Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0041

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч/хохирогч Н.Т, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Т, Д.Б нарт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Н.Т.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудлын 302 тоот өрөөнд Д.Бтэй харилцан зодолдож, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын үзүүр, хэвлийд зулгаралт, баруун доод үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудлын 302 тоот өрөөнд Н.Ттай харилцан зодолдож, түүний биед баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, дагзны хуйханд хаван, хавдар гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Т мэдүүлэхдээ:

“...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Тын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 17-нд Замын-Үүдээс ирээд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Т зочид буудалд байрласан тэгээд гараад дэлгүүрээс 4 лааз пиво авсан. Нутгийн дүү Б-тэй таарсан. Тэгээд уг буудлынхаа өрөөндөө ороод байж байхад араас Б- орж ирсэн араас нь хамт байсан гэх залуучууд орж ирсэн. Тэгээд пиво ууж байгаад Б- гаднаас нэг шил архи авч ирсэн. Уг архийг нь уугаад Б- орон дээр хэвтсэн. Б-гийн дүү гээд хоёр залуу орж ирсэн. Тэгээд явах гээд гарсан. Би араас нь гараад Б-г аваад яв гэж хэлэхэд авч яваагүй. Б-г яв гээд бөгс рүү нь өшиглөөд гараас нь татсан тэгээд босож ирээд надтай барилцаад авсан. Араас толгой руу цохисон. Тэгээд архи ууж байсан аягаар цохисон. Тэгээд намайг дахиад архины шилээр цохисон. Тухайн үед гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 45-46/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бгийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Т нэртэй зочид буудалд байрлаж байгаад буудлын доор байрлах дэлгүүрт орж худалдан авалт хийж байгаад танил Т гэх ахтай таарахад Т ах Т зочид буудлын 302 тоот өрөөнд байгаа гэхээр нь би араас нь 302 тоот өрөөнд орсон. Тэгээд 6 пиво авсан байсныг нэгийг өгөхөөр нь уугаад би нэг шил архи авч П, Л, Т бид нар хамт уугаад би нэг 100 грамм уугаад дүү Ө надаас юм авна гэхээр нь Т буудалд байна ирээд авчих гээд орон дээр унтсан. Тэгэд нэг сэргэхэд Т намайг үсдээд цохихоор нь би хажууд байсан архины шил аваад толгой руу нь нэг удаа цохиод гараараа толгой болон дагз хэсэг рүү нь хэд хэд цохисон. Тэгээд хажуунаас намайг салгаад татаад уг өрөөнөөс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 71-72/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Тын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Т нэртэй зочид буудалд М-тай хамт байрлаж байгаад дэлгүүр гараад 6 лааз пиво авсан, тэгээд дэлгүүрт Б-тэй таарсан. Би өрөөндөө ороод байж байхад араас Б- орж ирсэн, араас нь Э, П, Лсүрэн нар орж ирсэн. Авсан байсан пивоо уусан. Б- дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи авсан. Тэгээд уг архийг бас хувааж уугаад Б- орон дээр хэвтсэн дүү нь гээд хоёр залуу орж ирээд Б-тэй уулзаад гараад явсан. Би ахаа аваад яв гэсэн. Тэгэхэд авч явахгүй болохоор нь ахыг чинь гаргаад хаячихна шүү гээд би эргэж ороод Б-г босч яв гээд бөгс рүү нь нэг удаа оймстой хөлөөрөө өшиглөсөн, тэгээд Б- өндийгөөд араас 2 дүү нь орж ирсэн. Тэгээд Б- намайг аягаар цохисон, дахиад архины шилээр цохисон.

Б-г өрөөнөөс гар гэхэд гарахгүй болохоор маргалдаж зодолдсон. Бид хоёр харилцан зодолдож гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бгийн өгсөн:

“...2019 оны 10-р сарын 17-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Т нэртэй зочид буудалд Э, П бид гурав байрлаж байсан. Тэгээд үүдэнд Ттай таарсан. Тэгээд хажуу өрөөнд байна гэхээр нь өрөө рүү нь орсон. Тэгээд араас Э П хоёр орж ирсэн. Тэгээд бид нар 6 лаазтай пиво байсныг хувааж уугаад би нэг шил архи аваад хувааж уусан. Би бараг уугаагүй. Би дүүгээ гутлаа ав гээд дуудчихаад унтсан, сэргэхэд намайг Т зодож байсан, тэгээд би 2-3 цохиод архины шил аваад толгой руу нь цохисон, тэгээд салгаад би гарсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр харилцан зодолдож гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.О-ын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг 42 минутад М- гэдэг хүн нэг найзтайгаа хамт манай буудлын 302 дугаарын өрөөнд орж үйлчлүүлсэн. 13 цагийн орчимд би ээлж сольсон бөгөөд миний оронд Нарангэрэл ээлж авсан. Харин би дээгүүр доогуур явж цэвэрлэгээгээ хийж байсан. Намайг 4 давхарт цэвэрлэгээ хийж байхад яг доод талын давхарт 302 тоотын өрөөнд гэж тааварласан. Хүмүүс шуугилдаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би шууд тухайн өрөө рүү очиход уг өрөөнд анх орсон 2 залуугаас гадна 3-4 хүн байсан. Харин М- гэдэг залуутай хамт орж ирсэн залуугийн баруун хөмсөгний дээд хэсгээс цус гарчихсан. Өрөөний хамаг эд зүйл цус болгочихсон байсан.

Намайг яг буудлын өрөөнд ороход туранхай, өндөр, шингэн үстэй, бусдаасаа арай залуу төрхтэй эрэгтэй гэмтсэн залуутай зууралдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч И.М-ын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед нутгийн залуу Ттай уулзсан. Тэгээд би Ттай Т зочид буудлын 302 тоот өрөөнд орсон. Тэгээд буудлын доод талд байж байтал Б-тэй таарсан. Б- Т пиво ууж байтал гаднаас нутгийн залуу П Лдорж нар нийлээд пиво ууж байсан. Тэгээд Б- нэг шил Авруг нэртэй архи авч орж ирээд уусан. Тэгээд Б- унтаад байж байтал гаднаас Б-гийн дүү Өөжиг /хочтой/ залуу орж ирсэн. Тэгээд би үүд рүү гараад буудлын зохион байгуулагчтай уулзаад байж байтал өрөөн дотор хэрүүл болоод байхаар нь ороод хартал Б- нойлд орсон цусаа угааж байсан. Т толгойноос нь цус гарсан орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Өгийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Т нэртэй буудалд Б- ахаас юм авах гээд очсон. Тэгээд Б- ах унтаж байсан. Сэргэхгүй байхаар нь гарч явах гэхэд Т та нар ахыгаа авч яв гэсэн. Сэргэхгүй болохоор нь бид нар гарч явах гэж байхад Т хамт байсан ах руу чи намайг таних уу та нарыг би нутгаар чинь дарамтлана гээд юм шидээд агсраад байсан. Тэгээд гараад явж байхад араас гарч ирээд дуудаад та нарыг нутгаар чинь дарамтална гэхээр нь тэг гээд явахад харж бай ахыг чинь дарамтална гээд эргэж өрөө рүүгээ ороод Б- ахыг орон дээр унтаж байхад нь дээрээс нь хоёр удаа цохисон. Би яаж байгаа юм гээд дайрахад өндөр туранхай ах намайг тэврээд согтуу хүнийг яах гээд байгаа юм гээд гаргасан.

Б-гийн хамарнаас нь цус гарсан байсан. Б- ахыг Тын хөмсгийг нь сэтэлсэн хоорондоо зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12666 тоот: 

  1. Д.Б-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын үзүүр, хэвлийд зулгаралт, баруун доод үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12666 тоот: 

  1. Н.Тын биед баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, дагзны хуйханд хаван, хавдар гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 30/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50, 76/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51, 75/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 65, 82, 83/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

 - Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудлын 302 тоот өрөөнд Н.Ттай харилцан зодолдож, түүний биед баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, дагзны хуйханд хаван, хавдар гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Бгийн “...нэг сэргэхэд Т намайг үсдээд цохихоор нь би хажууд байсан архины шил аваад толгой руу нь нэг удаа цохиод гараараа толгой болон дагз хэсэг рүү нь хэд хэд цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Тын “...Б- намайг аягаар цохисон, дахиад архины шилээр цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч И.М-ын “...би үүд рүү гараад буудлын зохион байгуулагчтай уулзаад байж байтал өрөөн дотор хэрүүл болоод байхаар нь ороод хартал Б- нойлд орсон цусаа угааж байсан. Т толгойноос нь цус гарсан орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Д.Өгийн “...Б- ахыг орон дээр унтаж байхад нь дээрээс нь хоёр удаа цохисон. ...Б- ахыг Тын хөмсгийг нь сэтэлсэн хоорондоо зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12666 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудлын 302 тоот өрөөнд Д.Бтэй харилцан зодолдож, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын үзүүр, хэвлийд зулгаралт, баруун доод үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Тын “...Тухайн үед гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байгаа...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Бгийн “...сэргэхэд намайг Т зодож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч И.М-ын “...би үүд рүү гараад буудлын зохион байгуулагчтай уулзаад байж байтал өрөөн дотор хэрүүл болоод байхаар нь ороод хартал Б- нойлд орсон цусаа угааж байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Д.Өгийн “...Б- ахыг орон дээр унтаж байхад нь дээрээс нь хоёр удаа цохисон. ...Б- ахыг Тын хөмсгийг нь сэтэлсэн хоорондоо зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12666 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Т, Д.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Т, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.Т, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Н.Т, Д.Б нар нь шүүх хуралдаанд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Т, Д.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Т, Д.Б нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Н.Т, Д.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Т, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АУРУГ гэсэн бичигтэй архины шил 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Т, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Д.Б нарыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АУРУГ гэсэн бичигтэй архины шил 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ