Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 485

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 2-14а тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 41 настай, Боржигон овгийн Банзрагчийн Эрдэнэцэцэгт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 9933504 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хас банк нь Б.Эрдэнэцэцэгт холбогдуулан 9933504 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь банктай харилцан тохиролцож зээлээ төлөхөөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Эрдэнэцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 9933504 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн нь хариуцагч Б.Эрдэнэцэцэг банктай харилцан тохиролцож зээлээ төлөхөөр болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкыг Б.Эрдэнэцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 9933504 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 86934,04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 173886,08 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА