Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 177

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Ц.Гансүлд

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч В.Ганболд

шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Д.Оюунням

нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808022790777 тоот дугаартай, 5 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 0-0 дугаар байр, 20 Б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 6-22 тоотод оршин суух, ялгүй, УП000000 дугаарын регистртэй, Боржгон овогт Л.А

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 2 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....ажиллаж байгаа гэх, ам бүл 3; эцэг, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мах Импексийн байр, 01-01 В тоотод оршин суух, ялгүй, УТ000000 дугаарын регистртэй, Сартуул овогт С.Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Л.А, С.Х нар бүлэглэж, 2018 оны 5 дугаар сарын 3-нд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 9 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Х.Б-ыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг-Галакси-эс 5” маркийн гар утсыг залилан авч, 174.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим насанд хүрээгүй хохирогч Д.А-г “буяны ажилд ороод, мөнгөгүй болчихлоо, утсаараа яриулаач ах ирж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг-Галакси-Эс 6“ маркийн гар утсыг залилан авч, 231.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч М.Э, Ч.М нарыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож насанд хүрээгүй хохирогч М.Э ийн 399.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Жи 3” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Ч.М-ийн 174.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-5” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 573.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Б.А, М.Х нарыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар насанд хүрээгүй хохирогч Б.А-ын 49.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч М.Х-гийн 104.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Нөти-2” маркийн гар утсыг залилан авч, нийт 153.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 6 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч А.С “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Хуйюай Ю5” маркийн гар утсыг залилан авч, бусдад 208.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Н.С, А.О нарыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, насанд хүрээгүй хохирогч Н.С 216.000 төгрөгийн үнэ бүхий “Ю6” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч А.О-н 82.500 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Гранд” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 298.500 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч А.Х, Б.Э нарыг “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, А.Х эзэмшлийн 266.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-6 эс” маркийн гар утсыг, Б.Э-н эзэмшлийн 110.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 376.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч М.Т, П.М нарт “Буяны ажилд оруулж, бэлэг тарааж байгаа гар утсаар чинь зураг авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, М.Т ийн эзэмшлийн 216.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-эс 6” маркийн гар утсыг, П.М-н эзэмшлийн 192.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-5” маркийн гар утсыг залилан авч, нйит 408.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Л.А ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч П.Ц-г “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг Нөти-3” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, 224.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 05 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Т.М, О.Н нарыг “Улсын Их Хуралд сонгогдсон хүн 10.000 төгрөг, бэлэгтэй өгч байгаа, бэлэг авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож насанд хүрээгүй хохирогч Т.М-ийн 174.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-5эс” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч О.Нгийн 72.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Нөти-1” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 246.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Жавхлант” нэртэй үйлчилгээний төвийн цахим тоглоомын газарт хохирогч Н.Б-аас “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг Жи-7 маркийн гар утсыг залилан авч, 270.470 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн Завьяа” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.А-д “утсаар чинь яриад өгье, буян ажилд оролцоод өг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 40.500 төгрөгийн үнэ бүхий “Самсунг ЛТ-2” маркийн гар утсыг залилан авсан, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 36 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч М.М, Г.Ү нарт “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, М.М-ийн эзэмшлийн 207.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-5” маркийн гар утсыг, Г.Үгийн эзэмшлийн 36.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг АСЕ” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 243.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 2 дугаар орцны 7 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч Ц.С-г “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Айпони-8 плас” маркийн гар утсыг залилан авч, бусдад 1.904.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч М.А-г “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “ЛЖ К-8” маркийн гар утас, хар өнгийн куртик зэргийг залилан авч, 282.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С.Х ганцаараа 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч М.Э-г “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Самсунг-эс5” маркийн гар утсыг, залилан авч, бусдад нийт 135.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй Ц.М-г “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Айпони-4 эс” маркийн гар утсыг залилан авч, 77.500 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 86 дугаар сургуулийн орчим “би сургуулийн физикийн багш байна, хүргээд өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож насанд хүрээгүй хохирогч Ч.Н 108.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Галакси Поп” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Б.З-н 28.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн гар утас, 132.300 төгрөгийн монетон ээмэг зэрэг эд зүйлсийг залилан авч, нийт 268.300 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Д.Д, Г.С нарыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, насанд хүрээгүй хохирогч Д.Д-н 176.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Эс5” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Г.С-н 224.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Нөти-3” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 5 дугаар байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Э.Э, Д.Б нарыг “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, насанд хүрээгүй хохирогч Э.Э-н 45.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа 6610” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Д.Б-н 249.000 төгрөгийн үнэ бүхий “ЛЖ-Экс-Повер” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 294.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С.Х нь Г.Б гэгчтэй бүлэглэж 1 удаагийн үйлдлээр 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Гар утас худалдааны төв” дотор гар утасны лангуу түрээслэгч хохирогч Б.А-д “Айпони-6эс” маркийн гар утас худалдаж авья, үзье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуучин гар утсаар сольж аван залилан 440.000 төгрөгийн хохирол учруулсан “Залилах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед С.Х бид хоёр насанд хүрээгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. РС тоглоомд донтож, мөнгө олохын тулд залилан хийх болсон. Ийм аргыг өөр хүүхдүүдээс сурсан. Цаашид өөртөө дүгнэлт хийж, зөв амьдарна. Хохирлоо бүрэн төлж барагдуулах болно гэв.

 

Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би насанд хүрээгүй, ээж маань Солонгос улс руу ажил хийхээр явчихсан, аавын бие муу байдаг байсан. Тэгээд гадуур тэнэж, РС тоглоом энэ тэр гэсээр ийм гэмт хэрэг үйлдсэн. Харин би Н, З нарыг залилаагүй, гэхдээ шүүх шийдвэрлэсэн тохиолдолд хохирлыг төлөхөд мөнгө нь бэлэн байгаа. Бас А бид хоёрын хамтарч үйлдсэн хэргийн хохирогч болох Тэргэлд хохирлын 108.000 төгрөгийг өгөх гэсэн боловч шүүхийн журмаар авна, чиний гараас авахгүй гээд байгаа юм. Энэ мөнгийг өгөхөд бэлэн байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А, С.Х нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж үйлдсэн гэж тэдгээрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан шинжлэн судлавал

 

Шүүгдэгч Л.А, С.Х нар бүлэглэж, нийт 8 удаагийн үйлдлээр:

“Залилах” гэмт хэргийг үүнд:

 

Нэг: 2018 оны 5 дугаар сарын 3-нд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 9 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Х.Б-ыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг-Галакси-эс 5” маркийн гар утсыг залилан авч, 174.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Х.Б “... би 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 2 бага сургуулийн урд найз М-ой явж байтал үл таних хоёр эмэгтэй ирээд цаг асуухаар нь цаг хэлтэл буяны ажил явагдаж байгаа, та хоёрт бэлэг өгнө гэсээр 20 дугаар байр руу дагуулж явсан. Тус байрны 9 дүгээр орцонд ороод байж байтал нэг үл таних эмэгтэй нь гар утсаа өгчих, би маань уншуулаад эргүүлээд өгнө гэж хэлээд авч яваад, дээшээ авч яваад 2-3 минутын дараа буцаж ирсэн. Тэгснээ 7 дугаар давхарт гарчихаад ирлээ, энэ эгчтэй нь цуг яваад мөнгө аваад ярья, хэрэв удах юм бол та хоёр энэ орцны 7 давхарын зүүн гар тийш эргээд эхний хаалганаас гар утас болон бэлгээ аваарай гэж хэлээд, бид хоёрыг орхиод явсан” /1 хх-н 9/ гэсэн,

 

Хоёр: 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим насанд хүрээгүй хохирогч Д.А-.г “буяны ажилд ороод, мөнгөгүй болчихлоо, утсаараа яриулаач ах ирж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг-Галакси-Эс 6“ маркийн гар утсыг залилан авч, 231.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Д.А “... 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 32 дугаар байрны орчим үл таних 2 эмэгтэй хүнтэй таараад “утсаар чинь яриад өгье, манай ах мөнгө авчирч байгаа” гэхээр нь би гар утсаа өгтөл миний гар утсыг авсан хүн би дэлгүүр ороод ирье гээд, намайг найзтайгаа үлдээсэн. Удалгүй надтай хамт байсан эмэгтэй би найзыгаа дуудаад ирэе гээд гүйхээр нь би араас нь гүйсэн чинь 32 дугаар байрны автобусны буудал дээрээс таксинд суугаад яваад өгсөн” /1 хх-н 39-40/ гэсэн,

 

Гурав: 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Ч.М, М.Э нарыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож насанд хүрээгүй хохирогч М.Э-ийн 399.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Жи 3” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Ч.М-гийн 174.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-5” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 573.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Ч.М-н “... 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хичээлээ тараад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 110 дугаар цэцэрлэгийн хажууд М.Эийн хамт явж байхад 2 үл таних эмэгтэй “энд буяны ажил болж байгаа Улсын Их Хурлын гишүүн Б нас барсан байна, охин нь өөрийн үеийн хүүхдүүдэд бэлэг тарааж байгаа гэж хэлсэн”. Бид хоёрыг уг хоёр эмэгтэй 19 дүгээр байрны 1 дүгээр орц руу дагуулж яваад “бид 2-т сугалаа сугалуулна та хоёрт шашны эд зүйлс байгаа бол өг, байхгүй бол гар утсаа өгчих гар утсан дээр чинь тэмдэглэлээ хийгээд өгий гээд орц руу аваад орсон. Удалгүй гарч ирээд шар өнгийн үстэй улаан цамцтай хүн гарч ирээд та хоёрын бэлгийг гар утастай чинь өгнө гэж хэлээд тэр 2 эмэгтэй яваад эргэж ирээгүй. Миний гар утас Айпони-5 саркийн гар утас байсан” /1 хх-н 126-127/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч М.Э-н “... 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17-18 насны үл таних 2 эмэгтэй ирээд цаг асуухаар нь би гар утсаа гаргаж ирээд цаг хараад хэлж өгөхөд та хоёроос юм гуйж болох уу гээд “сая 7 сард нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн нас барсан байгаа, охиных нь хүсэлтээр өөрийнх нь насны хүүхдүүдэд бэлэг тарааж байгаа юм. 10 наснаас доош 5000 төгрөг, 10 насны дээш насны хүүхдэд 10.000 төгрөг бэлэгтэй өгнө гээд бид хоёрыг дагуулаад 19 дүгээр байранд очсон. Тэр хоёр эмэгтэй гар утас юм уу, шашны эд зүйлс байвал тарни суулгаж өгнө гэж хэлэхээр нь М бид хоёр гар утсаа гаргаж өгсөн. Тэр хоёр эмэгтэй орц руу ороод буцаад гарч ирээд бид хоёр мөнгө аваад ирье улаан өнгийн цамцтай шар өнгийн үстэй эмэгтэй хүн гарч ирээд гар утас болон бэлэг, мөнгийг өгнө гэж хэлээд цаашаа яваад өгсөн” /1хх-н 131/ гэсэн,

 

Дөрөв: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Б.А, М.Х нарыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар насанд хүрээгүй хохирогч Б.А-ын 49.000 төгрөгийн үнэ бүхий “Скай” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч М.Хгийн 104.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Нөти-2” маркийн гар утсыг залилан авч, нийт 153.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Б.А-ын “... би 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой гар бөмбөгийн дугуйланд явахаар орцоноосоо гарахад М.Х, Р.Х, мөн 2 танихгүй эгчтэй хамт байсан. Тэр хоёр эгч бид нартай хамт явчих, буяны ажилд явж байна гээд 12 дугаар орцны үүдэнд ирээд М.Х бид хоёрын гар утсыг аваад, та гурав 84 тоотод очоод байж бай гэж хэлсэн. Бид гурав дээшээ явахад нөгөө хоёр эгч зугтаагаад яваад өгсөн” /1хх-н 242/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч М.Х-н “... А-ыг дуудаад буяны ажилд оролцох уу гэж асуусан. А тэгье гээд бид гурав хамт үл таних хоёр эгчтэй хамт явсан. 2 дугаар байрны 12 дугаар орц руу ороод нэг эгч нь эд зүйлээ гаргаад ир, маань уншина, нэг эд зүйлсээ үлдээ гээд миний болон манай найз А-н гар утсыг авсан. Тэгээд нөгөө хоёр эгч наанаа байж бай гээд гараад явсан. Гараад хайхад тэр хоёр эгч олдоогүй” /1хх-н 248/ гэсэн,

 

Тав: 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 6 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч А.С-г “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Хуйвей Ю5” маркийн гар утсыг залилан авч, бусдад 208.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч А.С-н “... 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хичээлээ тараад Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 27 дугаар байрны хажууд явж байх үед хоёр охин хөөе, цаг хэд болж байна гээд надаас асуусан. Тэгээд өөрийн гар утсаа гаргаж ирээд цаг хэлээд цааш явсан. Тэгтэл тэр 2 охин дахиж дуудаад хоёр эгч нь буяны ажилд явж байна, хүүхдүүдэд бэлэг тарааж өгч байгаа гээд тэр байрны орцны гадаа очьё гээд 27 дугаар байрны 6 дугаар орцны хажууд намайг дагуулж очоод гадаа хүйтэн байна гээд дотогш орсон. Тэгээд чи гар утсаа өгч бай, би ном уншуулаад ирье гээд нэг эгч нь миний гар утсыг аваад дээшээ гараад, нөгөө эгч нь миний хажууд зогсож байсан. Нөгөө эгч удалгүй бууж ирээд хүлээж байгаарай дэлгүүр ороод ирье гээд гараад явсан” /2хх-н 174-175/ гэсэн,

 

Зургаа: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Н.С, А.О нарыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, насанд хүрээгүй хохирогч Н.С-н 216.000 төгрөгийн үнэ бүхий “Ю6” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч А.О-ны 82.500 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Гранд” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 298.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Н.С-н “... 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд А.О-ны хамт явж байхад үл таних 2 эмэгтэй хүн ирээд цаг асуухаар нь гар утсаа гаргаад цаг хэлж өгсөн чинь бид 2 буяны ажлаар явж байна. Та 2 бэлэг аваач, тараагаад дуусвал цалингаа авна гэж хэлэхээр нь за гээд зөвшөөрөөд дагаад явсан. Тэгээд гар утсаа өгчих ном уншуулж, аравнайлж өгнө гээд миний гар утсыг аваад 5 дугаар орц руу орсон. Миний утсыг аваад итгэхгүй байгаа бол сугалаанд цуг явъя гээд намайг дагуулж яваад ТҮЦ рүү ороод бичиг баримт аваад ир гээд явуулсан. ТҮЦ-нээс гараад ирэхэд тэр 2 эмэгтэй байхгүй болсон байсан” /2хх-н 210/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч А.О-ны “... 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2 эгч ирээд манай ангийн хүүхдийн аав нас барсан, энэ байранд ном уншуулаад оронд нь нэг зүйл өгөх ёстой гэж хэлээд бид хоёрыг утсаа өгчих гэхээр нь би өөрийн Самсунг гранд маркийн гар утсаа өгсөн. Тэр 2 эгч утас аваад орц руу орсон. Гарч ирээд С-г дагуулаа явсан. С буцаж ирээд тэр 2 эгч алга болчихлоо гэж хэлсэн” /2хх-н 216-217/ гэсэн,

 

Долоо: 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч А.Х, Б.Э нарыг “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, А.Х-н эзэмшлийн 266.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-6 эс” маркийн гар утсыг, Б.Э-н эзэмшлийн 110.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 376.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Б.Э-н “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 23 дугаар сургуулиас А.Х бид нар гарч яваад ПС тоглоомын газарт хальт ороод гараад явж байхад үл таних 2 эмэгтэй бид нараас бид 2 буяны ажлаар явж байгаа УИХ-ын гишүүн нас барсан, дурсгалд нь зориулж буяны юм тарааж яваа гээд бид гурвыг 24 дүгээр сургуулийн зүүн талд дагуулж ирээд сандалд суулгасан. Тэгээд тэр орцонд ном уншиж байгаа, үнэтэй эд зүйл байвал өгөөрэй гэсэн. Тэгээд гар утаснуудаа өгчих гэхээр нь Х Айпони-6 маркийн гар утас, би Самсунг-6 эс маркийн гар утсаа өгсөн. Тэгээд бид хоёрын гар утсыг аваад байр руу ороод 5 минутын дараа гар утасгүй гарч ирээд та хоёрын гар утсыг дотор үлдээсэн бэлэг, мөнгөгүй болсон байна, ойрхон яваад ирье гээд яваад ирээгүй” /3 хх-ийн 246/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч А.Х-н “... бид нарыг ноцолдож байхад 2 эгч ирээд цаг хэд болж байна гэж асуугаад 2 эгч нь буяны үйл ажиллагаа хийж байгаа, сонссон уу гэж асуугаад энэ хавьд салхитай байна ийшээ явъя гээд 24 дүгээр сургуулийн хажуу талд байрлах талбайн хажууд ирээд одоо та гуравт нэгжний сугалаа сугалуулна гэж хэлсэн. Тэгээд гар утас, түрүүвчээ өгчих гээд Энхтамирын Самсунг галакси эс-6 маркийн гар утас, миний барьж байсан Айпони-6 эс маркийн гар утсыг аваад явсан” /4 хх-ийн 2/ гэсэн,

 

Найм: 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч М.Т, П.М нарт “Буяны ажилд оруулж, бэлэг тарааж байгаа гар утсаар чинь зураг авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, М.Т-ийн эзэмшлийн 216.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-эс 6” маркийн гар утсыг, П.М-н эзэмшлийн 192.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-5” маркийн гар утсыг залилан авч, нйит 408.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч М.Т-н “... 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сургуулийн баруун талд байх дэлгүүрээс юм аваад 15 дугаар байрны гадна явж байхад 16 орчим насны нэг охин ирээд цаг асуусан тэгээд УИХ-ын гишүүн Б-н охин нь манай анги байгаа юм үр хойчдоо сайн хүн байсан гэж үлдээхийн тулд буяны бэлэг тарааж байгаа гээд 17 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд ирээд та нарт үр хойчдоо үлдээх үнэтэй эд зүйлс байна уу гээд утас, зүүлт, бугуйвч байна уу гэсэн. Тэгээд бид нар утсаа өгсөн тэгтэл тэр 2 охин аваад 6 давхар руу гараад яваад өгсөн” /4 хх-ийн 102/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч П.М-н “... Т, Г бид нар явж байхад 18-19 насны эгч ирээд цаг хэд болж байна би 3-р курсын оюутан байна, УИХ-ын гишүүн Батзориг нас барсан байна, тэр манай ангийн охины аав юм. Тэгээд 17 дугаар байр руу явж байхад дахин нэг эгч ирсэн. Тэгээд өглөөнөөс хойш бид 2 арван бэлэг тараасан бэлэг өгч байгаа, тэгээд бас нэгжийн сугалаа байдаг 3 өнгийнх байдаг гэсэн. Ном уншуулна, утсаа унтараагаад наашаа өгчих гээд авсан. Та нар орцонд байж бай гээд 6 давхар руу гараад яваад өгсөн” /4 хх-ийн 106/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.А ганцаараа нийт 7 удаагийн үйлдлээр “Залилах” гэмт хэргийг үүнд:

 

Нэг: 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч П.Ц-г “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг Нөти-3” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, 224.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч П.Ц-н “... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 82 дугаар сургуулийн гадна ангийн найз Д-тэй хамт явж байхад нэг эмэгтэй ирээд та 2 ойрхон буян хийдэг газар мэдэх үү. Танай Мишээл гээд хүүхдийн аав нь өнгөрсөн буяны зүйлс тарааж байна гээд бид хоёрт бэлэг өгнө гэж хэлсэн. Тэгээд 27 дугаар байрны орцонд ороод ямар ч хамаагүй эд зүйлс өгчих гээд гар утас аваад ариутгаж байна гээд үлдээсэн гэсэн. Тэр эгчийг дагаад явж байхад бичиг баримт барьж бай гээд алга болчихсон” /1 хх-н 93-94/ гэсэн,

 

Хоёр: 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 05 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Т.М, О.Н нарыг “Улсын Их Хуралд сонгогдсон хүн 10.000 төгрөг, бэлэгтэй өгч байгаа, бэлэг авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож насанд хүрээгүй хохирогч Т.Мийн 174.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-5эс” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч О.Нгийн 72.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Нөти-1” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 246.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Т.М-н “... 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ангийн найз Номингийн хамт сургуулийн хашаанаас гараад явж байхад араас нэг эгч дуудаад “энэ зун болсон Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж ялсан хүн хүүхдүүдэд 10.000 төгрөг, бэлэгтэй өгч байгаа юм. Одоо эгчид нь 4 бэлэг үлдсэн энийг тараагаад цалингаа авна гээд бид хоёрт бэлэг өгнө гээд 34 дүгээр байранд ирсэн. Тэгээд дотор лам ном уншиж байгаа гээд шашны эд зүйлс байвал өгчих эсвэл утсаа кодыг нь тайлаад өг гээд Номин бид хоёрын утсыг аваад 5 дугаар орц руу орсон. Удалгүй гарч ирээд эгч нь бас утсаа өгсөн дэлгүүр орж мөнгө аваад ирэе гээд явсан” /1 хх-н 203-204/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч О.Н-н “... нэг үл таних эмэгтэй манай ангийхан дүүргүүдээр явж буяны зүйл тарааж байгаа гээд бид хоёрыг байрны гадаа аваачаад энэ байранд маань уншиж байгаа, энд дандаа том хүмүүс оруулж байгаа, та хоёрт бэлэг өгнө гээд бид хоёрын гар утсыг аваад, та хоёр эндээ байж байгаарай, би орчихоод ирье гээд орсон. Тэгээд 5 минутын дараа гарч ирээд одоо энэ орцноос тайрмал үстэй улаан цамцтай эмэгтэй хүн гарч ирээд та хоёрын гар утсыг бэлэгтэй цуг өгнө гэж хэлээд явсан” /1 хх-н 209-210/ гэсэн,

 

Гурав: 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Жавхлант” нэртэй үйлчилгээний төвийн цахим тоглоомын газарт хохирогч Н.Б-аас “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Самсунг Жи-7 маркийн гар утсыг залилан авч, 270.470 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Н.Б-ны “... өөрийн найз болох М.Б-ын хамт “Жавхлант” төвийн цахим тоглоомын газар оройн 19 цагийн үед орж тоглосон. Орой 22 цагийн орчим цахим тоглоомын газар зүс таних Л.А гэх охин “ахаа утсаа өгөөч, яриад өгье” гээд миний Самсунг Жи-7 маркийн гар утсыг аваад явсан. Тэгээд 5-аас 10 минутын дараа утсаа авах гэхэд алга болсон байсан” /3 хх-н 42-44, 45/ гэсэн,

 

Дөрөв: 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн Завьяа” дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч Б.Ад “утсаар чинь яриад өгье, буян ажилд оролцоод өг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 40.500 төгрөгийн үнэ бүхий “Самсунг ЛТ-2” маркийн гар утсыг залилан авсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Б.А-н “... 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед гэрээс гараад ээжийн ажлын Мөнгөн завъяагийн баруун талд явж байхад 16-18 насны эмэгтэй миний дүү буяны ажилд туслаад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэр эмэгтэй ганцаараа явж байсан. Нөгөө эгч манай ангийн охины аав нас барсан, буяны ажилд нь тусалж байгаа юм, ямар нэгэн үнэт зүйл байна уу гэхээр нь би гар утас байна, өгмөөргүй байна гэхэд тэр эмэгтэй түр хэрэглээд өгнө гээд миний утсыг авсан. Тэр эмэгтэй утас аваад орцоор ороод буцаж гарч ирээд манай найз гарч ирнэ яваад өгсөн” /3 хх-ийн 113/ гэсэн,

 

Тав: 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 36 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч М.М, Г.Ү нарт “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, М.М ийн эзэмшлийн 207.000 төгрөгийн үнэ бүхий “Айпони-5” маркийн гар утсыг, Г.Ү гийн эзэмшлийн 36.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг АСЕ” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 243.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч М.М-н “... би 16 дугаар сургуулийн урд талд байх АТИМОС нэртэй байрны гадаа найз Үүрийнцолмонтой тоглож байхад 26 орчим насны эмэгтэй ирээд “миний цаг буруу яваад байна хэдэн цаг болж байна” гэж асуусан. Тэгээд би буяны ажилд оролцож байгаа манай найзын аав нас барсан гэж хэлээд бид хоёрыг дагуулаад явж байгаад 36 дугаар байрны орцны хажууд очоод “та хоёрт үнэтэй гое эд зүйлс байна уу” гэж асуугаад та 2 гар утсынхаа дууг хаагаад кодыг нь байхгүй болгочих гэхээр нь би гар утсын кодоо арилгаж өгсөн. Тэгээд тэр эгч бид хоёрын утсыг аваад орц руу орсон...” /3 хх-ийн 140/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч Г.Ү-н “... найз М-н хамт 16 дугаар сургуулийн АТИМС байрны гадаа тоглож байсан чинь 20 орчим насны эмэгтэй хүн бид хоёроос цаг асуугаад М цаг хэлэхэд миний цаг буруу явж байгаа юм байна гээд бид хоёроос буяны үйл ажиллагаа мэдэх үү  гэхэд бид 2 мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хүн надад үлдсэн 4 бэлэг байгаа та 2-т ах эгч байгаа юу байгаа бол авчих гэж хэлсэн. Тэгээд 16 дугаар сургуулийн 36 дугаар байрны гадна талд очоод тэр эгч та 2-т ямар нэгэн алт, монетон эдлэл байна уу гэхээр нь би утасны цэнэглэгч болох уу гэхэд болохгүй гар утсаа өгчих гээд бид 2-ын утсыг аваад орц руу орсон...” /3 хх-ийн 145/ гэсэн,

 

Зургаа: 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 2 дугаар орцны 7 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч Ц.С-г “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Айпони-8 плас” маркийн гар утсыг залилан авч, бусдад 1.904.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Ц.С-ий “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн үед БЗД-ийн 18 дугаар хороо Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны гадаа тоглож байгаад 171б байрны байрны доод нэг давхарт байрлах дэлгүүр орох гээд явж байхад замд нэг танихгүй эгч гарч ирээд надаас цаг асуухаар нь утсаа гаргаж ирээд цаг хэлж өгсөн. Тэгээд намайг хэдэн настай вэ гэхээр нь 10 настай гэхэд манай найз нас барсан буяны юм өгөх гэсэн юм гээд 38 дугаар байрны 7 давхарт дагуулж гараад буяны юм өгөхөд утсаа хаах ёстой гээд айди кодыг асуугаад утсыг минь аваад 3 минутын дараа ирнэ гээд яваад ирээгүй...” /3 хх-ийн 177/ гэсэн,

 

Долоо: 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим насанд хүрээгүй хохирогч М.А.-г “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “ЛЖ К-8” маркийн гар утас, хар өнгийн куртик зэргийг залилан авч, 282.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч М.А “... Хүнсний 4 дүгээр дэлгүүр рүү алхаад явж байхад нэг эмэгтэй явж байснаа гэнэт 2 улаан өнгийн тоосгон байрны голоор ороод энд буяны ажил болж байгаа гэж хэлээд намайг урагшаа харсан 1 орцтой байрны урд очоод орсон. Тэгээд нэг давхарт очоод чи энд хүлээж бай талийгаачийн буяны ажилд зориулж сахиус, утас, мөнгө зэрэг үнэтэй зүйл байна уу гээд ном уншуулах тул утсаа өгч бай гээд миний гар утсыг аваад дээшээ гарсан. Тэгээд буцаж бууж ирээд оочиртой байна гээд чиний курткыг үзүүлж байгаад эгчийгээ хүлээлгэсэн хурдан гараад ирье гээд гараад яваад буцаж ирээгүй” /4 хх-ийн 55-56/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Х ганцаараа нийт 5 удаагийн үйлдлээр “Залилах” гэмт хэргийг үүнд:

 

Нэг: 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч М.Э-г “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Самсунг-эс5” маркийн гар утсыг, залилан авч, бусдад нийт 135.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч М.Э-ий “... 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хичээлээ тараад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны урд талд ганцаараа явж байхад 20 орчим насны эгч ирээд “чамд юм хэлье, өнгөрсөн жил Улсын их хуралд нэр дэвшиж байсан хүний охин нас барсан, тэр хүн өөрийн охины насны хүүхдэд бэлэг тарааж байгаа гэж надад хэлсэн. Эгчид нь хоёр бэлэг үлдсэн байна, тэрийг очоод авчих гээд бэлэг аваад очуул эцэг эх чинь уурлан гээд гар утас дээрээ дугаараа үлдээгээд бэлэгтэй хамт гар утсыг чинь өгнө гэж хэлээд миний гар утсыг аваад явсан” /1 хх-н 172-175/ гэсэн,

 

Хоёр: 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй Ц.М-г “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Айпони-4 эс” маркийн гар утсыг залилан авч, 77.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Ц.М-н “... би 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 99 дүгээр цэцэрлэгийн зүүн талд ангийн найз Х, М нарын хамт сургуулийн давталгаа тараад явж байхад үл таних 18 насны эгчтэй таараад “цаг асуугаад, буяны үйл ажиллагаа гэж сонссон уу” Улсын их хурлын гишүүн Батзориг гэдэг хүний охин хөдөө явж байгаад нас барсан, та нар үеийн хүүхдүүд юм байна эгч нь билэг авч өгье гэж хэлээд урагшаа 8. 9 дүгээр байрны орчим явж байгаад чамд эцэг эхээс чинь өвлүүлсэн юм байна уу гэхээр нь өөрийн гар утсаа өгсөн. Тэгтэл номын завсар хийж байгаад маань уншин гэж хэлээд аваад явсан. Тэгээд намайг орцны үүдэнд үлдээгээд буцаж гарч ирээгүй” /2 хх-н 41-42/ гэсэн,

 

Гурав: 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 86 дугаар сургуулийн орчим “би сургуулийн физикийн багш байна, хүргээд өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож насанд хүрээгүй хохирогч Ч.Н-ий 108.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Галакси Поп” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Б.З-н 28.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн гар утас, 132.300 төгрөгийн монетон ээмэг зэрэг эд зүйлсийг залилан авч, нийт 268.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Б.З-н “... 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хичээлээ тараад найз Н-ий ахад зангиаг нь хүргэж өгөхөөр 86 дугаар сургууль руу явсан. Тэгээд явж байхад нэг эгч таараад би энэ сургуулийн физикийн багш байна надаас айх хэрэггүй. Би та хоёрыг хүргээд өгье гээд энэ хавиар хулгай дээрэм ихтэй байгаа миний дүү ээмгээ тайлчих гээд миний ээмэг тайлаад авсан. Мөн бид хоёрын гар утсыг авсан” /2хх-н 73-74/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч Ч.Н-ий “... найз Б.З-ын хамт манай ахад зангиаг нь хүргэж өгөхөөр явсан. Тэгтэл нэг эгч гарч ирээд би физикийн багш байна айх хэрэггүй, би та 2-ыг хүргээд өгье гээд цуг явж байгаад би ах руу залгахад миний утсыг авсан. Золжаргалын утас дуугарахад аваад энэ хавиар хулгай дээрэм ихтэй байга аа, миний дүү ээмгээ өгчих гээд Золжаргалын ээмгийг авсан” /2хх-н 79-80/ гэсэн,

 

Дөрөв: 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Д.Д, Г.С нарыг “буяны ажилд оролцуулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, насанд хүрээгүй хохирогч Д.Д 176.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Эс5” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Г.С-н 224.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Нөти-3” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Д.Д-ын “... би Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Манай хичээл тараад 19 дүгээр байрны хажууд явж байхад үл таних эмэгтэй ирээд буяны юм тарааж явна дуусах гээд байна гээд та хоёр яваад бас гар утсаа тарнидуулчих гээд манай найз бид хоёрын гар утсыг аваад явсан” /2хх-н 127-128/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч Г.С-н “... нэг эгч ганцаараа ирээд Улсын их хурлын гишүүн нас бараад түүний охины санаачлагаар буян үйл ажиллагаа болж байгаа 10.000 төгрөг өгнө, та хоёр орох уу гэж асуухаар нь бид хоёр тэгье гээд 8 дугаар орц руу орох гэхэд нөгөө эгч та хоёр гар утсаа өгч бай, гар утсанд чинь ном уншуулаад ирье гээд бид хоёрын гар утсыг аваад явсан” /2хх-н 133-134/ гэсэн,

 

Тав: 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 5 дугаар байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Э.Э, Д.Б нарыг “буяны ажилд оруулж бэлэг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, насанд хүрээгүй хохирогч Э.Э-н 45.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа 6610” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Д.Б-н 249.000 төгрөгийн үнэ бүхий “ЛЖ-Экс-Повер” маркийн гар утсыг залилан мэхлэн авч, нийт 294.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Э.Э-н “... 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз Бийн хамт МУИС-ийн 2-р байрны зааланд тоглож байгаад гэр рүүгээ явж байхад 11 дүгээр хорооллын 2 дугаар сургуулийн урд талд найз Ганзоригтой таараад юм яриад зогсож байгаад салаад бид хоёр цаашаа явсан. Тэгээд 2 дугаар сургуулийн үүдэнд нэг танихгүй эгч таараад бид хоёроос эхлээд цаг асуугаад, буяны ажил болж байгаа хүүхдүүдэд бэлэг тарааж байгаа, 4 бэлэг үлдсэн та хоёр бэлэг авах уу гээд 5 дугаар байрны 1 дүгээр орцонд ирсэн. Тэгээд буяны ажлын талаараа “урд жил сонгуульд нэр дэвшсэн хүний хүүхэд 2–р сургуульд сурдаг, буяны ажил зохион байгуулж байгаа гэж хэлсэн. 5 дугаар байрны 1 дүгээр орц руу дагуулж ороод лам нар ном уншиж байгаа та нарыг төлөөлж байх нэг зүйл байх ёстой сахиус, бие хамгаалах удам дамжсан зүйл мөнгө, утас байдаг юм гээд Б бид хоёр утсаа гаргаж өгөхөд аваад 6 давхарт гарна гээд дээшээ гараад айлд оролгүй буцаад буугаад явсан. Нэг давхарт очоод дэлгүүрээс 150.000 төгрөг авах ёстой та хоёрын нэг нь хамт явчих гээд Б хамт явсан. 10 минутын дараа Б буцаж ирээд, Бт худлаа хэлээд өөр тийшээ явуулсан байсан” /3 хх-ийн 76/ гэсэн,

насанд хүрээгүй хохирогч Д.Б-ийн “... найз Э-ийн хамт явж байхад араас үл таних эмэгтэй хүн ирээд хөөе миний дүү гэж дуудсан. Тэгээд бид хоёр эргээд харахад нэг эмэгтэй бид хоёроос цаг асуугаад, энэ сургуулд Мишээл гэдэг охин сурдаг өмнө жилийн 7 сард сонгуульд оролцсон нэг хүн нас барсан тэр хүний 49 хоног болж байгаа буяны үйл ажиллагаа 49 хоногт багтааж хийх ёстой, нэг хүнд 10.000 төгрөг, карт сугалаад нэгж өгнө та хоёр бэлэг авах уу гээд 5 дугаар байрны 4 дүгээр орцонд очсон. Бид хоёрын гар утсыг адислаж өгье гээд авсан. Багш уурлаж магадгүй гар утас чинь дуугараад унана гээд бид хоёр гар утсаа унтраагаад өгсөн. Тэгээд 6 давхар руу гарлаа, та хоёр наанаа байж бай гээд дээшээ гараад явсан. Эийг наанаа байж бай багш гарч ирээд карт сугалаад гар утсаа аваад байж бай гээд яваад өгсөн” /3 хх-ийн 79-80/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Х нь Г.Б гэгчтэй бүлэглэж 1 удаагийн үйлдлээр үүнд:

2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Гар утас худалдааны төв” дотор гар утасны лангуу түрээслэгч хохирогч Б.А-д “Айпони-6эс” маркийн гар утас худалдаж авья, үзье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуучин гар утсаар сольж аван залилан 440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Б.А-н “... Өргөө кино театрын урд талд байрлах гар утас худалдааны төв дотор өөрийн лангуун дээр гар утас зараад зогсож байхад орой 16-17 цагийн үед манай лангуун дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд Айпони-6 эс маркийн гар утас сонирхож үзэж байгаад 16 гб багтаамжтай Айпони-6эс маркийн гар утас авахаар болж мөнгөө аваад ирье гээд гараад явсан. Гараад явсаных нь дараа би гар утсаа үзэхэд үзэж байсан утаснаас нэг утас цэнэггүй болсон байхаар нь цэнэглэж үзэхэд шал өөр гар утас байсан” /4 хх-ийн 153/ гэсэн

тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд болон нэр бүхий насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүд, бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох “Залилах” гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг:

Эд хөрөнгийн үнэлгээ /Самсунг Галакси-Эс5” маркийн гар утас 174.000 төгрөг/ /1 хх-ийн 4-15/, Эд хөрөнгийн үнэлгээ /Самсунг-Эс-6 маркийн гар утас 231.000 төгрөг/ /1 хх-ийн 53-54/, Эд хөрөнгийн үнэлгээ /Самсунг-Нөти-3 маркийн гар утас 224.000 төгрөг/ /1 хх-ийн 100-101/, Эд хөрөнгийн үнэлгээ /”Айпони-5эс” маркийн гар утсыг 174.000 төгрөгөөр, “Самсунг-Жи3” маркийн гар утсыг 399.000 төгрөгөөр/ /1-р хх-ийн 142-143/, Эд хөрөнгийн үнэлгээ /Самсунг-Эс5” маркийн гар утас 135.000 төгрөг/, /4 хх-ийн 199-201/, Эд хөрөнгийн үнэлгээ /Айпони-5эс” маркийн гар утсыг 174.000 төгрөг, “Самсунг-Нөти1” маркийн гар утсыг 72.000 төгрөг/ /1 хх-ийн 217-218/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Скай” маркийн гар утсыг 49.000 төгрөг, “Самсунг-Нөти-2” маркийн гар утсыг 149.000 төгрөгөөр/, /4 хх-ийн 199-201/, Эд хөрөнгийн үнэлгээ /Айпони-4эс” маркийн гар гар утас 77.500 төгрөгөөр//4 хх-ийн 199-201/, Эд хөрөнгийн үнэлгээ /Самсунг-Поп” маркийн гар утас 108.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас 28.000 төгрөг, монетон ээмэг 132.300 төгрөг/ /2 хх-ийн 87-88/, Эд хөрөнгийн үнэлгээ /Самсунг Нөти-3 маркийн гар утас 224.000, Самсунг Эс5 маркийн гар утас 176.000 төгрөг 2 хх-ийн 142-143/, Эд хөрөнгийн үнэлгээ /Хуйюай Ю5 маркийн гар утас 208.000 төгрөг/,/4 хх-ийн 199-201/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Ю6” маркийн гар утсыг 216.000 төгрөг, “Самсунг-Гранд” маркийн гар утсыг 82.500 төгрөг/, /2 хх-ийн 232-233/, Эд хөрөнгийн үнэлгээ /”Самсунг Жи-7” маркийн гар утсыг 207.470 төгрөг/,/4 хх-ийн 199-201/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Нокиа 6610” маркийн гар утас 45.000 төгрөг, “ЛЖ-Экс-Повер” маркийн гар утас 249.000 төгрөг/,/4 хх-ийн 199-201/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Самсунг ЛТ-2” маркийн гар утас 40.500 төгрөг/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Айпони-5” маркийн гар утас 207.000 төгрөг, “Самсунг АСЕ маркийн гар утас 36.000 төгрөг/ /3 хх-ийн 152-153/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Айпони-8-пласс” маркийн гар утас 1.904.000 төгрөг/, /3 хх-ийн 191-192/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Айпони-6-эс” маркийн гар утас 266.000 төгрөг, “Самсунг Эс6” маркийн гар утас 110.000 төгрөг/,/4 хх-ийн 199-201/, Эд хөрөнгийн үнэлгээ /“ЛЖ-К8” маркийн гар утас 228.000 төгрөг, хар өнгийн куртик 54.000 төгрөг/ /4 хх-ийн 58-59/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Самсунг-эс6” маркийн гар утас 216.000 төгрөг, “Айпони-5” маркийн гар утас 192.000 төгрөг / /4 хх-ийн 110-111, 113-114, 120/, Эд хөрөнгийн үнэлгээ /“Айпони-6эс” маркийн гар утас 440.000 төгрөг/ /4 хх-ийн 157-158/ гэж үнэлж гаргажээ.

 

“Залилах” гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг нь өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдаг, цаашлаад хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурагдаж өөрийн эд зүйлс, хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа “өмчлөх” эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Л.А, С.Х нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Л.А, С.Х нарын удаа дараагийн үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.А, С.Х нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Тухайлбал шүүгдэгч нар насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан болон төлж барагдуулахаа илэрхийлж байгааг шүүх харгалзан үзэв.

 

Хэдийгээр шүүгдэгч нар өөрсдөө насанд хүрээгүй байхдаа “залилах” гэмт хэргийг үйлдсэн боловч гэмт хэргийн хохирогчоор мөн бага насны буюу насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгодог, тэдгээрийн залилах гэмт хэрэг үйлдэх явцдаа хэлдэг үг хэллэг, үйлдэл нь насанд хүрсэн хүний сэтгэж бодох хэмжээнд байгааг шүүгдэгч нар цаашид анхаарч зан үйлээ засвал зохино.

 

Эрүүгийн хээлийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “... торгох, ... нийтэд тустай ажил хийлгэх, ... зорчих эрхийг хязгаарлах, ... хорих” гэж хуульчилсан байх ба тухайн зүйл хэсгийн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

 

Иймд шүүгдэгч нар анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хохирогч нарын зүгээс гомдолгүй, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэв.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа байдал, өсвөр насны эмэгтэй хүүхдүүд, тэдгээрийн ирээдүйд итгэх итгэл, сурч боловсрох, амьдралын гараагаа зөв эхлэхэд нь шүүхээс нэг удаа боломж олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Х нь насанд хүрээгүй хохирогч Ч.Н, Б.З гэсэн хохирогчтой нэг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг хэлсэн боловч энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ үгүйсгэж чадаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Л.А-аас нийт 2.516.720 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч нар болох Х.Б-т 87.000 төгрөг, Д.А-д 115.500 төгрөг, П.Ц-д 224.000 төгрөг М.Э-д 199.500 төгрөг, Ч.М-д 87.000 төгрөг, Т.М-д 174.000 төгрөг, О.Н-д 72.000 төгрөг, Б.Ад 24.500 төгрөг, М.Хд 52.000 төгрөг, А.С-д 104.000, Н.С-д 108.000 төгрөг, А.Оюунсайханд 41.250 төгрөг, Б.А-д 40.500 төгрөг, Б.М-д 207.000 төгрөг, Г.Ү-д 36.000 төгрөг, хохирогч А.Х-д 133.000 төгрөг, Б.Э-т 55.000 төгрөг, М.А-т 282.000 төгрөг, М.Т-д 108.000 төгрөг, П.М-д 96.000 төгрөг, хохирогч Н.Б-д 270.470 төгрөгийг,

шүүгдэгч С.Х-гаас 376.300 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч нар болох Ч.Н-д 108.000 төгрөг, Б.З-д 160.300 төгрөг, М.Т-д 108.000 төгрөг тус тус олгохоор байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Х цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.А нь 12 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Л.А, Сартуул овогт С.Х нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Л.А, С.Х нар тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүргийг тэдгээрт хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А, С.Х нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.А, С.Х нарын ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Л.А 12 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. С.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-аас нийт 2.516.720 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч нар болох Х.Б-т 87.000 төгрөг, Д.А-д 115.500 төгрөг, П.Ц-д 224.000 төгрөг М.Э-д 199.500 төгрөг, Ч.М-д 87.000 төгрөг, Т.М-д 174.000 төгрөг, О.Н-д 72.000 төгрөг, Б.А-д 24.500 төгрөг, М.Х-д 52.000 төгрөг, А.С-д 104.000, Н.С-д 108.000 төгрөг, А.О-д 41.250 төгрөг, Б.А-д 40.500 төгрөг, Б.М-д 207.000 төгрөг, Г.Ү-д 36.000 төгрөг, хохирогч А.Х-д 133.000 төгрөг, Б.Э-т 55.000 төгрөг, М.А-т 282.000 төгрөг, М.Т-д 108.000 төгрөг, П.М-д 96.000 төгрөг, хохирогч Н.Б-д 270.470 төгрөгийг,

шүүгдэгч С.Х-гаас нийт 376.300 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч нар болох Ч.Н-д 108.000 төгрөг, Б.З-д 160.300 төгрөг, М.Т-д 108.000 төгрөг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.А, С.Х нарын “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.

 

 

 

      

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ