Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 171

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Н.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905025280093 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, дээд боловсролтой биологич мэргэжилтэй, “.... ХХК”-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 5, эцэг эх дүү нарын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 0-0 тоотод оршин суух, ялгүй, Р3000000 дугаарын регистртэй, Чонос овогт Н.А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай караокены гадна Э.О-тэй маргалдан түүний нүүр болон толгойн тус газарт гараар цохиж, хөлөөр өшиглөж хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал дух, хамрын угалз эрүүнд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт эрүүний шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 3.300.000 төгрөг өгч, хохирогчоос уучлалт гуйсан. Одоо бид хоорондоо эвлэрсэн гэв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э.О “... Би 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр найз Энхдөлтэй 10 цагийн үед ажил дээр байж байгаад орой ажил тараад Баянгол дүүргийн 20 дугаар хороо Монос эмнэлгийн орчим 1 шил архи хувааж уугаад Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Алтай караокед орсон. Ингээд сууж байтал Э хажуу ширээнд сууж байсан нэг залуутай хамт гараад явсан. Араас нь гараад хартал Энхдөл тэр залуутай барьцалдсан, заамдсан байдалтай зогсож байсан. Тэгээд би очиж салгатал тэр залуу над руу дайраад байхаар нь би хавирч унагасан. ... Тэгтэл дотроос туранхай нөгөөдөхөө бодвол арай өндөр залуу гарч ирээд миний нүүр хэсэгт 3-4 удаа цохиод газар унасан чинь нүүр лүү өшиглөсөн. Би ухаан балартаад хэвтсэн. Нэг харахад тэр хоёр залуу гараад явчихсан байсан. Миний хамарнаас их цус гарсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа.Намайг цохисон залууг Н.А гэдэг юм байна лээ. Нэрийг нь цагдаа дээр ирсэний дараа мэдсэн.

Би эмчилгээний зардалд Н.А-аас 3.300.000 төгрөг авсан. Одоо ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 27-28, 68/ гэж,

гэрч О.Б “...2019 оны 6 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед ажил тараад гэртээ хариад буцаад ганцаараа гараад хорооллын эцэс орсон. Тэзээд найз Н.А бид 2 хорооллын эцэст нийтийн караокед уулзъя гэж ярилцаад тэндээ 22 цагийн үед уулзан бид 2 пиво уусан. Караокед нилээд удсан. Тэр үед гаднаас 2 залуу орж ирээд сууж байсан. Ингээд караокед сууж байхад орж ирсэн 2 залуу та хоёр чимээгүй бай бид нар дуулмаар байна гээд яриа өдөж эхэлсэн. Бид хоёр нөгөө хоёр танихгүй залуутай маргалдаад өнгөрсөн. Тэгээд нэг залуутай нь гараад гадаа тамхи татаж байгаад маргалдсан. Тэр үед дотроос туранхай залуу араас гарч ирээд маргалдсан. Би барьж авахад намайг бас барьж аваад газар тонгороод унагаасан. Бид 2 зууралдсан чигээрээ хамтдаа унасан. Намайг доороо хийчихээд хөдөлгөхгүй байсан. Тэгтэл нөгөө залуу нь /Энхдөл/ хүрч ирээд салгаад намайг хориглоод барьчихаад тавихгүй байсан. Надтай газар унасан залуу босч ирээд зогсож байхад дотроос Н.А гарч ирээд тэр залуугийн нүүр хэсэгт нь цохиод авч байсан. Нэг харахад тэр залуу газар унасан байсан. Тэгээд караоке орж пивоо ууж дуусгаад тооцоо хийгээд гарсан” /хх-н 18/ гэж,

гэрч Д.Э “Би 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа явж байгаад орой 19 цагийн үед ажил тараад А гэх найзынхаа машинд сууж байгаад Э.О бид 2 хоёр шил архи уусан. Ингээд Э.О-гийн хамт караоке орж дуулахаар болоод хорооллын эцсийн Е МАРТ худалдааны төвийн баруун талд байрлах “Алтай” нийтийн караокед орсон. Тус караокед ороход нилээн хойд талын ширээн дээр 2 залуу өөр бас нэг ширээн дээр 2 хүүхэн байсан. Э.О бид 2 пиво авч уугаад сууж байгаад би тамхи татахаар гарсан. Гадаа шатан дээр зогсож байхад хар савхин хүрэмтэй жижиг биетэй залуу нь өөдөөс томроод үгээр сөргөөцөлдөөд байсан. Тэгэхээр нь би зүгээр бай чи яах гээд байгаа юм бэ гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэр үед Э.О гарч ирээд одоо боль гээд бид хоёрыг салгасан. Тэгтэл намхан залуу нь уурлаад хэл амаар доромжилоод байсан чинь Э.О бариад авсан. Тэр 2 ноцолдоод хамт газар унасан. Гэхдээ бие биенээ цохиогүй. Тэгээд би намхан савхин хүрэмтэй /цагдаа дээр ирээд Б гэдэг нэртэй болохыг мэдсэн/ залууг салгаад Э.О-гээс холдуулаад бариад авсан. Э.О босоод зогсож байтал караоке дотроос Н.А гээд байгаа /цамцных нь зүүн ханцуй нь цагаан саарал канттай/ залуу гарч ирээд шууд Э.О дээр очоод нүүр хэсэгт нь 3 удаа гараараа цохисон. Э.О газар саваад унасан чинь очоод нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд тэр 2 залуу салаад яваад өгсөн” /хх-н 22/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Э.О-гийн гэмтэлтэй холбоотойгоор Э.О-гийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал дух, хамрын угалз эрүүнд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт эрүүний шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэсэн 6913 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 41/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Н.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.А-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Н.А бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Э.О “... хохиролд 3.300.000 төгрөг өгсөн тул сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 68/

 

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Чонос овогт Н.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.А торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ