Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 159

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

өсвөр насны шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, хууль ёсны төлөөлөгч Н.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805003580006 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 10-нд Орхон аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эх, эгч, ах, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 0-0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

ял шийтгэл: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

ФБ000000 дугаарын регистртэй, Монгол овогт С.Э

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 37 дугаар гудамж, 0-0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 0-0 тоотод оршин суух, ялгүй,

УЖ000000 дугаарын регистртэй, Харуулчин овогт Г.А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Г.А нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамж, 310 Б тоотод оршин суух хохирогч Г.Гийн байшингийн вакум цонхны төмөр хаалтыг хөшиж татан уг цонхоор нэвтрэн орж, нийт 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба /Toshiba/ маркын зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, усан болор хөөрөг, мөнгөн хослол, хэтэвч зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

                                                    

Өсвөр насны шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би эд зүйлийг нь авч гараагүй. Хохирлыг төлсөн. Цаашид хулгай хийхгүй, өөртөө анхаарч сурч, хөдөлмөрлөх болно гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.А-ын хууль ёсны төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай гэр бүлийн амьдрал ахуй боломжийн. Би өөрөө хөдөө орон нутгаар явж ажилладаг юм. Энэ хооронд хүүхэддээ анхаарал муу тавьснаас гэмт хэрэгт холбогдсон байна. Цаашид хүүхдийнхээ төлөө анхаарах болно гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

хохирогч Г.Г “…2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонх онгорхой, гэрэл асаагаад хартал шүүгээний хаалга онгорхой, бүх юм эмх замбараагүй болсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний өөрийн хар өнгийн Тошиба маркийн нэөтбүүк 1 ширхэг, саарал өнгийн усан болор хөөрөг 1 ширхэг, түрийвч 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хүүхдийн зураг байхгүй байсан.

Би мөнгөн хослол болон түрийвчийг үнэлэхгүй. Учир нь удаан хугацааны турш хэрэглэсэн байсан болохоор үнэлэх шаардлагагүй гэж бодож байна” /хх-н 54-56/ гэж,

яллагдагч С.Э “... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” /хх-н 119/ гэж,

өсвөр насны яллагдагч Г.А “... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Э бид хоёр цугтаа цонхных нь гадна талын төмрийг нь хоёр тийш нь татаж том зайтай болгоод Э цааш нь вакум цонхыг нь түлхэж ороод намайг ороод ир гэсэн боловч би орж багтахгүй болохоор нь орж чадалгүй байж байтал Э намайг “чи гадаа хүн хараад байж бай, тэгээд хүн ирвэл шүгэлдэж дохио өгөөрэй” гэсэн. Хэсэг хугацааны дараа Э нэг мөнгөн аяга, хөөрөг, нэөтбүүк зэргийг авч гарч ирээд бид хоёр зам руу гараад такси бариад Бөмбөгөр орсон” /хх-н 97/ тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-22/, Шүүхийн шинжилгээний албаны Баянгол дүүргийн Криминиластикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 01/050 дугаартай дүгнэлт /хх-н 64-66/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 41-43/,  хулгайд алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ /хх-н 72-74/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Г.А нар бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Г.А нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзсан болно.

 

Хохирогч Г.Г-ийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үүнд: Хөрөнгийн үнэлгээгээр нийт 1.000.000 төгрөгийн хохирол учирсанаас 400.000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг буцаан олгосон байна.

Харин 450.000 төгрөгөөр үнэлэгдсэн нөүтбүүк, 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн мөнгөн аяганы үнэ болох 600.000 төгрөгийг шүүгдэгч С.Э, А нар хувь тэнцүүлэн төлөх ёстойгоос 500.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Г.А буюу түүний ар гэр, 300.000 төгрөгийг шүүгдэгч С.Э буюу түүний ар гэр тус тус төлж, ХААН банкны Орлогын мэдүүлгийг шүүхэд хүргүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.Э-гийн хувьд тэрээр урьд өмнө буюу 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 713 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ.

Гэвч шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа хуульд зааснаар дуусгавар болсноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн зохицуулалт хамаарахгүй, зөвхөн шүүгдэгч С.Э-гийн хувийн байдлыг илэрхийлэх бөгөөд одоо түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Э-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хуульд заасан хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой.

 

Харин өсвөр насны шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлийн зохих заалтуудыг баримтлан шүүх шийдвэрээ гаргав.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Г.Э-ийн цагдан хоригдсон 49 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Э-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний хувийн байдалд нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

  1. Монгол овогт С.Э, Харуулчин овогт Г.А нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-д 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4. С.Э-д оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1.             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтадаа байлгахыг түүний хууль ёсны төлөөлөгч Г-т,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-ын үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

 

   6. С.Э-г энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорьсон болохыг дурдаж,

түүний цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч С.Энхамгалан, өсвөр насны шүүгдэгч Г.А нар бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Г.Г гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Э-гийн “цагдан хорих”, өсвөр насны шүүгдэгч Г.А-ын “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмээг тус тус хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ