Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 302

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

иргэдийн төлөөлөгч С.Т, Г.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905036150951 тоот, 2 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 19-нд Сэлэнгэ аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1; Баянгол дүүргийн 20 дугаар хороо Дэвшил сангийн аж ахуйн 5 дугаар гудамжны задгай 0-0 тоотод оршин суух,

ял шийтгэл 1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 83 А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сар хорих ял шийтгүүлсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай магадлалаар 10 жил 1 хоног болгон өөрчилсөн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 620 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 00 жил 07 сар 23 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

НШ0000000 дугаарын регистртэй, /ургийн овог тодорхойгүй/ Л.Л

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Л.Л согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшлийн 3-11 тоотод амь хохирогч С.Б-н цээжний зүүн дээд хэсэгт нэг удаа хайчаар дүрж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэхгүй.

Би талийгаачтай 2017 оны 7 дугаар сард анх танилцсан. Ингээд хааяа хааяа хамт архи уудаг байсан. Тэр өдөр бид хоёрын маргалдах болсон шалтгаан нь архинаас болсон. Эхлээд бол Б ахтай уулзья гэсэн бодол байгаагүй, хогийн цэг дээр очиж хоол олж идэх гээд явж байсан. Тэгээд тэр замд Боргилын гэр байдаг, арын хаалга нь онгорхой байхаар нь орсон. Надад ямар нэг өс хонзон байгаагүй, тухайн өдөр гэнэтийн зүйл л болсон. Ажил хийж байгаад хохирлыг төлнө гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Маш их гомдолтой байна. Орой 20 цагийн үед манай эгчээс дуудлага ирээд аавыг хүнд хутгалуулсан байна гэхээр нь эмнэлэг рүү очсон. Хагалгааны өрөөнд орсон боловч гэмтлийн эмнэлэгт ирэхээсээ өмнө амьсгал хураасан байсан амь насыг нь аварч чадсангүй гэж хэлсэн. 3.236.077 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүхээс шүүгдэгчид хамгийн хүнд ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Л-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1905036150951 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

“Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч С.Д “… миний төрсөн ах надтай хамт амьдардаг юм. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би гэртээ 18-19 цагийн үед байж байхад Чингүүн гүйж орж ирээд ээжээ сая Боргил ахыг нэг хүн хутгалчихаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд хашаанд гараад ирэхэд хашааны урд хаалгаар туранхай дунд зэргийн нуруутай бор царайтай хүн хашаанаас гүйгээд гарсан. Би хойноос гүйгээд хөөе зогс гэхэд нөгөө хүн цаашаа худгийн зүг рүү гүйсэн. Тэгэхэд худаг дээр хоёр эмэгтэй хүн зогсож байхаар нь би хөөе наад хүнээ бариад аваарай манай ахыг хутгалчихаад зугтаачихлаа гэж хэлсэн. Гэтэл худгийн хажууд зогсож байсан манай гэрийн орчим амьдардаг эмэгтэй байхаар нь миний дүү хойноос нь гүйгээрэй эгч нь гүйгээд гүйцэхгүй байна гэж хэлсэн. Нөгөө охин араас нь гүйхэд хутгалсан гэх эрэгтэй хүн зам гараад цаашаа гүйхээр нь эргэж би гэр рүүгээ гүйж хашаандаа орж ирсэн. Тухайн үед ах хашааны байшингийн урд талд доошоо хараад хэвтэж байхаар нь очоод би гэр лүүгээ ороод ороолт гаргаж ирж гэдсээр нь цусыг нь тогтоох гэж боох гэтэл араас хашаанд нөгөө хутгалсан гэх хүнийг хөөсөн эмэгтэй бас нэг сувилагч гэх танил эмэгтэйгээ дагуулж орж ирсэн. Сувилагч эмэгтэйн хамт ахыг дээш харуулж хэвтүүлээд зүрхийг нь дарж үзээд зөндөө их цус алдсан байна та зүрхэн дээр нь гараараа дар гэхээр нь би гараараа дарсан. Харин нөгөө хүний хойноос хөөж байсан эмэгтэй би цагдаа, түргэн хоёр дуудсан гэж хэлсэн. Тэгээд удахгүй түргэн тусламжийн машин ирэхээр нь би хамт Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би айхтар ойртоогүй учир сайн хараагүй, туранхай бор царайтай, хар сааралдуу бараан өнгийн кепик малгайтай, 165 орчим өндөртэй, давхраагүй нүдтэй байсан. Би нарийн сайн хараагүй ерөнхийд нь л харсан тодорхой хэлж мэдэхгүй байна. Би ахыг маань гэмтээж биед нь халдсан хүнийг одоо харвал дээрхи хэлсэн шинж байдлаар нь танина. Би яг яаж гэмтэл учруулсныг бол хараагүй, би араас нь хөөж байхад гартаа нэг зүйл барьсан байсан. Яг хутга уу хайч уу гэдгийг мэдэхгүй ямар ч гэсэн төмөр зүйл барьсан гүйж байсан. Ахыг ирээд харах үед ухаангүй зүрх орчмоос нь цус гарсан байсан” / хх-н 54-55/ гэж,

гэрч Ч.С “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн үед ажлаасаа гараад гэрийнхээ үүдэнд машинаас буугаад байж байхад манай хажуу талд байдаг Зулаа гэх эмэгтэй Сувдаа наад хүнээ бариад ав наадах чинь Боргилыг хутгалчихлаа гэхээр нь гайхаад эргээд харахад улаан эрээн цамцтай 50 орчим насны эрэгтэй зам хөндлөн гарах гээд гартаа хайч хутга хоёр барьсан байхаар нь би Зулааг наад хүн чинь гартаа юм барьсан байна гээд Зулааг тэр хүн рүү явуулаагүй. Би Зулааг яг юу болсон талаар асуухад Зулаа наад хүн чинь Боргилыг хутгалчихлаа гэхээр нь тэр хүнийг мэдэхгүй гэсэн чинь Зулаа чи сувилагч юм чинь очоод үзээд өг гэхээр нь за гээд хутгалуулсан хүн дээр очиход нэг эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Хажууд нь дүү нь гээд нэг эмэгтэй уйлаад байхаар нь хаана юу болсон юм бэ гээд тэр залууг эргүүлээд цамцыг нь сөхөхөд зүрхэн хэсэгт нь ангайсан 5-6 см орчим шарх байсан. Тэгээд би алчуур тавьж дараад толгой доор нь юм тавьж тавиад 103 замдаа дуудсан байсан учир удалгүй ирсэн. Тухайн үед анх Зулаа надад тэр хутгалсан хүнийг заах үед би хутганаас нь айгаад араас нь тэр хүний зургийг нь өөрийн гар утсан дээрээ дарсан. Би Боргилыг урд нь зүс харж байсан. Би холоос харсан учраас яг сайн юу гартаа барьсан байсанг хараагүй. Баруун гартаа хайч шиг юм барьсан хайч нь ангархай байсан” /хх-н 57-58/ гэж,

гэрч Э.М “…2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо 371 дүгээр худаг дээр найз Пүрэвчулууны хамт зогсож байсан чинь 40-45 орчим насны улаан хүрэн цамцтай, 160-165 см орчим өндөртэй, бор шаргал кепкен малгайтай, гартаа хайч барьчихсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн худаг руу орох гэж байхад нь манай найз Пүрэвчулуун зайл гэсэн чинь зам руу чиглээд явсан. Гэтэл удалгүй 30-35 орчим насны эмэгтэй ахыг хутгалчихлаа бариад өгөөч гэхээр нь би хойноос гүйгээд барьж авч чадаагүй удалгүй цагдаа нар ирээд нөгөө 40-45 орчим насны ахыг барьж авсан.

Миний араас хөөсөн гэх хүн 40-45 орчим настай 160-165 орчим өндөртэй дух нь цус болчихсон гартаа хутга хайч барьчихсан хүн байсан. Тэгэхэд зүс таних Боргил гэх залуугийн дүү эмэгтэй дүү нь наад хүнээ бариад аваарай, манай ахыг хутгалчихаад зугтаачихлаа, би гүйцэхгүй байна гээд уйлчихсан гүйж байхаар нь би тэр хүнийг барих гээд хойноос нь гүйхэд тэр залуу хурдан хурдан алхаад Мах маркетын зам хөндлөн гарах үед манай найз Сувдаа ажлаасаа тараад зам дагуу машинаас бууж байхыг нь хараад наад хүнээ бариад аваарай гээд Сувдаа руу хашгирсан. Наад хүн чинь хүн хутгалчихаад зугтаачихлаа гэхэд Сувдаа гар утсаа гаргаж ирээд хойноос нь зургийг нь дарахад тэр залуу зам хөндлөн гараад замын баруун тал руу явчихсан. Тэгэхээр нь Сувдааг цагдаа дууд гартаа хутгатай байсан гэж хэлээд цагдаа дуудчихсан юм чинь гээд буцаад тэр хутгалуулсан гээд байгаа Дэвшлийн 3-р гудамжны 11 тоотод хаяганд нь ирэхэд хашаан дотроо Боргил доошоо хараад хэвтчихсэн ухаангүй болчихсон хажууд нь эмэгтэй дүү нь хүүхэдтэйгээ хамт байж байсан, манай найз С сувилагч мэргэжилтэй болохоор Б-г дээш нь харуулаад толгой доор нь нэг нүүр гарын алчуур тавиад хэвтүүлсэн”  /хх-н 60-60, 62/ гэж,

насанд хүрээгүй гэрч Д.Ч “… өчигдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Дэвшлийн сангийн аж ахуйн 3-11 тоотод гэрийнхээ хашаанд тоглож байсан. Тэгсэн чинь манай байшин руу нэг кэпкэн малгай өмссөн ах гартаа нэг урт дуу юм барьчихсан манай байшин руу яваад орсон, нэг их удалгүй 1-2 минутын дараа нөгөө ах эхлээд байшингаас гараад хашааны хаалгаар гараад явсан. Гэтэл араас манайд бид нартай хамт амьдардаг Боргил ах гэдсээ дарчихсан гарч ирсэн, бас цус гарч байсан. Тэгэхээр нь би шууд ээж рүүгээ гүйсэн. Ээж гэртээ байсан. Тэгээд ээжид хэлэхэд ээж Боргил ах дээр очоод шууд нөгөө хүний араас хөөсөн.

Урт төмөр юм л байх шиг байсан. Тэр хүн согтуу байх шиг байсан. Тэр хашаанд манай ах байсан. Тэгээд гаднаас тэр хүн орсон өөр хүн байгаагүй. Би тэр хүнийг өмнө нь дэлгүүрийн тэнд харж байсан. Бас гадаа гудамжинд явахыг нь харж байсан, дахин харвал танина” /хх-н 63/ гэж,

гэрч И.Ө “... 2019 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр би Бугат 115-р чиглэлд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэд ахлагч А-ын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 18:40 цагийн орчим Бугат 10-аас Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшлийн 361-р худаг дээр манай ахыг манай ахыг хүн хутгалчихлаа гээд нэг хүүхэд цагдаа дуудаж өгөөч гээд байна гэх дуудлагын дагуу Дэвшлийн 3-11 тоот хашаанд ороход Сандагдоржын Боргил гэх 40 гаруй насны эрэгтэй цээжний зүүн дээд хэсэг шархтай ухаангүй хэвтэж байсан ба нэг эмэгтэй цээжин дээр нь даавуугаар дарсан байдалтай зүрхэн тус газарт нь зүсэгдсэн байна гэсэн. Анхбаяр бид хоёр хэргийн газрыг хамгаалалтад авч 103 давхар дуудсан ба ойр орчимд биечилсэн сурвалжлага хийхэд даавуугаар дарж байсан эмэгтэй болон бид нарт дуудлага өгсөн гэх эмэгтэй нар ярихдаа “улаан шоотой цамцтай толгой хэсэгтээ хагарсан цус гарсан эрэгтэй хүн хайч бариад явж байсан гэх” ба гудамжинд явж байсан бас нэг өөр эмэгтэй хүн ногоон Бат- Оршихын эхнэрийнх нь дүү толгой нь хагарсан хайч барьчихсан явж байсан гэж ярьсан. Ногоон Бын эхнэрийн дүү гэхэд нь би өмнө нь дуудлагаар байнга очдог байсан Л гэдгийг нь мэдсэн. Тэндээс хөдлөөд Лийг тэр хавиар хайгаад цэргийн 013 дугаар анги, зоонозын төв орчмоор хайж түүний гэрээр мөн ороход байхгүй байсан. Байхгүй болохоор нь Монгол Алтайн барагшуун төвийн орчимд байх төмрийн цэг дээр хайж байхад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах буудлын түцний ардуур Лийг гүйгээд орохоор нь араас нь очиход түцний ард зогсож байхаар нь баривчилж үзлэг хийхэд баруун гартаа улаан өнгийн цамцанд ямар нэгэн зүйл ороож барьсан байсныг нь хураан авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тухайн үед би Лоос юу болсон бэ гэж асуухад “пиздаг дээрэлхээд байхаар нь хайчаар дүрчихсэн” гэж хэлсэн. Л болохоор өөрөө согтолттой байсан тул жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Лийн биед зүүн талын дух хэсэгтээ зүсэгдэж хагарсан гэмээр шархтай байсан ба гаднаасаа ямар нэгэн боолт хийгээгүй малгай өмссөн байдалтай байсан. Өмнө нь эгчийнхээ хүүхдийн охиныг хүчирхийлсэн байна гэх дуудлагад очиж байсан ба мөн тэр хавиар архидан согтуурч, төмөр хулгайлж байна гэх мэтчилэн 3-4 дуудлагад очиж байсан. Намайг дуудлагад очих үеэр хүнтэй хамт байгаагүй хашааны булангийн ганц гэрт ганцаараа голдуу байж байдаг байсан. Биед үзлэгийг явуулахад үйлийн хайчнаас өөр эд зүйлс гарч ирээгүй. Уг хайчаа цамцанд ороогоод гартаа барьсан байсан” /хх-н 64-65/ гэж

тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч Л.Л үйлдсэн болохыг нотлож байна.

Дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгт хэргийн бодит байдлын талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй, мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай байгаа нь гэмт хэрэг үйлдсэгдсэн үйл баримтыг нотолно.

 

Гэмт хэргийн хохирогч-талийгаач С.Боргилын үхлийн шалтгааны талаар

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаач С.Б-ын цогцост цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын өмнөд хана, зүүн уушгины 5-р сегментийн өмнөд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, хамрын нуруу, дээд уруульг хамарсан хуучин зулгаралт, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд шинэ зулгаралт, цээжинд мэс заслын шарх гэмтэл тогтоогдлоо. Цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын өмнөд хана, зүүн уушгины 5-р сегментийн өмнөд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар гэмтлийн хүнд эрэгт хамаарна. Дух, хамрын нуруу, дээд уруулыг хамарсан хуучин зулгаралт, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд шинэ зулгаралт гэмтлүүд тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач С.Б-ын цогцост цээжний хөндийрүү нэвтэрч үнхэлцэ" хальс, зүрхний зүүн ховдлын өмнөд хана, зүүн уушгины 5-р сегментийн өмнөд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлээр, урдаас арагш чиглэлд, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь дээрх гэмтлийг авах үед ямар байрлалд байсан эсэхийг тогтоох боломжгүй. Задлан шинжилгээ хийгдэх үед шинжилгээнд хайч болон бусад багаж зэвсэг ирүүлээгүй болно. Талийгаач нь дээрхи гэмтлийг аваад эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 5 промилл спиртийн агууламж илэрсэн байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач С.Б нь цээжний хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын өмнөд хана, зүүн уушгины 5-р сегментийн өмнөд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, цээжний хөндий дэх цус алдалт /350мл/, цус алдалтын шокын улмаас нас баржээ. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач С.Б-ын шүүх биологийн шинжилгээгээр цус задарсан тул бүлэг тогтоох боломжгүй” гэсэн 1988 тоот дүгнэлт гарчээ. /хх-н 79/

 

Прокуророос зүйлчилсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд

шүүгдэгч Л.Л-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 76 дугаартай тогтоолоор “... амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой байсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх, ... яллагдагч Л.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчоор тогтоож Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөртлөө энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байна ...” гэсэн үндэслэлүүд зааж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр энэ хэргийг прокурорт буцааж байсан.

Шүүхийн уг тогтоолд прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянаад 116 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 76 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон байна.

 

Иймд анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлэх, нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Л-д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч Л.Л урьд өмнө шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан, үүнээс “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдэж байсан нь түүний хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.Л-ийн хувийн байдлыг тодруулахад тэрээр Иргэний үнэмлэх огт авч байгаагүй тул энэ шийтгэх тогтоолд түүний ургийн овгийг нь тодорхойлон бичих боломжгүйг дурдья.

 

Шүүгдэгч Л.Л-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогчийн ар гэрээс талийгаач С.Б-н оршуулгын ажлын зардалд 3.894.477 төгрөгийг холбогдох баримтууд бүрдүүлж нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Л-ийн цагдан хоригдсон 200 /хоёр зуу/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн 29.5 см урттай 1 ширхэг хайчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. /ургийн овог тодорхойгүй/ Л.Л-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Л-ийг 12 /арван хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Л.Л-ийн цагдан хоригдсон 200 /хоёр зуу/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-оос 3.894.477 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгосугай.

 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 29.5 см урттай 1 ширхэг хайчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Л-ийг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

      

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ                                        

                               ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА