Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 134

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Э.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар  Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005002320096 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-нд Завхан аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн нарангийн 9-р гудамжны 218 тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн наран 0-0 тоотод түр оршин суух, ялгүй, ИР000000 дугаарын регистртэй, Бичээч овогт Э.Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчимд иргэн О.М-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар О.М-гийн нүүр лүү өшиглөж биед нь зүүн доод үүдэн 2 дугаар шүдний хүзүү хэсгийн хугарал, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд нэг сая төгрөг, гар утас өгсөн гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О.М “...2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 21 цагийн үед эхнэр М-ийн хамт Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал орчим алхаж явахад нэг эмэгтэйг 1 залуу үстээд нүүрээр нь газар чирээд зодож байсан. Хажууд нь бас нэг залуу зогсож байсан. Би хөөе болиоч та нар ямар арчаагүй юм бэ...” гэж хэлсэн чинь чамд хамаагүй зайл гэсэн. Тэгэхээр нь зүгээр байгаарай гөлөг минь гэж хэлсэн. Манай эхнэр чамд ямар хамаатай юм гэж хэлээд татаад өнгөрөөд явсан. Гэтэл нөгөө 2 залуу араас нь хүрч ирээд махлаг залуу нь эхнэрийн шанаа хэсэгт гараараа хальт цохихоор нь би татаж аваад хавсраад унагаасан. Гэтэл туранхай залуу нь араас үсэрч орж ирсэнээ алаад хаячихъя нийлж байгаад зодьё гэсэн. Тэгэхээр нь би хоёуланг нь доороо хийгээд суухад Э.Д гээд байгаа туранхай залуу аллаа босгочих гэсэн. Манай эхнэр цагдаа дуудсан. Би туранхай залууг нь тавиад махлаг залууг нь доороо дараад байж байхад туранхай залуу нь миний нүүр хэсэгт 2-3 удаа. өшиглөсөн. Намайг өшиглөсөн залууг барьж аваад эвлэрээд байж байхад махлаг залуу нь зугтаасан,

            ... эмчилгээний зардалд Э.Д-оос 1.000.000 төгрөг бэлнээр, 200.000 төгрөгөнд тооцож самсунг эс 7 марктийн гар утас авсан. Би Э.Д-той сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 16-19/ гэж,

гэрч Э.М “...2020 оны 1 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед нөхрийн хамт Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын орчимд явж байхад 2 залуу зогсож байсан. Нэг залуу нь нэг хүүхний үснээс зулгаагаад зогсож байсан. Манай нөхөр хараад чи болиоч эмэгтэй хүн цохиод ямар учиртай юм бэ гэж хэлэхэд өөдөөс хэрэлдээд байсан. Би нөхөртөө явъя гэж хэлээд дагуулаад явахад араас махлаг биетэй залуу нь хүрч ирээд нөхөртэй заамдалцаад авсан. Би болиоч гээд нөгөө залууг татсан чинь миний баруун шанаанд цохисон. Гэхдээ бултсан учраас шүргээд өнгөрсөн. Миний биед бол ямар нэг гэмтэл учруулаагүй. Манай нөхөр дээр нөгөө туранхай залуу ирээд араас нь мордоод авсан. Нөхөр тэр хоёрыг газар унагаад дээрээс нь дараад намайг цагдаа дууд гэсэн. Би цагдаа дуудаж байхад туранхай залуу нь босоод ирчихсэн байсан. Тэгсэнээ нөхрийн нүүрэн тус газар 2 удаа өшиглөсөн. Амнаас нь цус гараад шүд нь уначихлаа гэж байсан” /хх-н 10/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч О.М-гийн гэмтэлтэй холбоотойгоор О.М-гийн биед зүүн доод үүдэн 2 дугаар шүдний хүзүү хэсгийн хугарал, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5 хувь нөлөөлнө гэсэн 1057 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 21/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Э.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Бичээч овогт Эрдэнэцэцэгийн Э.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Д торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч О.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ