Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 237

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн

улсын яллагч Б.Батсайхан

шүүгдэгч Л.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005004340279 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, “...” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл-3; эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 0-0 тоотод оршин суух, ялгүй, ЧЛ000000 дугаарын регистртэй, Параа овогт Л.Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Л.Э 2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Кензо+30” бааран дотор үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ж.Г-ын толгой руу пивоны шилээр цохиж, түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаар маргах зүйл алга байна. Хэргээ хялбаршуулсан байдлаар шийдвэрлэнэ гэснийг ойлгосон. Хохирогчтой эвлэрч, хохирлыг нь төлсөн гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ж.Г “... 2020 оны 1 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн үед найзууд болох Молом-Ёндон, Батсайхан нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо +30” бааранд орсон. Манай найз Молом-Ёндон 00-н өрөө рүү явсан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал гэнэт миний хажуугаар өнгөрч байсан 30-35 насны залуу миний дух хэсэг рүү пивоны шилээр цохисон. Би тэр залууг түлхээд гараараа толгойгоо дартал миний духнаас цус гарсан. Миний бие Л.Э-той харилцан тохиролцож, эвлэрсэн, төлбөрийг бүрэн төлсөн. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 9-10, 81/ гэж,

гэрч Б.Б “... баарны гадаа явж байхад одоо ажиллаж байгаа барилга дээр хамт ажиллаж байсан зүс харсан 3 эмэгтэйтэй таараад хамт орьё гээд бааранд орж 0.75 литрийн 2 шил архи захиалаад бид хамт ширээн дээр сууж бүжиглэсэн. Гэтэл уг баарны гадаа таарсан нэг эмэгтэй хүрч ирээд танай найз чинь зодоон хийгээд байна гэхээр нь яваад очтол өрөө рүү аваад явсан байсан. Өрөөнд очтол манай найз шалан дээр нь сууж байсан. Хажууд нь духнаас нь цус гарсан нэг залуу байсан. Би яасан бэ гэхэд Л.Э-ыг тэр залуугийн дух руу шилээр цохисон гэхээр нь би цагдаа дуудсан” /хх-н 32/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ж.Г-ын гэмтэлтэй холбоотойгоор Ж.Г-ын биед духанд няцарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 1408 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 15/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Л.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ж.Г- “...миний бие Л.Э-той харилцан тохиролцож, эвлэрсэн, төлбөрийг бүрэн төлсөн. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 81/

 

Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Л.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Параа овогт Лхагважавын Л.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Э торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ