Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 0009

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Пт холбогдох эрүүгийн 1905043321262 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Г.П.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.П нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 12 дугаар гудамж 52 тоотын орчим маргааны улмаас Э.Э-ыг зодож зүүн чих, уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Пийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал 10 цагийн орчимд хажуу айлын залуу болох Э намайг гэрээс дуудсан. Би гараад ганц юм уучихмаар байна үхэх гээд байна гэхээр нь манай гэрийн амбаарт байгаа 1 ширхэг машины обуд байна тэрийг зараад нэг юм уу надад мөнгө байхгүй гэсэн. Тэгээд Э тэр обудыг аваад явсан. 30 орчим минутын дараа Э нөгөө машины обудыг зарчихаад 1 жил 0,5 литрийн хэмжээтэй архи аваад тэр эрхийг нь Э бид хоёр манай гэрт орж уусан. Э найзыгаа дуудъя гэхээр нь үгүй элдэв бусын хүн гэрт оруулахгүй гэсэн. Тэгээд нөгөө авсан нэг шил архиа ууж дуусчихаад дахиад нэг шил архи уухаар болоод Э бид хоёр гэрийн ойролцоо байрлах дэлгүүр орж 1 шил 0,5 литрийн хэмжээтэй архи зээлж авсан. Архиа буцаад гэрлүү явж байталманай ойролцоо амьдардаг А гэж залуу тааралдаад манайд ороод гараач гэсэн. Тэгээд Аийн гэрлүү ортол А нэг залуутай хамт 1 шил архи уугаад сууж байсан. Тэр архийг уугаад мөн дэлгүүрээс авсан архиа уусан. Тэгтэл А, Э хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би Эыг Аийн гэрээс аваад гарсан. Манай гэрийн үүдэнд очоод Эыг би гэртээ орж унт гэж хэлээд манай гэрийн үүднээс салсан. Тухайн өдрийн 15 цагийн орчимд  манай хаалгыг хүн нүдээд байхаар нь гараад очтол Э охинтойгоо зогсож байсан. Би гараад яах гээд байгаа юм гэсэн чинь Э та миний охиныг гэртээ авч ороод яах гэж байгаа юм гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Э намайг заамдаж байгаад миний пудволкыг урсан. Тэгээд би Эыг түлхсэн юм. Э хойшоо ухарсан охин нь манай гэрээс гарч ирээд бид хоёрын хажуугаар гараад гүйгээд явсан. Э хашаанаас гараад явахаар нь би хашааны гадна байсан модоор Эын толгой руу нь цохьчихоод гэрлүүгээ орсон. Би хашааны хаалгаа түгжээд хашаандаа байж байтал Эын эхнэр та манай нөхрийг зодлоо гээд орилохоор нь чи гэртээ байсан юм бол чи өөрөө охиноо дагуулаад ирэхгүй яасан юм яах гэж согтуу хүн явуулж байгаа юм гэсэн. Тэгтэл Эын эхнэр цагдаа дуудсан байсан. Би хийсэн хэргийнхээ бурууг ойлгож байгаа, Э бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 51 тоотод гэртээ байхад хажуу хашааны хөрш П ах 0,5 литрийн нэг шил архи авч манай гэрт орж ирсэн юм. Бид 2 хоол идээд архиа уугаад сууж байхад 15 настай том охин Ү П ахын утсыг гуйж фэйсбүүк орж байгаад фэйсбүүкээ гарч амжихгүй утасных нь цэнэг дуусчихсан. Маргааш өглөө нь П ах бид 2 дахиж нэг шил архи хувааж уугаад би гэртээ орж ирээд сууж байтал 12 цагийн үед охин хичээлээсээ тарж ирээд ааваа П ах үүднийхээ амбаараас шагайгаад хэн бэ гэхээр нь Э байна гэтэл яах гээд байгаа юм гээд охиныгоо дагуулаад П ахын хашааны хаалгыг нүдтэл П ах үүднийхээ амбаараас шагайгаад хэн бэ гэхээр нь Э байна гэтэл яах гээд байгаа юм гээд хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь хаалгыг нь чанга нүдтэл ирж хаалгаа талахаар нь та яагаад хүүхдийн фэйсбүүкээр ороод янз бүрийн юм бичээд байгаа юм нас намбандаа байгаач гэтэл юу гээд байгаа юм гээд бид хоёрыг маргаж байхад охин Ү П ахын утсыг аваад фэйсбүүкээсээ гараад утсыг нь өгөөд бид 2 буцаад гэрлүүгээ алхаж байтал араас хүн хөөе гэж дуудах шиг болохоор нь эргээд хартал миний толгойны зүүн тал руу хатуу мод шиг юмаар цохиход би ухаан алдаад унасан. Сэргэтэл гэртээ ороод ирчихсэн байсан. Миний зүүн талын чих рүү модоор цохиж чих сэтэлсэн байсан. Чихэндээ 8 оёдол тавиулсан. Миний биед учирсан гэмтлийг П гэх ах намайг зодож учруулсан. Эмчилгээ хийлгээрэй гэж 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-11/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э.Ү-гийн өгсөн:

“...2019 оны 10 дугар сарын 17-ны өдрийн орой 19 цагийн үед хажуу айлын П ах манайд архи барьж орж ирээд аавтай хамт хувааж уусан. Би тэр хоёрыг архи ууж байх хооронд П ахын гар утсыг гуйж өөрийнхөө фэйсбүүк хаяг руу ортол П ахын утасны цэнэг дуусаад унтарчихаар нь таны цэнэглэж байна уу гэтэл байхгүй би гэртээ орж цэнэглээд өөрөө фэйсбүүк хаягнаас чинь гарчихъя гээд гэрлүүгээ орсон. Маргааш би хичээлээ тараад ээжийн ажил дээр очоод ээжийн утаснаас өөрийнхөө фэйсбүүк хаяг руу ортол найз банди Тулга руу миний хаягнаас наад нялуун үгнүүдээ болиоч новш минь гээд бичсэн байсан. Би ээжтэй гэртээ очоод аавдаа П ах миний хаягнаас гарахгүй миний өмнөөс бичээд байна гэж хэлсэн. Тэгтэл аав орж уулзая гээд П ах гэрээсээ гарч ирээд үүднийхээ амбаараар толгойгоо цухуйлгаад зайлаачэ писта минь чамтай харьцахгүй лалрын казак минь гэж орилсон. Аав тэгтэл би таньтай харьцахгүй гээгүй байна хүүхдийн фэйсбүүкээс гарчих гэтэл П ах гарч ирээд юу яриад байгаа юм би фэйсбүүкээс чинь гарчихсан гэхээр нь би П ахын гэрт нь ороод аваад гарч ирээд П ахаар кодыг нь тайлуулаад утсыг нь үзэхэд миний хаягнаас гараагүй байсан. Би П ахын утаснаас фэйсбүүкээ гаргаж байх хооронд П ах аавыг өмхий казак гэж хэлээд нүүр лүү нь 2 удаа цохисон. Би аавыг аваад гэрлүүгээ орох гэтэл П ах аавыг оруулахгүй байхаар нь би гэрлүүгээ гүйж ороод аавын найз Б, Б ах хоёрт аавыг зодох гээд байна гэж хэлтэл Б, Б ах 2 хамт гараад аавыг өргөж оруулж ирсэн аавын зүүн талын чих нь сэтрээд цус гарчихсан мөн уруулнаас нь цус гараад ухаан алдсан байсан. П ах хашааны үүдэнд аавын нүүр лүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13105 тоот: 

  1. Ж.Эын биед зүүн чих, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 18/,

 

  - хохирогч Ж.Эын “...Г.П уучлалт гуйж эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 51/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.П нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 12 дугаар гудамж 52 тоотын орчим маргааны улмаас Э.Э-ыг зодож зүүн чих, уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Пийн “...Э хашаанаас гараад явахаар нь би хашааны гадна байсан модоор Эын толгой руу нь цохьчихоод гэрлүүгээ орсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Эын “...Ү П ахын утсыг аваад фэйсбүүкээсээ гараад утсыг нь өгөөд бид 2 буцаад гэрлүүгээ алхаж байтал араас хүн хөөе гэж дуудах шиг болохоор нь эргээд хартал миний толгойны зүүн тал руу хатуу мод шиг юмаар цохиход би ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Э.Ү-гийн “...Би аавыг аваад гэрлүүгээ орох гэтэл П ах аавыг оруулахгүй байхаар нь би гэрлүүгээ гүйж ороод аавын найз Б, Б ах хоёрт аавыг зодох гээд байна гэж хэлтэл Б, Б ах 2 хамт гараад аавыг өргөж оруулж ирсэн аавын зүүн талын чих нь сэтрээд цус гарчихсан мөн уруулнаас нь цус гараад ухаан алдсан байсан. П ах хашааны үүдэнд аавын нүүр лүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13105 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Пт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Ж.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Ж.Эын “...Г.П уучлалт гуйж эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 51/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Пийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Пт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Г.Пийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыгтөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ