Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 104

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Давааням

хохирогч Ч.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905047530005 тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 3 сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 0-0 тоот хаягт оршин суух,

ял шийтгэл: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

УС000000 дугаарын регистртэй, Боржигин овогт С.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Б 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 0-0 тоотод хохирогч Ч.Э-ыг зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, зүүн нүдний доод зовхи, нуруу цээж, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд үйлдсэн хэргийнхээ талаар маргаад байх зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Чухам яагаад Э-ыг зодсон бэ гэдгээ мэдэхгүй байгаа юм. Би стресст ороод архи уухчихаар ухаан алдаад, юу болсоныг дараа нь мэдэхээ байчихдаг. Хохиролд гэж Э-ын охиных нь дансаар 250.000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжилж байгаа 1 сая төгрөг нь баримтгүй учир төлөхгүй. Харин баримтаар нэхэмжилсэн төлбөрийг нь төлөх болно гэв.

Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Б бол манайд ажиллаж байсан, би түүнийг дүү шигээ бодож явдаг байсан. Тэр өдөр Б-г намайг 12 настай охиноороо дуудуулаад, ээжийн бие муу байна, хүрээд ир гэнэ гэхээр нь очсон. Очоод гэрт нь байсан шампанск-г хоёулаа хувааж уугаад ойр зуур юм ярьж, 00-д нь тамхи татсан. Гэтэл Б гэнэт намайг үсдээд зодож эхэлсэн. Би ерөөсөө юу ч ойлгоогүй. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. 250.000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг оруулж тооцохгүйгээр Бгаас 1 сая төгрөг нэхэмжилнэ. Эмчилгээний баримтуудаа авчраагүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ч.Э “… Б гээд танил эмэгтэй 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин дахин залгаад намайг хүрээд ир гэхээр нь би очоогүй. Гэтэл орой нь, 20 цагийн үед Бгийн охин Х над руу залгаад ээжийн бие нь өвдөөд байна, хүрээд ирээч, би айгаад байна гэхээр нь би Б-гийн гэрт нь буюу Нарны хороолол 0-0 тоотод очсон. Б надад мөнгө өгөх ёстой байсан. Тэр мөнгөө өгөхөөр нь би биеэ үзүүл, дараа өгчих гээд 10.000 төгрөг л авсан. Тэгээд Б 0.75 литрийн оргилуун дарс гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Дахиад нэг шил оргилуун дарс задлаад уусан. 00-н өрөө рүү хамт орж тамхи татаад юм ярьж сууж байгаад миний үс чихнээс зулгаагаад миний хамар нүүр хэсэг рүү цохиод байсан. Миний хамар, чихнээс цус их гарсан. Би жаахан тайвширчих гээд гуйсан. Тэгэхэд намайг цохиод байсан. Тэгээд охин Х-гээ дуудаад хутга аваад ир ална гээд орилоод байсан. Охин Х нь ирээд уйлаад болиоч ээ гээд манай охин Үен тэр хоёрыг цаашаа бай гээд хаалга хаагаад Б тайвшраад үс чих зулгаахаа болиод тавьсан. Тэгэхээр нь би охин Үенгээ аваад зугтааж гараад цагдаа дуудсан. Чихэндээ оёдол тавиулсан, хамар хугарсан байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” /хх-н 10-11/ гэж,

яллагдагч С.Б “... 2019 оны 11 дүгээр сарын 25-нд би гэртээ оргилуун дарс уусан. Тэгээд танил Э эгчийгээ дуудаад бид хоёр хамт 3 шил 0,75 литрийн оргилуун дарс уугаад согтсон. Бид хоёр ариун цэврийн өрөөнд ороод тамхи татаж байгаад маргалдаад үстэлцээд би Э эгчийг доороо дараад гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд үсээ тавилцаад Э эгч гарсан. Гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн тэгээд цагдаагийн газар ирсэн ” /хх-н 26/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ч.Э-ын гэмтэлтэй холбоотойгоор “Ч.Э-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, зүүн нүдний доод зовхи, нуруу цээж, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 8683 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 20/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч С.Б согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр бусдыг зодсон байх ба мөн тэрээр урьд өмнө шүүхээс энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нь түүний хувийн зан байдлыг илэрхийлнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь зөвхөн “... торгох, ... нийтэд тустай ажил хийлгэх, ...” гэсэн ялын санкцтай бөгөөд шүүгдэгч С.Б өөрийгөө “жирэмсэн гэх” тайлбар хэлж байгаа нь түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Иймээс түүнд оногдуулах торгох ялын хэмжээг 1.000.000 төгрөгөөр тогтоов.

 

Хохирлын хувьд:

Эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хохирогч Ч.Э-ын нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шийтгэх тогтоолоор хангах боломжгүй. Хохирогч эмчилгээний баримт өгөөгүй боловч түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Э гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Сүхбаатарын Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. С.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. С.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Э гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ч.Э-ын шүүгдэгч С.Б-д холбогдуулан нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ