Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00112

 

             Ө.У-ийн нэхэмжлэлтэй

             иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02312 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2107 дугаар магадлалтай,

Ө.У-ийн нэхэмжлэлтэй,

О.А , И ХХК-д холбогдох,

Ажлын хөлс 9.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүний гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.У-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах Голден Билл хотхоны 101 байрны 1 орцны заслын ажлыг хийж гүйцэтгэхээр IZ Mone ХХК-ийн гэрээт гүйцэтгэгч Ганцэцэгтэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 1 дүгээр сарын эхээс 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд бид хийж гүйцэтгэх ажлынхаа үнэ үнэлгээ гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг баталгаажуулахаар компанид удаа дараа мэдэгдсэний дагуу 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр дэвтрийн цаасан дээр шаврын ажлын үнэлгээг 6.500 гэж тохиролцон гарын үсэг зурсан. Ажлын хөлсөө давхар давхраар нь өгнө гэсэн тохиролцоогоо биелүүлэхгүй болохоор ерөнхий захирал О.А тэй нь уулзаж хөлсөө шаардахад 2 хоног хүлээчих гэсэн. Ингээд 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч миний нэр дээр О.А  нь баталгаа болгон албан тоот өгсөн. Үүндээ хөрөнгө оруулагч талаас санхүүжилт хийгдэхээр өгнө гэж мэдэгдсэн боловч одоог хүртэл ажлын хөлсөө олгохгүй биднийг хохироосоор байна. 7-р давхарт 600 м.кв, 8-р давхарт 600 м.кв, 5-р давхарт 300 м.кв, бүгд 1,500 м.кв * 6.500=9.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И ХХК болон О.А  шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК нь Голден Вилл хотхоны 101-р байрны 1-р орцны 20 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр иргэн Ганцэцэгтэй тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 30.000.000 төгрөгийг гүйцэтгэгч Ганцэцэгт шилжүүлсэн бөгөөд 2 дугаар сард мөн 7.000.000 төгрөг цувуулан шилжүүлсэн. Ажлыг эхлүүлснээс хойш 2014 оны 01 дүгээр сард гүйцэтгэгч Ганцэцэг нь Ө.У-ийн бригадыг туслан гүйцэтгэгчээр ажилд оруулж байгаа болохыг нь мэдсэн юм. Иймд би иргэн Ө.У-ийн өмнө ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд иргэн Ө.У- ажлын хөлсөө манай компаниас биш иргэн Ганцэцэгээс нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм. Мөн нэхэмжлэлд Гүйцэтгэгч Ганцэцэгтэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 дүгээр сарын эхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн” гэж бичсэнээр нотлогдож байна. Түүнчлэн Ганцэцэгт шаврын ажлын гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн тул ажил хүлээлцэх акт үйлдээгүй, дахин засварлах хийх шаардлагатай болохыг Ганцэцэгт мэдэгдсэн. Түүнчлэн Компанийн тухай хуульд зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь О.Түвшинтөгс биш бөгөөд ажлын хөлсийг тохиролцсон гэдэг нь ач холбогдолгүй тул үүнд тайлбар гаргах шаардлагагүй юм. Түүнчлэн И ХХК-ийн барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь Ж.Ганцэцэг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд энэ хугацааг 4 cap хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 03 дугаар сарын эхээр цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02312 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ИЗМНЭГ ХХК-иас 5,850,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.У-т олгож, нэхэмжлэлээс 3,900,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч О.А д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.925 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ИМЗНЭГ ХХК-иас 108.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.У-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2107 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ИЗМНЭГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ИЗМНЭГ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2107 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

И ХХК нь нэхэмжлэгч Ө.У-тэй ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2 баримтад үндэслэн И ХХК нь Ө.У-тэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэдэг. Гэтэл уг баримтууд нь дээрх үндэслэлийг нотлох ач холбогдолтой баримт биш байна. Гэтэл 5 давхрын шаврын ажлын хөлсийг санхүүжүүлэх талаар дурьдаагүй байгааг шүүх дүгнээгүй нь давхруудын зөрүү, нотлох баримтын эргэлзээтэй байдал, бодит байдалд хир нийцэж байгаа зэргийг шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн шүүхээс 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ж.Ганцэцэгийг хамтран хариуцагчаар татсан байдаг бөгөөд Ж.Ганцэцэг нь тухайн хаягтаа оршин суудаггүй, эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэвч хариуцагч Ж.Ганцэцэгийг эрэн сурвалжлуулах ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч Ө.У- нь Ж.Ганцэцэгийг хамтран хариуцагчаар оруулсан хүсэлтээсээ татгалзаж гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Гэтэл Ж.Ганцэцэг нь хариуцагчаар оруулахаас татгалзаж гэрчээр асуух болоход шүүх дээр хүрэлцэн ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгийг үнэн зөв өгсөн эсэхэд эргэлзээтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02312 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2107 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.       

Нэхэмжлэгч Ө.У- нь хариуцагч О.А д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч И ХХК-с ажлын хөлсөнд 9.750.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Ө.У- нь Зайсан Голден Вилл орон сууцны хотхоны 101 дүгээр байрны 7, 8, 9, 10 дугаар давхрын шаврын ажлыг 1 м.кв-г 6500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр И ХХК-тай харилцан тохирчээ /хэргийн 2-3 дугаар тал/.

Нэхэмжлэгч нь тохирсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч  ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 5, 7 давхрын нийт 900 м.кв талбайн шаврын ажлыг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлээс 5.850.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх зохицуулалтад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02312 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүний гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 170.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ