| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01701/И |
| Дугаар | 01550 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг зураагийн 2 дугаар гудамж, 06 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФБ60062211/, Боржигин овгийн Лочингийн Баянмөнхийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-11-29-ний өдөр хүлээн авч, 2016-11-30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Баянмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Л.Баянмөнх миний бие нь 1994 оноос өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн авто тээврийн байгууллагад ажиллаж байсан болно. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох байгууллагад хандахад хортой нөхцөлд ажиллаж байсан нь тодорхойгүй байна гэсэн хариу өгсөн юм. Би 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тэсрэх дэлбэрэх бодис зөөгч, тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон явуулын өөрөө түгээгч автоцистер Зил 130 АТЗ машин жолоодож байсан. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяа Л.Баянмөнх Зил 130 хоргүй нөхцлийн автомашин жолоодож байсан гэж лавлагаа гаргаж нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна. Иймд Л.Баянмөнх намайг 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-д хортой нөхцөлд Зил 130 АТЗ машин жолоодож байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016-09-16-ны өдрийн 460 дугаартай лавлагаа, 073822 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 000039 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 094992 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Г.Содномдорж, П.Галсан нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигин овгийн Лочингийн Баянмөнх нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Зил 130 АТЗ машины жолоочоор ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016-09-16-ны өдрийн 460 дугаартай лавлагаа, 073822 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 000039 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 094992 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Г.Содномдорж, П.Галсан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овгийн Лочингийн Баянмөнх нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Зил 130 АТЗ машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН