Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 123

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905000001334 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4: эх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян-Уул 2 гудамж 0-0 тоотод оршин суух,

ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

АА000000 дугаарын регистртэй, Чонууд овогт И.Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч И.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19-20 цагийн хооронд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кэй Эф Си” /KFC/ нэртэй түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан иргэн М.С-ы өмчлөлийн ширээн дээр байсан Айфоне экс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч И.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Маратын М.С “...Би өөрийн эгч Д-н хамтаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кэй Эф Си”-ийн салбарт хоол идэхээр оройны 19 цагийн орчимд орсон. Тэгээд хоолоо захиалаад ширээн дээрээ очоод сууж байсан юм. Энэ үед манай эгч Д намайг цай аваад ир гэхээр нь би тухайн үед өөрийнхөө барьж байсан утас болох Айфоне-Икс маркийн гар утсыг ширээн дээр орхиод цай авчихаад эргээд ирсэн. Тэгээд эргэж ирээд ширээн дээр орхисон гар утсаа хайтал байхгүй байсан. Тухайн үед манай эгч надад хэлэхдээ нэг залуу ирээд мөнгө гуйгаад байсан. Тэр үед авсан байж магадгүй гэж хэлсэн. Ингээд “Кэй Эф Си”-ийн дотор талын камерийг шүүгээд үзтэл манай эгч ширээн дээр сууж байхад нэг танихгүй залуу ирээд манай эгчтэй юм яриад байх шиг байсан. Тэр залуу миний гар утсыг малгайгаараа дараад аваад гараад явж байгаа бичлэг байсан... Би гар утсаа буцаагаад олоод авчихсан. Надад өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 18/ гэж,

гэрч М.Д “...Би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кэй Эф Си” түргэн хоолны газарт 19 цаг 30 минутын үед дүү М.С-той үйлчлүүлж байгаад манай дүү халуун цай захиалах гээд босоод явтал 1 эрэгтэй хүн ирээд надаас бутархай мөнгө гуйхаар нь би мөнгө байхгүй гэтэл ширээн дээр байсан бургерээ өгчих гэхээр нь би өгөөд явуулсан. Тэгээд дүү ирээд “ширээн дээр үлдээсэн гар утас хаана байна” гэж надаас асуухаар нь “чамайг касс руу явсан хойгуур 1 эрэгтэй согтуу хүн ирээд ширээн дээр байсан бургер аваад явсан” гэж хэлээд тухайн хүнийг гар утас хулгайлсныг мэдээд тухайн хүний араас гараад хайтал байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Би ширээн дээр үлдээгээд явсныг харсан” /хх-н 19-20/ гэж,

гэрч С.Б “Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10-11 цагийн хооронд намайг “Теди” гар утас худалдааны төв дээр байж байх үед нэг үл таних залуу ирээд гар утас авах уу гэж асуусан. Тэгээд би ямар гар утас вэ гэхэд айфоне икс маркийн гар утас хямдхан зарна гэж хэлсэн. Тэгээд би зарах гэж байсан гар утасных нь үйл ажиллагааг нь шалгаад үзэхэд имэй кодтой ашиглаж болохооргүй утас байсан. Тэгээд дэлгэцийг нь ашиглах боломжтой гэж хэлээд үнэ тохироод АТМ-с бэлэн 200.000 төгрөг аваад худалдаж авсан...би rap утсаа зарсан залуугаас мөнгөө буцаагаад авчихсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 25/ гэж,

яллагдагч И.Э “...Би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын замын эсрэг талын “Кэй Эф Си” дотроос тэнд үйлчлүүлж байсан хүний гар утсыг хулгай хийсэн. "Тухайн үед миний гар утсыг хулгайлан авсан ширээн дээр 1 эмэгтэй сууж байсан. Гар утас нь ширээн дээр ил байсан. Тэгэхээр нь би тэр эгч рүү очоод эгчээ задгай мөнгө байвал өгөөч” гэсэн чинь тэр эгч надад хандан байхгүй гэсэн. Тэр эгчтэй ярилцаж мөнгө гуйж байхдаа ширээн дээр байсан гар утсан дээр өөрийнхөө өмсөж байсан малгайг дээр нь тавиад мэдэгдэлгүй нуугаад аваад явсан. Тэгээд тэндээсээ шууд гараад зугтаачихсан” /хх-н 38-40/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл /хх-н 2/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 12/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 30-32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 6-9/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч И.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч И.Э-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, “Хулгайлах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамрах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлдэг. Цаашлаад гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх зэргийг ял оногдуулахад харгалзан үзэв.

Харин улсын яллагчийн зүгээс “шүүгдэгч И.Э урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулья” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар хохирогчид буцаан олгож, хохирогч М.С “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

Шүүгдэгч И.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт И.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. И.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч И.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ