Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 180

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Б.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2005004400185 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 20-нд Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “....” өрхийн эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоот 0-0 тоотод оршин суух, ялгүй, АГ000000 дугаарын регистртэй, Боржгон овогт Б.Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Морьтон" паб караокены газрын авто зогсоолын талбайд иргэн Г.Сийн эзэмшлийн 600.000 төгрөгний үнэ бүхий "Самсунг А50" загварын гар утсаа гээснийг олж гээдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Уг утсыг эзэнд нь буцаан өгсөн. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г.С “...2019 оны 12 дугаар 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн газар нутагт байрлах Тусгаар тогтнолын ордоны чанх зүүн хойд хэсэгт байрлах "City town" нэртэй рестораны 2 давхарт манай ажил болох "Таван орд" ХХК-ны шинэ жил 19 цагийн үед болсон, манай ажлынхан шинэ жилд оролцож байгаад шөнийн 00 цаг гээд л ихэнх хүмүүс нь гараад явж байгаа харагдсан. Манай ширээнийхэн шагнал аваад ойр зуурын юм ярьж сууж байгаад тарцгаасан, би найз Элдэв-Очирын хамтаар 2019 оны 12 дугаар 20-ны өдрийн 01 цаг 30 минут болж байх үед Тусгаар тогтнолын ордноос гарч яваад зам дээрээс такси барьж суугаад яг хөдлөх гэж байхад Элдэв-Очирын гар утас руу манай ажлын нэг хүн залгаад хаана байгаа юм бэ? Манай ажлынхан Баянгол дүүргийн 16-р хорооны "Морьтон" гэх нэртэй паб караокед сууж байна хүрээд ирээч гэхээр нь бид хоёр уг такситай хамт тухайн "Морьтон" паб караоке руу очсон. Тухайн үед шөнийн 02 цаг болж байсан. Би караокед дөнгөж орж ирээд л гар утсаа халааснаасаа үзтэл байхгүй болсон байхаар нь тэр дор нь ирсэн таксиндаа үзэх гээд ганцаараа гүйж гартал нөгөө такси намайг буулгасан газраасаа дөнгөж урагшлаад зогсож байгаа харагдахаар нь очоод машин дотор нь гар утсаа үзтэл байхгүй байхаар нь таксины жолоочоос гар утсаа асуухад ард суудал дээрээ л сайн үз би мэдэхгүй байна гэхээр нь, эргэж яваад анх буусан газраа очиж гар утсаа хайтал байхгүй байсан. Эргэж караоке руу ороод найз Элдэв-Очирын гар утсыг авч гараад утас руугаа залгаад машины зогсоол дээгүүр хайгаад явсан, миний утас дуудаад байсан хаа нэгэн газар унаад дуу нь гарах ёстой гэж бодоод 10 гаран минут орчим машины доогуур харж үзээд л утас руугаа залгаад яваад байтал олдохгүй байхаар нь караоке руу эргэж ороод утас руугаа мөн 10-аад минут орчим залгасан. Миний утас дуудаад л байсан. Хэн нэгэн олоогүй байвал миний буусан газар гар утасны дуу чимээ гараад олдох ёстой байсан. ... удалгүй утас холбогдохгүй болчихлоор нь би гар утсаа алга болгочихлоо хэн нэгэн олж аваад унтраачихлаа гэж бодоод тэр шөнөө ажилчидтайгаа хамт баярлаж байгаад, 03 цагийн үед гэртээ ирж хоносон юм. Би хар өнгийн "Самсунг А50" загварын хоёр сим ордог гар утсаа 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн төвд байрлалтай Мобикомын салбараас шинээр нь 839,000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан юм. ... ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хар өнгийн резинэн гэртэй утас байсан юм. Би уг rap утсандаа үнэлгээ гаргуулаад үнэлгээний газраас 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Миний бие ажиллаар хөдөө явж байгаа тул шүүхээс гаргасан шийдвэрт ямар нэг гомдол саналгүй, маргах зүйлгүй” /хх-н 30-31, 75/ гэж,

яллагдагч Б.Д “... 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд урьд нь хамт ажиллаж байсан Отгонтогоо гэх найз маань шинэ жил тэмдэглэж байна хүргээд өгөөч гэж хэлээд надад өөрийгөө Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Морьтон” караокед байна гэсэн. Би тухайн караокены гадаа өөрийнхөө Honda Insight маркийн 79-75 УБЯ улсын дугаартай автомашинтайгаа ирж хүлээгээд зогсож байсан. Тэгтэл манай найз над руу ажлынхаа хүмүүстэйгээ үргэлжлүүлээд явах болчихлоо намайг явж бай гэж утсаар ярьсан. Тухайн үед цаг харахад  02 цаг болж байх шиг байсан. Тэгээд машинаа зогсоолоос гаргах гээд хөдлөх үед газарт гар утас байж харагдахаар нь түүнийг аваад гэртээ харьсан. Гap утсыг газраас авахад ямар нэгэн цэнэггүй байсан бөгөөд гэртээ хариад цэнэглээд үзэхэд rap утас нь кодтой байхаар нь цэнэглэж байгаад 2 хоногийн дараа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн хажуу талын Орон зай худалдааны төв дотор гар утасны засварчин дээр очоод гар утасны кодыг тайлуулаад өөрийнхөө симийг тус газраас олсон гар утсандаа хийгээд барьж байтал хэд хоногийн дараа намайг цагдаагаас дуудсан” /хх-н 50-51/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Д-ыг “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Д бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.С “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Иймд миний зүгээс шүүх хуралд оролцох шаардлагагүй” гэжээ. /хх-н 75/

Шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Боржгон овогт Б.Д-ыг “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Д-ыг торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Д цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ