Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 277

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Л.А

хохирогч Х.Г, Д.П, Б.Б, О.Х, И.З

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905019901048 дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 07-нд Ховд аймагт төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ... ХХК-ний гэрээт барилгын дотор засал чимэглэлийн ажил хувиараа эрхэлдэг гэх, ам бүл 4; хоёр охин, зээгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаан хуаран 0-0 тоотод оршин суух,

ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,

ЖЛ00000 дугаарын регистртэй, Өөлд овогт Л.А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Л.А өөрийгөө Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гаргана гэж хуурч 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза төвд хохирогч Э.М-оос 3 хүний урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөгийг мобайл банкаар дамжуулан өөрийн ХААН банкны 5753644895 тоот дансанд, 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 300.000 төгрөгийг бэлнээр, 1.700.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5753644895 тоот дансанд, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3 хүний онгоцны билетийн мөнгө гэж 2.200.000 төгрөгийг ХААН банкны 00000000 тоот дансанд шилжүүлэн авч нийт 8.200.000 төгрөгийн,

хохирогч О.Б-ээс тизний мөнгөө явуул, чи болон танай найз Э.М-ыг тизний мөнгөөр гадагшаа гаргаж өгье гэж хуурч 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 0000000 тоот дансанд, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр визний урьдчилгааны мөнгө гэж 180.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Берлин зоог хоолны газарт бэлнээр, 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 70.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 0000000 тоот дансанд, 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр гадаад паспортны үлдэгдэл мөнгө гэж 50.000 төгрөгийг өөрийн охин Ц.Х-ы ХААН банкны 5064472032 тоот дансанд тус тус шилжүүлэн авч нийт 900.000 төгрөгийн,

хохирогч Х.Г-аас БНСУлсын виз гаргаж өгнө гэж хуурч, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Сансар худалдааны төвд гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 000000 тоот дансанд, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 000000 тоот дансанд, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 870.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 0000000 тоот дансанд шилжүүлэн авч нийт 2.870.000 төгрөгийн,

хохирогч Д.П-оос өөрийгөө Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр гаргана гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүртгэлийн хураамж гэж 360.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 000000 тоот дансанд, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5753644895 дугаар дансанд, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 640.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 00000 тоот дансанд, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тизний мөнгө гэж 418.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 000000тоот дансанд, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 00000000 тоот дансанд тус тус шилжүүлэн авч нийт 2.718.000 төгрөгийн,

хохирогч Б.Б-, О.Х нарт БНСУлс руу гэрээний ажилтнаар 2 жилийн хугацаатай, дараа нь 1 жилээр сунгагдана, виз гаргаж өгөхөд 5.000.000 төгрөг болно гэж хуурч 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбарт Б.Б-аас 1.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 00000 тоот дансанд шилжүүлэн авч 1.000.000 төгрөгийн, О.Халиунаас 1.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 00000 тоот дансанд шилжүүлэн авч 1.000.000 төгрөгийн,

хохирогч И.З-гоос Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн хажууд байрлах нотариатын газарт 2.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 00000 тоот дансанд, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 870.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 000000 тоот дансанд шилжүүлэн авч нийт 2.870.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээр бусдад нийт 19.554.500 төгрөгийн хохирол учруулсан гэх “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд виз гаргах эрхгүй. Би бусдыг БНСУ руу явуулж өгнө гэж залилан мөнгийг нь авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эдгээр хүмүүсээс авсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд, эмчилгээнд зарцуулсан. Хохирлын үнийн дүн дээр маргах зүйлгүй. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Ажил хийж байгаад хүмүүсийн хохирлыг барагдуулах болно. Надад нэг газар байдаг юм. Тэр газрыг зарах гэсэн боловч зарагдахгүй байна. Мөнгө байхгүй учраас шүүх хуралдаанд өмгөөлөгч аваагүй гэв.

 

Хохирогч Х.Г- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирлоос нэг ч төгрөг буцааж аваагүй. 2.866.500 төгрөг буюу 2.870.000 төгрөг гаргуулж авмаар байна. А нь миний гадаад паспортыг авчихаад буцааж өгөхгүй болохоор нь торгууль төлж байгаад шинэ паспорт авсан. Харин миний гадаад паспортыг А өөр зүйлд ашиглаад байж магадгүй гэж би хардаж байгаа. Гомдолтой гэв.

 

Хохирогч Д.П- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөн адил гомдолтой байна. Хохирлоо барагдуулбал гомдолгүй. Нийт 2.718.000 нэхэмжилнэ. Паспорт мөн адил олдохгүй болохоор нь торгууль төлөөд шинээр гаргуулж авсан гэв.

 

Хохирогч Б.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Халиунаа бид хоёр хамтдаа Ат мөнгө өгсөн. Өгсөн 1 сая төгрөгөө буцааж авмаар байна. Хуваагаад ч гэсэн өгөөч гэсэн боловч өгөхгүй байна. Би паспортаа шинээр захиалж авсан гэв.

 

Хохирогч О.Халиунаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд хөөцөлдөж байж Аээс гадаад паспортаа олж авсан. Харин хохирлын 1 сая төгрөгөө авч чадаагүй байгаа. Энэ мөнгийг нэхэмжилнэ гэв.

 

Хохирогч И.З- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй. 2.870.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн миний гадаад поаспортыг авчихаад өгөхгүй байгаа. Паспортаа авмаар байна гэж бид нар бүгдээрээ мөрдөн байцаагчид хэлж байсан. Би шинээр паспорт авч чадаагүй гэв. 

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Аийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э.М- “… 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө “Э.М- Цээгий” гэх фэйсбүүк хаягаар “гэрээний ажилчид гаргаж өгнө” гэсэн зарыг олоод тухайн зар руу хариу бичихэд 00000 гэсэн дугаар өгсөн ба уг утасны дугаараар холбогдож байгаад 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Тэнгис кино театрын хойд талд байрлах Берлин зоог гэх газарт найз О.Бийн хамт очиж уулзахад 50 орчим насны эмэгтэй байсан ба өөрийгөө “Консулын газарт ажилладаг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улс руу хүмүүс гаргана, нэг хүний 2,000,000 төгрөг болно, гэрээгээр гарах 200 хүнтэй хамт гаргаж байгаа” гэж ярьсан. 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр А эгчтэй Гранд Плаза дотор уулзаад ах болон өөрийнхөө өмнөөс урьдчилгаа 4,000,000 төгрөгийг мобайлаар Аийн өгсөн 00000 тоот дансанд шилжүүлсэн.

2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өөрийнхөө төрсөн ахын урьдчилгаа гэж 300.000 төгрөгийг Гранд Плаза дотор бэлнээр өгсөн ба тухайн өдрөө дахин над руу шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А 000000 дугаарын утсаар мессеж бичээд нэг хүний онгоцны билетийн 866,400 төгрөг юм байна, 3 хүний 2 сая гаран төгрөг болох юм байна, чи 2,200,000 төгрөг явуулчих гэж хэлэхээр нь Булган аймгийн Бугат суманд байхдаа тухайн мөнгийг Аийн 0000 тоот данс руу шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл явах чинь хойшилсон, эхний ээлжийн хүмүүс чинь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр явах талаар хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А рүү ярихад семинартай байна явах чинь хойшилчихсон шүү 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө нислэгтэй гэх талаар мессеж бичсэн. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр утсаар ярихад завгүй байна. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр уулзана гэж хэлээд одоог хүртэл утсаа унтраагаад алга болсон. 2019 оны 01 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг өгсөн гэж зээлийн гэрээг А-тэй хийсэн. Өөр гэрээ хийгээгүй. Надад одоо 8,200,000 төгрөгийн хохирол учраад байна” /1-р хх-н 12-13/ гэж,

гэрч С.Э “... миний бага хүү Эрдэнэболдын Э.М- нь миний болон том хүү Э.Мөнхбаатарын визний материалыг бүрдүүлээд А гэх эмэгтэйд өгсөн талаар хэлээд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Солонгос улс руу би болон манай том хүү Эрдэнэболдын Мөнхбаатарын хамт явах талаар хэлсэн ба бид хэд Солонгос улс руу явах бэлтгэлээ базаагаад Улаанбаатар хотод ирээд байж байсан ба Солонгос улс руу явах нь 2019 оны 04 дүгээр сарын 08-өдөр хойшилсон гэж хэлсэн. Сүүлдээ хүү Э.М-ын ярилцсан хүн нь утсаа авахаа болиод зугтаагаад алга болсон” /1 хх-н 21-22/ гэж,

хохирогч О.Б “... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Тэнгис кино театрын урд талын автобусны буудлын Берлин зоог нэртэй цайны газарт найз Э.М-ын хамт А гэх 40 орчим насны эмэгтэй хүнтэй “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгөх” талаар ярилцсан. Тухайн үед А гэх хүн нь Солонгос улсад найдвартай явуулж өгнө, очоод гахайн фирм дээр ажиллана 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэхэд явуулж өгч чадна гэж хэлэхээр нь надад паспорт байхгүй гэж хэлэхэд А нь надад гадаад паспорт гаргаж өгдөг хүн байгаа нэг өдөрт гаргаж өгнө 120,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлээд тухайн өдөр салаад явсан юм. 2019 оны 03 дугаар сарын 21 -ны өдөр миний ээж Орхонтуяа нь Орхон аймагт байхдаа хаан банкны 5095004848 тоот данснаас А гэх хүний 5753644895 тоот данс руу 600,000 төгрөгийг тизний мөнгөний урьдчилгаа гэж шилжүүлсэн. Үүний дараа удалгүй А гэх хүнд Берлин зоог нэртэй газар бэлнээр визний урьдчилгааны үлдэгдэл мөнгө гэж 180,000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2-3 хоногийн дараагаас би бас 70.000 төгрөгийг Берлин зоог нэртэй цайны газарт гадаад паспортны мөнгө гэж бэлнээр өгсөн юм. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Ат 50,000 төгрөгийг гадаад паспортны үлдэгдэл мөнгө гэж Аийн өгсөн Халиун гэх хүний 5064472032 тоот данс руу өөрийн хаан банкны 5084481699 тоот данснаас шилжүүлсэн юм. Ингээд нийт 900,000 төгрөгийг Ат өгч залилуулсан” /1-р хх-н 15-16/ гэж,

хохирогч Х.Г “... 2018 оны 11 сарын сүүлээр найз Эрдэнэзаяагийн эгч нь фэйсбүүк-ээр “Солонгос улсын ажпын гэрээнд цөөн хүн бүртгэж авна. 25-30 насны элэгний С, В вирусгүй байх, амжиж бүртгүүлээрэй бүртгэлийн тоо хязгаартай” гэсэн зар байна гэж Эрдэнэзаяад хэлж байсныг сонссон. Тэгээд 2018 оны 11 сарын сүүлээр Эрдэнэзаяатай уулзаад 95067555 гэсэн утсаар холбогдоод Лувсандагва овогтой А гэгчтэй И-мартын гаднах зогсоол дээр уулзсан. Тэгээд материалаа бүрдүүлээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хуурай дүү И.З-, Эрдэнэзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн доод нэг давхарт байрлах нотариат дээр гэрээ байгуулж урьдчилгаа 1 сая төгрөг өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгөний 1 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний 5753644895 данс руу хийгээд үлдэгдэл 870.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний орой 5753644895 гэсэн данс руу хийчих гээд энэ данс руу хийсэн. Гэрээгээр явж байгаа учир бичиг баримтыг чинь бол өгөхгүй 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нисэх дээр очиж паспорт оо аваад шууд ниснэ гэж хэлсэн. Тэгээд 03 дугаар сарын 05-ны өглөөнөөс хойш утас нь холбогдохгүй алга болсон” /1 хх-н 121-122/ гэж,

хохирогч Д.П “... Улсын их дэлгүүрт А гэх хүнтэй уулзсан. Тэр үед тухайн хүн өөрийгөө танилцуулахдаа Солонгосын улсын элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд Солонгос улс руу гаргахад Хөдөлмөрийн гэрээгээр гаргадаг. Гаргахад нийт 5,000,000 төгрөг болдог. Надаас шалтгаалах зүйл нь бичиг баримтаа өгөөд эрүүл мэндийн үзлэг ороход болно гэж байсан. Тэгээд урьдчилгаа 2,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг Солонгос улсад очиж ажилд орсны дараа өгнө гэж байсан. Тэгээд тэрнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний хажууд байхдаа бүртгэлийн хураамж гэж 360,000 төгрөгийг Хаан банкны 000000 дугаарын данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 640,000 төгрөгийг Багануур дүүрэгт гэртээ байхдаа Хаан банкны 000000 дугаарын данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариат дээр очиж гэрээ байгуулсан ба энэ өдрөө үлдэгдэл 1,000,000 төгрөг өө шилжүүлээд урьдчилгаа мөнгө болох 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш виз гарсан тизний мөнгө болон 718,000 төгрөгийг шилжүүл гээд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт буюу гэртээ байхдаа 418,000 төгрөгийг Хаан банкны 5753644895 дугаарын данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үлдэгдэл мөнгө болох 300,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын хажууд байхдаа Хаан банкны 000000 дугаарын данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Би нийт 2.718.000 төгрөгийг 0000000 дугаарын данс руу шилжүүлсэн” /1 хх-н 179-180/ гэж,

хохирогч Б.Б “... Халиунаа нь надад Солонгос Улс руу гэрээний ажилчнаар явах виз гаргадаг хүн байна гэж хэлсэн юм. Тэгээд Халиунаа бид хоёр 2-уулаа виз гаргуулах санаатай материалаа бүрдүүлээд Лувсандагва овогтой А гэх хүнтэй утсаар ярьж байгаад Нарантуул захын урд талд уулзаж байсан юм. Тэр үед А нь би Солонгосын Элчин сайдын яаманд хуулийн чиглэлээр ажиллаж байна. Нилээд олон хүнийг гэрээний ажилчнаар гаргаж өгнө. 1 хүнийг 5 сая төгрөгийн зардлаар гаргаж байна гэж ярьж байсан юм. Тэгээд манай найз Халиунаа бид хоёрыг хүний 1 сая төгрөг өгчих, тэгээд виз гарсаны дараа үлдсэн 4 сая төгрөгөө өг гэж хэлсэн юм. Ингээд Аийн хэлнээр Халиунаа бид хоёр виз гаргуулах гээд мөн утсаар ярьж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороонь нутаг дэвсгэрт байх Сансарын тунелийн Хаан банкны гадна уулзаж материал бүрдүүлэлтэнд ашиглагдах мөнгө өг гэхээр нь би Сансарын хаан банк орж өөрийн 00000000 дугаартай данснаас 1.000.000 төгрөг авч уг мөнгийг банкны Теллер дээр нь бэлнээр өгч Л.Алтанэцэцэгийн нэр дээр байх 000000 дугаартай данс руу шилжүүлсэн юм. Тэгээд банкинаас гараад мөн Баянцээлийн гудамжинд байх ноториатын газарт орж Л.А-тэй зээлийн гэрээ байгуулж байсан юм. Тэгээд миний визийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд гаргаад бэлэн болгочихсон байна гэж хэлсэн боловч өдийг хүртэл виз гараагүй байна. Би А-тэй холбоо барьж визний талаар асуухад чиний материалыг Солонгос руу явуулчихсан байгаа, Олон хүний материал явуулсан учир Солонгос Улсад судлагдаад шаардлага хангаж байгаа хүмүүсийнхэн виз гаргана, шаардалаг хангаагүй гээд материал чинь буцаагдах юм бол чамаас авсан мөнгөө буцааж өгнө гэж ярьж байсан . Тэгээд л материал чинь ирээгүй байна гээд хойшлуулсаар байсан. Сүүлд дахиад нэг удаа ярихад өө чиний материал сонгогдоогүй буцаад ирсэн байна. Би чиний мөнгийг нь удаахгүй буцааж өгнө, одоохондоо мөнгө алга, дараагийн ээлжний хүмүүсийг авчихаад мөнгийг чинь өгнө гэж хэлж байгаад 2019 оны 02 дугаар сараас хойш утсаа салгаад алга болчихсон” /2 хх-н 15-16/ гэж,

хохирогч О.Х “... би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Л.А гэх эмэгтэйн ХААН банкны данс руу 1000,000 /нэг сая төгрөг/ -ийг Б, А хоёртой хамт байж байгаад шилжүүлсэн юм. Л.А нь БНСУ руу гэрээний ажилтнаар 2 жилийн хугацаатай, дараа нь 1 жилээр сунгагдана, виз гаргаж өгөхөд 5.000,000 төгрөг гэж хэлсэн ба тухайн үед мөнгийг бөөнөөр гаргаж өгөх боломжгүй, мөн танихгүй хүнд мөнгөө бөөнөөр нь өгмөөргүй байна гэж байгаад 1.000.000 төгрөгийг өгсөн. Б ч бас тэр эмэгтэйн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би А-с 1.000,000 төгрөгөө гаргуулаад авчих юм бол санал, гомдол гээд байхгүй” /2 хх-н 18-19/ гэж,

хохирогч И.З “... 2018 оны 11 сарын сүүлээр фэйсбүүк пүүзний зах гэсэн групп дээр “дрэсс дэлгүүр” гэсэн хаягнаас “Солонгос улсын ажлын гэрээнд цөөн хүн бүртгэж авна, 25-30 насны элэгний В, С вирусгүй байх, амжиж бүртгүүлээрэй, бүртгэлийн тоо хязгаартай гэсэн зар байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр 00000 дугаарын утсаар Л овогтой А гэх эгчтэй Соёлын Төв өргөөний хажууд ажлаа тараад уулзсан. Тэгээд материалаа бүрдүүлээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн хажууд байрлах нотариот дээр гэрээ байгуулж, урьдчилгаа 2 сая төгрөг өгсөн. Дараа нь 870.000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 00000 данс руу хийсэн. Гэрээгээр явж байгаа учир 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нисэх дээр очиж паспортоо аваад шууд ниснэ гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс утас нь холбогдохгүй алга болсон” /2 хх-н 69/ гэж тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч Л.А үйлдсэн болох нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Л.А-ийн “... Солонгос улсын Элчин сайдын яаманд ажилладаг, виз гаргаж өгнө” хэмээн бусдаас мөнгө авсан нь үйлдэл нь Залилах гэмт хэргийн үндсэн шинж болох хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож гэсэн шинжид хамаарна.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Л.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.А-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон шүүгдэгч бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа байдал нь түүнд хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах боломжийг үгүйсгэнэ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Л.А нэр бүхий хохирогчдын хохирлоос хохирогч Э.М-од 500.000 төгрөгийг, хохирогч О.Б-т 500.000 төгрөгийг тус тус төлсөн байна. /1-р хх-н 65 дугаар хуудас/

Харин бусад хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Л.А-ээс нийт 18.558.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М-од 7.700.000 төгрөг, хохирогч О.Бт 400.000 төгрөг, хохирогч Х.Г-т 2.870.000 төгрөг, хохирогч Д.П-т 2.718.000 төгрөг, хохирогч Б.Б-т 1.000.000 төгрөг, хохирогч О.Халиунаад 1.000.000 төгрөг, хохирогч И.З-д 2.870.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

Нэр бүхий хохирогч нар тус тусын гадаад паспортыг шүүгдэгч Л.А-ээс авах тухай хүсэлт гаргаснаа жич шийдвэрлүүлбэл зохино.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.А цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцэв.

 

Шүүгдэгч Л.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Өөлд овогт Л.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Л.А-т оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Л.А цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд өмнө авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Л.А-ээс нийт 18.558.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д 7.700.000 төгрөг, хохирогч О.Б-т 400.000 төгрөг, хохирогч Х.Г-т 2.870.000 төгрөг, хохирогч Д.П-т 2.718.000 төгрөг, хохирогч Б.Б-т 1.000.000 төгрөг, хохирогч О.Х-д 1.000.000 төгрөг, хохирогч И.З-д 2.870.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Хохирол бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хохирогч нар гомдолтой гэснийг, нэр бүхий хохирогч нар тус тусын гадаад паспортыг шүүгдэгч Л.А-ээс авах тухай хүсэлт гаргаснаа жич шийдвэрлүүлбэл зохихыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.А-ийг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

      

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ