| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01634/И |
| Дугаар | 01545 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01545
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн чулуутын 37 тоотод оршин суух, /Регистрийн дугаар:РГ61100316/, Шарнууд овгийн Гончигийн Нармандахын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 50-2 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФБ71012800/, Боржигон овгийн Дайрийгийн Одгэрэлд холбогдох
420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Гончиг овогтой Нармандах Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт амьдардаг. Би хот тохижуулах газарт ажилладаг. Д.Одгэрэл гадаг хүнд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мах, сүүний нийт 420,000 төгрөгний юм өгөөд одоо болтол авч чадаагүй. Миний энэ өргөдөлийг авч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Нармандах гэдэг хүнээс эхнэртэй нь бид 3 ярьж тохииролцсны үндсэнд дээр манай гэрт ирж махалсан нь үнэн. Цагаан сар болох гэж байсан юм. Би гэхдээ энэ хоёр хүнээс авсан махны мөнгөө төлнө. Би энэ хүмүүст өгч чадахгүй удсандаа уучил хүсч байна. Харин одоо 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 20-ны хооронд дуусгана. Иймд энэ хүсэлтийг минь та хоёр минь хүлээн зөвшөөрнө үү. би хэлсэн хугацаандаа төлж дуусгана. Удаасандаа дахин дахин уучил хүсье. Та хоёрыг үл тоогоогүй дээ ингэж удсан юм биш шүү зөвөөр ойлгоорой гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Нармандах нь хариуцагч Д.Одгэрэлд холбогдуулан “420,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Нармандахын нэхэмжилсэн 420,000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэл нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1 Нэхэмжлэгч Г.Нармандахын 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Одгэрэл 2017 оны 01 дүгээр сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 20-ны хооронд төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016-11-22-ны өдөр төлсөн 1350 төгрөг, 2016-11-15-ны өдөр төлсөн 11,900 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Одгэрэлээс 6,625 төгрөг, төрийн сангаас 6,625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Нармандахад олгосугай.
3. Хариуцагч Д.Одгэрэл нь 420,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН