Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 43

 

2017 оны 12 сарын 19 өдөр

          Дугаар 123/ШШ2017/0043

                                 Төв аймаг

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Бигэр наран” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/311 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Бигэр наран” ЗГБХН-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Бигэр наран” ЗГБХН-ийн захирал Х.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Бат- Эрдэнэ би Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2 жил ашиглаагүй гэсэн нь худал үндэслэл учир нь: 2016 онд “Жаргалант Харвест” компанитай хамтран тариалалт хийсэн. Мөн онд дангаараа Тариалан  эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч 160 га газарт химийн уринш хийсэн. 2017 онд 140 га тариалалт хийсэн. Газрын төлбөрөө төлөхөөр татварын байцаагч Хишигжаргалаас газрын төлбөрийн үлдэгдлээ лавлаж асуухад нийт өр 493.236 төгрөг байгаагаас би /Хишигжаргал/ 208,320 төгрөгийг хаасан. /Иймд танайх 208,320 төгрөгийг надад өг хэмээн бэлнээр авсан бөгөөд тухайн үед 208,320 төгрөгийг төлсөн хэмээх баримтыг манайд өгөөгүй/ Иймд танайх 284,916 төгрөгийг банкинд тушаах ёстой гэж гар бичиг хийж өгснийг мөнгө тушаасан баримттай цуг хавсаргасан. Манай нөхөрлөлийг татварын ерөнхий газар 2016 онд газрын татварын үлдэгдэлгүй гэсэн тодорхойлолт өгсөн. Мөн уг захирамжийг гаргахаасаа өмнө урьдчилан мэдэгдээгүй, газрын даамалтай 2017 оны газар эзэмшүүлэх гэрээгээ /гэрээг 2017.04.07-нд хийсэн/ хийсний дараа захирамжаа гаргасан. Энэхүү захирамжид нэгж талбайг хэсэгчлэн хүчингүй болгосугай гэсэн байгаа. Харин газрын тухай хуульд нэгж талбайг хэсэгчлэн хүчингүй болгоно гэсэн заалт байдаггүй. Сумын Засаг даргын захирамж гарснаас хойш 2017.05.06-нд аймгийн засаг даргад өргөдөл гаргасан ба 2017.05.22-нд аймгаас сумын газрын даамал, засаг даргад хариуг шилжүүлсэн байсан ч мэдэгдлийг надад хэлээгүй байсаар сумын газрын даамал, Засаг дарга нар 2017.06.08-нд намайг дуудаж баримтуудаа авч ир гэсэн. Баримтуудаа үзүүлэхэд 208,320 төгрөгийн банкны баримтыг надаас шаардсан. Миний бие дээр хэлсэнчлэн энэ баримтыг татварын байцаагчаас өгөхийг шаардсан ч буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд Засаг даргын гаргасан захирамж нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байгаа тул сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/311 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А/311 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.4-т заасныг үндэслэн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэж хүчингүй болгосон. Х.Бат-Эрдэнэ 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Жаргалант сумын газрын асуудал эрхэлсэн даамалтай газар эзэмших гэрээ байгуулсан. Гэрээг үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар байгуулсан. Газрын төлбөрийг 4 дүгээр улиралд багтааж хийнэ гэж заасан байдаг. Гэтэл газар эзэмших гэрээ байгуулаад сар болоогүй байхад, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон. Газар эзэмших гэрээнд газар эзэмшигч, газар эзэмшүүлэгчийн эрх үүргийг нарийн заасан байдаг. Тус гэрээний 4.1-д газар эзэмшигч гэрээний дагуу газраа эзэмшиж байгаа эсэхийг хянана гэж заасан байдаг. Гэрээний 4.2-т газар эзэмшигч дараах эрхийг тавих эрхтэй гэж заасан байдаг. Үүнд газраа зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлөх гэж зааж өгсөн байдаг. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг ямар тохиолдолд хүчингүй болгох талаар нарийн зааж өгсөн байгаа. Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэнэ гэж заасан байдаг. 6.1-д гэрээнд газар эзэмшигч газрыг актаар хүлээлгэн өгч сумын Засаг дарга гэрчилгээ олгосноор нэг жилийн хугацаа эхэлнэ гэж заасан байдаг. А/311 тоот захирамж гаргаснаар хойш 6 хоногийн дараа тус захирамжийг хүчингүй болгохоор аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Аймгийн Засаг даргаас 7/823 тоотоор хариу өгсөн байдаг. Тус албан тоотод газар эзэмших эрхийг сэргээж өгөх бүрэн үндэслэлтэй байна гэсэн байдаг. Гэтэл Жаргалант сумын Засаг дарга аймгийн Засаг даргын албан тоотыг үл хүндэтгэсэн. Дээд шүүхийн 2008 оны 13 дугаар тогтоолоор газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш хуалийн хоёр жилээр тооцно гэж заасан байдаг. Гэтэл газар эзэмших эрхийн гэрээ байгуулсанаас хойш нэг сарын дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Удаа дараа гэрээг зөрчсөн гэдгийг гэрээний нөхцөл болзолыг хоёр буюу түүнээс дээш удаа гэж ойлгоно гэж заасан байдаг. Шүүхээс маргаан бүхий газар очиж үзлэг хийхэд газрын даамлын зүгээс 120 га газарт тариалалт хийгээгүй. 60 га газрын төлбөр төлөөгүй гээд нийт 220 га газрыг хүчингүй болгосон гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгчийг шахаж дарамталж байгаа гэж ойлгож байна. Х.Бат-Эрдэнэ 1000 гаруй га газар эзэмшиж байхад ямар ч захирамж гаргахгүйгээр 420 га газрыг нь үлдээж үлдсэн газрыг нь хурааж авсан байдаг. Ийм байж үлдсэн 420 га газраас нь 220 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирсэн албан тоотоор “Бигэр наран” ЗГБХН-ийг 2015 үр тариа 100, тэжээлийн ургамал 80 га-д, 2016 онд 130 га газарт тариалалт хийсэн гэдэг талаар тариалалтын мэдээг өгсөн. Газрын төлбөрөө төлөх гээд татварын байцаагч дээр очиход татварын байцаагч нь манай дансанд 200 төгрөг илүү байгаа би тэр мөнгөнөөс төлчихнө гэж хэлээд мөнгийг авсан байдаг. Гэтэл Бат-Эрдэнийг газрын төлбөрөө төлөөгүй гэж хэлж болохгүй. Мөн татварын байцаагч Хишигжаргал нь Хаан банкнаас хуурамч бичиг баримт бүрдүүлж авчирч өгсөн. Хэрвээ татварын байцаагч тухайн үед надад мөнгөө өгчих гэж хэлээгүй бол газрын төлбөрөө бүрэн төлөх байсан. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод миний үйлчлүүлэгч хохирч байна. Гэтэл сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл нь төрийн албан хаагчийг гүтгэж байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Татварын байцаагч нь хүнээс худлаа хэлж мөнгө авсан гэдэг нотлогдсон. Тариалангийн тухай хуулинд зааснаар 2 жилээс дээш хугацаагаар газраа ашиглаагүй бол хүчингүй болгоно гэж заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар оролцогчийн оролцуулах тайлбар гаргах, 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар оролцогчид сонсгох ажиллагааг огт хийгээгүй. Энэ талаар нотлох баримт огт байдаггүй. Иймд Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/311 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү

 

Энэ үйлдэл миний үйлчлүүлэгчийн буруу байхгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжид газрын төлбөр төлөөгүй, газраа ашиглаагүй гэж бичсэн мөртлөө яг хэдэн га газрыг яаж ашиглаагүй юм бэ?, хэдэн га газрын төлбөриийг дутуу төлсөн юм бэ гэдгийг огт дурьдаагүй байдаг. Шүүхээс үзлэгээр очиход бороотой байсан гэтэл шинжээч нь уринш хийсэн гэж үзэхээргүй байна гэж тодорхойгүй зүйл хэлж байсан. Хойд хэсгийн 160 га газарт тариалалт хийгээгүй гэж тайлбарлаж байсан. Энэ бол газрын даамлын буруутай үйл ажиллагаанаас болсон. Газрын даамал нь энэ нөхцөл байдлыг Засаг даргадаа яаж ойлгуулж тайлбарласан бэ гэдэг нь ойлгомжтой байна. Хэрвээ газрын даамал нь та газрын төлбөрөө хийчих гэж хэлсэн бол газрын төлбөрөө хийх боломжтой байсан. Гэтэл газар эзэмших гэрээ байгуулсанаас сарын дараа газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байдаг. Хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 зүйлүүдэд заасан оролцогчид мэдэгдээгүй. Оролцоог нь хангаагүй учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан "Бигэр наран" ЗГБХН-ийн нэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. "Бигэр наран" ЗГБХН нь Жаргалант сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын өдрийн А/640 дүгээр захирамжаар Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 422 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/311 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тариалангийн  хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дүгээр захирамжийн 220 га талбайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. "Бигэр наран" ЗГБХН газар эзэмших эрхтэй болсноос хойш уг 220 га газарт ямар ч тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үүнийгээ ч нэхэмжлэлдээ "2016 онд 140 га, 2017 онд 160 га газарт л тариалалт, уринш хийсэн" гэж хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна сумын Засаг даргын захирамж гарч, улмаар шүүхэд захиргааны хэрэг үүсгэснээс хойш "Бигэр наран" ЗГБХН нь тухайн газрыг хагалсан нь газар ашиглаагүй үйлдлээ нуун далдлах, шүүхийг төөрөгдүүлэх зорилготой байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Газрын төлбөрт 493.236 төгрөг төлөх ёстой боловч 208.320 төгрөгийг төлөөгүй, сүүлд төлсөн гэж бидэнд үзүүлсэн баримт нь хуурамч болох нь Хаан банкны 2017 оны дугаар сарын 13-ны өдрийн 17/1 дугаартай албан бичгээр "Бигэр наран" ЗГБХН нь газрын төлбөр гэсэн гүйлгээний утгатай гүйлгээг Хаан банкинд төлөөгүй" гэснээр тогтоогдсон болно. Мөн татварын байцаагч төлбөрийн заримыг хаасан гэж нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй бөгөөд төрийн албан хаагчаас аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг урьдчилан төлөх үүрэг хүлээхгүй, бодит байдалд нийцээгүй нэхэмжлэл гаргажээ. Аймгаас суманд газар эзэмшиж байгаа бүх иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах үүрэг өгсний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн газар эзэмших гэрээ нь нийтээр байгуулсан бөгөөд гэрээг байгуулах үед "Бигэр наран" ЗГБХН-өөс газрын төлбөрийг бүрэн гүйцэд төлнө гэсэн амлалт өгсөн байсан ч үүнийгээ биелүүлээгүй. Түүнчлэн уг харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т "Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно" гэж заасны 220 га газрын эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон. Иймд Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр захирамж нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй.

Мөн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/311 тоот захирамжийг хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Тус захирамж нь хоёр үндэслэлийн дагуу гарсан. Тухайн 420 га газраа бүхэлд нь зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлт болон Хүнс хөдөө аж ахуйн тариалалтын мэдээ зэргээс нотлогдож байгаа. 2016 онд 420 га газраа бүхэлд нь ашиглаагүй. Уринш хийсэн гэж хэлж байгаа боловч шинжээчийн дүгнэлт нь уринш хийсэн гэдэг нь нотлогдохгүй хогийн ургамал ургасан байна гэж гарсан. Уриншийг хогийн ургамал ургахаас хамгаалж хийдэг. Гэтэл тухайн талбайд хогийн ургамал ургасан байсан. Захирамжийн хоёр дахь үндэслэл нь газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэж хүчингүй болгосон. Газрын тухай хуулинд газрын төлбөрийг бүрэн төлсөн байхыг шаарддаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч газрын төлбөрийг татварын байцаагчид өгсөн гэж хэлж байгаа боловч татварын байцаагч нь сумын Засаг даргад шууд харъяалагдах албан тушаалтан биш. Иймээс татварын байцаагчийн буруутай үйл ажиллагааг сумын Засаг даргатай холбож ойлгож болохгүй. Татварын байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод хохироод байна гэж үзэж байгаа бол зохих байгууллагад нь гомдлоо гаргаад явах эрх нээлттэй байсан. Гэтэл гомдол гаргасан зүйл байхгүй байгаа учраас татварын байцаагчийг шууд буруутай гэж үзэж болохгүй. Газрын даамал Цэцэгмаа нь Засаг даргыг төлөөлж тайлбар хэлэх эрх байхгүй. Мөн Цэцэгмаа гэрчээр мэдүүлэг өгсөн гэж хэлж байна. Газрын даамал Цэцэгмаа нь Засаг даргын доод удирдлаганд ажилладаг учраас мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол өгч чадахгүй гэж үзэж байна. Өмнө газрын хэмжээг багасгасан гэдэг нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үедээ нэхэмжлэгчид гомдол гаргах эрх нь нээлттэй байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас Жаргал харвес ХХК-тай хамтарч ажиллаж байсан гэж хэлдэг. Газрын тухай хуулинд эзэмшиж байгаа газраа өөр хүнд ашиглуулахаар бол энэ талаар Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл Засаг даргаас зөвшөөрөл авсан зүйл байдаггүй. Газрын хэсэгчлэн хүчингүй болгоно гэдгийг Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.4-т нарийвчлан зааж өгсөн. Газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдгээ сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдээгүй. Иймээс А/311 тоот захирамж нь үндэслэлтэй гарсан. Газрын төлбөрийг бүрэн төлөгдөөгүй гэж үзсэн. Газрыг ашиглаагүй гэдгийг нэхэмжлэгчээс ирүүлсэн тариалалтыг мэдээг үндэслэсэн.

Засгийн 1997 оны 120 дугаар тогтоол гэж байдаг. Энэ тогтоолоор газрын даамал нь газрын төлбөрийн асуудлыг хариуцдаг. Татварын байцаагч нь газрын төлбөрийг авах ёсгүй. Татварын байцаагч  нь сумын Засаг даргын удирдлаган дор ажилладаг хүн биш. Нэхэмжлэгч талаас газрын төлбөрөө бүрэн төлсөн гэж хэлж байгаа боловч газрын даамалд бус татварын байцаагчид газрын төлбөрөө өгч өөрийн буруутай үйлдлээс болоод газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй. Нэхэмжлэгчийг тариалалт хийгээгүй талаар шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байгаа. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.3.6-д зааснаар захиргааны шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны А/311 дугаартай захирамжийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд  шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь  ханган шийдвэрлэлээ.

 

Маргаан бүхий акт буюу Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших захирамж хүчингүй болгох тухай” А/311 дугаар захирамжид “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосугай. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дүгээр захирамжийн нэг дэх заалтын 77/429 га-с хэсэгчлэн 220 га талбайг хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэжээ.[1]

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... тухайн газарт тариалалтын өмнөх уриншийн үйл ажиллагаа явуулж байсан, аймгийн Хөдөө аж ахуйн газраас ирсэн албан бичгээр 2015 онд үр тариа 100 га, тэжээлийн ургамал 80 га-д, 2016 онд 130 га газарт тариалалт хийсэн гэдэг талаар мэдээлэл өгсөн, нийт 360 га газарт уринш хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын төлбөр өгөх гээд очиход сумын татварын байцаагч Хишигжаргал нь 208320 төгрөгийг бэлнээр хүлээн авч баримт үйлдэж өгсөн, үлдсэн төлбөрийг дансанд нь тушаасан. Гэтэл хариуцагч талаас тариалалт хийгээгүй, төлбөр төлөөгүй гэж хэлдэг ч 420 га газрын аль хэсэгт тариалалт хийгээгүй, газрын төлбөрийг төлөөгүй гэдгийг тодорхойлж чадаагүй, газар эзэмших гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мэдэгдэх, шалган шийдвэрлэх, оролцоог хангах ажиллагааг хийгээгүй Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гаргасан” гэж, хариуцагчаас хариу тайлбарын үндэслэлдээ “... тухайн 420 га газрыг бүхэлд нь зориулалтын дагуу ашиглаагүй,  уринш хийсэн гэж хэлж байгаа боловч шинжээчийн дүгнэлт нь уринш хийсэн гэдэг нь нотлогдоогүй, хогийн ургамал ургасан гэж гарсан. Газрын төлбөрийг шүүж үзэхэд төлбөрөө бүрэн төлөөгүй тул хэсэгчлэн хүчингүй болгосон, асуудлыг шийдвэрлэхдээ утсаар мэдэгдсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Эдгээр үндэслэлд холбогдуулан маргааны үйл баримтуудаас үзвэл,  нэхэмжлэгч “Бигэрнаран” ЗГБХ-нөхөрлөл нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийн үндсэн дээр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичигдэж олгогдсон 000309259 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” [2]-гээр үр тарианы зориулалтаар 422 га газрыг эзэмшиж байсан байх бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Л.Цэцэгмаатай 18 дугаар бүхий “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ. [3]

Энэхүү гэрээг шинэчилж байгуулсан явдал нь талуудын тайлбарт дурьдсанаар гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсний үндсэн дээр сунгагдаж, дахин хийгдсэн гэрээ бус, харин өмнө нь эзэмшиж байсан гэрээ, гэрчилгээ, Засаг даргын 2005 оны А/640 дугаар захирамж зэргийг үндэслээд шууд шинэчилж хийсэн гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор ашигласан эсэх асуудал энд хэлэлцэгдэн дүгнэгдэхгүй буюу нэхэмжлэгч нь эзэмшиж буй газраа энэ гэрээ шинэчлэгдсэн хугацаанаас өмнөх хугацаанд, гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэхэд хяналт тавих Засаг даргын эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Харин маргаан бүхий газарт нэхэмжлэгч 2015 онд тариалалт хийж, 2016 онд тариалалт хийлгүй өнжөөсөн гэж тайлбарлаж байгааг хариуцагч нь шүүх хуралдаан дээр “тариалалтын мэдээнд нэр нь байхгүй байгаа”, төлбөр төлсөн эсэх асуудал дээр “газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан шүүж үзсэн” гэснээс өөр  үгүйсгэх ямар нэгэн тайлбар баримтгүй,  байхаас гадна газар эзэмшиж эрхийн гэрчилгээг нь хүчингүй болох талаар “нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн” гэсэн нь   нэхэмжлэгчийг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэснийг хуульд заасан журмын дагуу шалган тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна. 

Мөн хэрэгт авагдсан Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07/693 дугаартай албан бичигт “Бигэр наран” ЗГБХН нь газрын төлбөрт 2015.07.06-нд 539600 төгрөг, 2016.11.23-нд 284920 төгрөг, 2017.04.28-нд 208316 төгрөг тус тус төлсөн байна” гэж тодорхойлсон[4], Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 485 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Шинжээчийн дүгнэлт”[5]-д “Жаргалант сумын 2015-2016 оны агротайланг шүүж үзэхэд 2015 онд соёололтоор хүлээн авсан дүнгийн мэдээнд “Бигэр наран” ЗГБХН нь арвай 30га-д, буудай 103 га талбайд тариалсныг соёололтоор хүлээн авсан мэдээ, 2016 онд 340 га-д уринш хийсэн мэдээ зэргийг аймгийн ХХААГ-т ирүүлсэн, ... 220 га талбайд болон нэхэмжлэгчийн эзэмшлийн өөр ямар талбайд тухайн онуудад уринш боловсруулалт, тариалалт хийсэн гэснийг ХХААГазраас нотлох боломжгүй байна” гэснээс үзэхэд нэхэмжлэгч 2015, 2016 онд  нийт 422 га газрын аль хэсэгт нь тариалалт, уринш хийж байсан болон хийгээгүй эсэх, ашиглаагүй болох нь ямар баримтаар хэрхэн тогтоож, хариуцагч түүнийг ямар үндэслэлээр дүгнэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтгүй байгаа тул нэхэмжлэгчийг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрийг бүрэн төлөөгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй, тайлбар гаргах эрхийг хангаагүй” гэснээр буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-т “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэсэн, мөн 25 дугаар зүйлд шийдвэр гаргах нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулахыг тодорхойлсон, 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ... тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн, 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасан байхад энд дурдсанаар хариуцагч Засаг даргын зүгээс эдгээр ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй, зөвхөн “нэхэмжлэгчийн нэр тариалалтын мэдээнд байхгүй, газар дээрээ хогийн ургамал ургасан байгаа” гэсэн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтны тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан болох нь нотлогдож байгаа тул хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасныг зөрчсөн акт гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь тухайн эзэмшил газар дээрээ тариалалтын үйл ажиллагаа эрхлэж байсан гэж тайлбарлаж байгааг хариуцагчийн зүгээс үгүйсгэсэн буюу нэхэмжлэгчийн эзэмшилд байсан 422 га талбайд 2015, 2016 онд хэн ч ямар нэгэн тариалалт хийгээгүй гэдгийг нотолсон ямар нэгэн баримтгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх учир хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ...” гэсэнд, мөн Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшихл, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум ...-ийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж заасанд  нийцээгүй акт гаргасан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, тус хууль бус актын улмаас зөрчигдсөн газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3, 24.4, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, 27.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бигэр наран” ЗГБХ-нөхөрлөлийн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны А/311 дугаартай захирамжийг хүчингүй болгох” тухай шаардлагатай нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/311 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасна журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэрэгийн 15 дахь тал

[2] Хавтаст хэргийн 4 дэх тал

[3] Хавтаст хэргийн 85-86 дахь тал

[4] Хавтаст хэргийн 99 дэх тал

[5] Хавтаст хэргийн 174-175 дахь тал