Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 225

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Г.Сэндэнсүрэн

шүүгдэгч И.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2005000000149 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” ХХК-д ажилладаг, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол 0-0 тоотод оршин суух, ялгүй, УД00000 дугаарын регистртэй, Боржигон овогт И.Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч И.Т 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн 60 дугаар Нийтийн байрнаас хохирогч А.Ч-н Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585.600 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч И.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хохирогч Чгийн гар утсыг буцааж өгсөн. Бас ХААН банкны виза карт алга болсон гээд байхаар нь шинээр виза карт авах мөнгийг нь бэлнээр түүнд өгсөн гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Алтаннямын Ч “... 2020 оны 1 дүгэээр сарын 21-ний орой 22 цагийн үед надтай хамт амьдарч байгаа найз Дулмаа 3 жилийн өмнө уулзаж байсан найзтайгаа уулзаад ирье гэж гараад үүрийн 05 цагийн үед 1 эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн. Өглөө сэрэхэд Дулмаатай ирсэн залуу манай гэрээс гараад явчихсан. Ингээд 20-30 минутын дараа өөрийнхөө гар утсыг хайсан чинь олдохгүй байхаар нь Дулмаа руу залгаад “чиний авч ирсэн залуу чинь гар утас аваад явчихсан юм биш үү“ гэхэд тэр хүний 000000 дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. Миний алдсан утас Самсунг А-50 маркийн хар өнгөтэй, өнгөгүй гэртэй, ар талдаа виза карттай байсан ба 3 сарын өмнө Мобикомоос 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний амьдардаг байр 2 өрөөтэй бөгөөд би цаад унтлагын өрөөнд, Дулмаа, Т хоёр нөгөө өрөөнд унтаж байсан. Би унтаж байсан орныхоо хажууд тавиад унтсан. Өглөө хамт сэрцгээсэн. Т ус уугаад өрөөгөөр яваад байсан. Нэг мэдэхэд л яваад өгсөн, утас байхгүй байсан. Дулмаа Хэнтий аймагт ажлаар явсан, ирэх болоогүй байгаа. Дулмаа хэрэгт хамааралгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, гар утсаа буцаан хүлээж авсан” /хх-н 8-9/ гэж,

яллагдагч И.Т “... би Дулмаатай гадуур явж, архи ууж байгаад гэрт нь хоносон. Архины мөнгө олох зорилгоор Чгийн гар утсыг нь аваад ломбардад 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Дулмаа, Ч нар миний араас залгаад цагдаад хэллээ гээд байхаар нь утсыг нь ломбарднаас буцааж аваад өгсөн. Тухайн гар утас нь Самсунг А-50 маркийн утас байсан. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ч-гийн гар утсыг эвдрэл гэмтэлгүй буцааж өгсөн” /хх-н 25-26/ гэж тус тус мэдүүлжээ.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 4/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 6/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 17-18/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт мөн авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч И.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч И.Т-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, “Хулгайлах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамрах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар хохирогчид буцаан олгож, хохирогч А.Ч “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял оногдуулахад харгалзан үзэв.

 

Шүүгдэгч И.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт И.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч И.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч И.Т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

4. Ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх шүүгдэгч И.Т-т авсан албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. И.Т цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл И.Т-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ