсэн нь тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул илэрхий алдаатай, илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл 205 дугаар захирамж нь анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй  байна гэж үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Уг маргаан бүхий захирамжийг үндэслэж “Тээвэр төв” ХК-ий газар эзэмших эрх олгосон 1997 оны 06 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр бөгөөд газар дээр нь хувьцаат компаний өмч хөрөнгө  байрлаж байхад “Бэржин хайрхан” ХХК-д газар эзэмшүүлэх, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байх ба энэ нь тус компанид хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг бусдаас шилжүүлэн авах, өөрөө хүсэлт өгч эзэмших эрх нь үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болж байна.

          Мөн хэрэгт авагдсан шинжээчийн “...Тээвэр төв ХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан хашаа болон барилга обьектууд байхад “Бэржин хайрхан” ХХК-д газрыг давхцуулж, бетонон хашаа болон диспитчерийн барилгыг оруулж эзэмшүүлсэн байна...” гэх дүгнэлт, “Бэржин хайрхан” ХХК-ий эзэмшлийн гэх газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ[15], “Тээвэр төв” ХК-ий хөрөнгийн жагсаалт[16] болон бусад бичгийн нотлох баримтуудаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа үл хөдлөх хөрөнгө, хуулиар хамгаалагдсан өмч нь байгаа газартай давхцуулан газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

          Хариуцагч Зуунмод хотын Засаг дарга нь 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах, хүлээн авахыг журмыг хуульчилснаар 30 дугаар зүйлийн 30.2-д заасан “газар эзэмших хүсэлтдээ иргэний хувьд хаяг, регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, хэмжээ, байршлыг харуулсан зураг, газар эзэмших зориулалт, хугацааг заах” гэсэн захиргааны актад тавигдах ёстой шаардлагыг хангаагүй, 32 дугаар зүйлийн 32.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн . . . гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ.” гэсэн заалтыг зөрчиж хавсралтгүй, хэнд, ямар газрыг ямар хугацаа, зориулалтаар олгож байгаагаа  заагаагүй, илт хууль бус 205 дугаар захирамжийг  үндэслэж,  дур мэдэн 2000 оны 06  сарын 20-ны өдрийн 182706345 дугаар  газар эзэмших эрхийн  гэрчилгээг олгож, 2000 оны 06  сарын 20-ны өдрийн 182700345 дугаар  газар эзэмшүүлэх гэрээг “Бэржин хайрхан” ХХК-ий захирал Г.Цогтсайхантай байгуулсан байх тул энэхүү гэрээ, гэрчилгээ  мөн илт хууль бус болох нь тогтоогдож байна.

             Иймд дээрхи илт хууль бус актын үндсэн дээр үүссэн гэх “Бэржин хайрхан” ХХК-ийн  автодромын зориулалт бүхий газрын зориулалтыг өөрчилсөн Төв аймгийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/239 дүгээр захирамж, Газар эзэмших эрхийг нь иргэн Б.Бат-Оюунд шилжүүлсэн  2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/288 дугаар захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

          Өөрөөр хэлбэл хуульд зааснаар эрх үүсэх ба энэ тохиолдолд  “Бэржин хайрхан” ХХК-ийн хувьд маргаан бүхий 205 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй, хэдийгээр 2000 онд гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдсон байх боловч эрх олгосон шийдвэрийг нь захиргааны байгууллага хууль ёсны дагуу гаргаагүй, мөн аймгийн Засаг дарга нь  “Бэржин хайрхан” ХХК-ий гэх газрын зориулалт өөрчлөх, эрх шилжүүлэх дээрхи 239, а/288 дугаар захирамжуудыг гаргахдаа газрын хэмжээ, байршил, цэг тэмдгийг газар дээр нь зааж өгөөгүй, анх эрх олгосон  захирамж, холбогдох баримтуудыг нягтлан шалгаж үзэхгүйгээр дээрхи илт хууль бус   захирамжийг үндэслэж гаргасан нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байх тул хууль бус гэж үзэж  аймгийн Засаг даргын 2009 оны 239, 2011 оны а/288 дугаар захирамжуудыг  хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Мөн “Тээвэр төв” ХК-ий газар эзэмших эрх олгосон 1997 оны 06 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр бөгөөд газрын төлбөрөө 21000 мкв-аар төлж ирсэн, газар эзэмших эрхээ сунгуулах, түүний дагуу гэрээ, гэрчилгээгээ шинэчлэхээр 2006 оноос эхлэн “Тээвэр төв” ХК-ий ажилтан гэрч Даваа гэгч нь тухайн үеийн Газрын алба, эрх бүхий мэргэжилтэн О.Нарантай  амаар болон биеэр удаа дараа очиж газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг тавьж байхад хуулийн дагуу зохих арга хэмжээг авч шийдвэрлээгүй, ямарч үндэслэлгүйгээр татгалзсан  эс үйлдэхүй нь хууль бус болох нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн татварын албаны газрын төлбөрын жагсаалт[17],  “Тээвэр төв” ХК-ий   2006  оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02  тоот газар эзэмших эрхээ сунгуулах тухай албан бичиг[18], гэрч О.Даваа, Ч.Наран нарын шүүхэд өгсөн тайлбар, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.           

         

          Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205

дугаар захирамж, “Бэржин  хайрхан” ХХК-д олгосон 2000 оны 06  сарын 20-ны өдрийн 182706345 дугаар  газар эзэмших эрхийн  гэрчилгээ, 2000 оны 06  сарын 20-ны өдрийн 182700345 дугаар  газар эзэмшүүлэх гэрээг илт хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Засаг даргын  2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, “Тээвэр төв” ХК-ий эзэмшил бүхий 21000 м.кв газрыг шинжээчийн дүгнэлтийн дагуу 16180.8 м.кв газар болгон өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг сунгах, зохих журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээ,  гэрчилгээг шинэчлэн олгож шийдвэрлэхийг Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Газрын тухай /1994 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 32 дугаар зүйлийн 32.1, /2002 оны/ мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тээвэр төв” ХК, иргэн С.Бямбасүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамж, “Бэржин  хайрхан” ХХК-д олгосон 2000 оны 06  сарын 20-ны өдрийн 182706345 дугаар  газар эзэмших эрхийн  гэрчилгээ, 2000 оны 06  сарын 20-ны өдрийн 182700345 дугаар  газар эзэмшүүлэх гэрээг илт хууль бус болохыг тогтоож, Төв  аймгийн Засаг даргын  2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн а/288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, “Тээвэр төв” ХК-ий эзэмшил бүхий 21000 м.кв газрыг шинжээчийн дүгнэлтийн дагуу 16180.8 м.кв газар болгон өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг сунгах, зохих журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээ,  гэрчилгээг шинэчлэн олгож шийдвэрлэхийг Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тээвэр төв” ХК, иргэн С.Бямбасүрэн нарт олгосугай.        

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                                                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ХАЖИДМАА

 


[1] Хэргийн 84-86

[2] Хавтаст хэргийн 23 дахь тал

[3] Хавтаст хэргийн 18-22 дахь тал

[4] Хавтаст хэргийн 14-17 дахь тал

[5] Хавтаст хэргийн 9 дэх  тал

[6] Хавтаст хэргийн 12 дахь тал

[7] 2 дугаар хавтас хэргийн 64-70 дахь тал

[8] Хавтаст хэргийн 65-66 тал

[9] Хавтаст хэргийн 120-121 тал

[10] Хавтаст хэргийн 108 дахь

[11] Газрын хэмжээний хувьд 2009 оны А/239, 2011 оны А/288 дугаар захирамжид 7531 гэж өөрчлөгдсөн болно.

[12] Хавтаст хэргийн 178 дахь тал

[13] Хавтаст хэргийн 198 дахь тал

[14] Хавтаст хэргийн 195-201 дэх тал

[15] 2 хавтаст хэргийн 11 дэх тал

[16] 2 хавтаст хэргийн 64-70 дахь тал

[17] Хавтаст хэргийн 68 дахь тал

[18] Хавтаст хэргийн 58 дахь тал