Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0043

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

            шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Б.Батбаяр, Б.Чинбат,

             шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

            гэрч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б нарт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Ш.Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.0866 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалж, Б.Бд мөнгийг дараа авахаар тохиролцож 50.000 төгрөгөөр худалдсан,

Мөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 15 дугаар байрны 81 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 2.1697 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шилэн болон төмөр саванд хийж бэлтгэн хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай бичгийн цаасны хамт 29 грамм жинтэй “өвс” болон 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Би 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Баасансугартай утсаар ярьхад ийм юм байна сонирхох уу гэхээр нь тэгье сонирхож үзье гээд авсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ:

“...Би Б.Бд худалдаалах зорилгогүйгээр аваачиж өгсөн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бий өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ажил дээрээ байхдаа 12 цагийн үед С- гэх залуутай фэйсбүүкээр холбогдсон. Тэгээд бид хоёр фэйсбүүк чатаар ярилцаж байгаад би С-гаас 50.000 төгрөгөөр шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авахаар тохиролцсон бөгөөд С- манай ажил дээр ирэхээр болсон. Тэгээд 18 цагийн үед С- манай манай ажил дээр  ирээд надад асаагуурт наасан шавар мөн тамхины хайрцагт хийсэн шавар гэх бодисыг өгсөн. Би яг тэр үед мөнгөгүй байсан болохоор 50.000 төгрөгийг нь дараа өгөхөөр болсон юм. Би яг тэр үед мөнгөгүй байсан болохоор 50.000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. С- ч гэсэн харилаа гээд явсан. Би ажил дээрээ байж байгаад 21 цагийн үед ажлаасаа гарч яваад танай байгууллагын алба хаагч нарт баригдсан. Би шавар гэх зүйлийг нь С- буюу Ш.Баас 50.000 төгрөгөөр худалдаж авсан, гээд мөнгийг нь өгөөгүй байсан. Харин цаасанд боодолтой өвсийг нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хороололд нэг танихгүй хүнээс зүгээр авсан. Би тэр хүний талаар сайн мэдэхгүй, хороололд санамсаргүй тааралдаад надад өгсөн юм.

Мансуурууах сэтгэцэд нөлөөт ургамал, бодис нэг их хэрэглэдэггүй. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр анхудаагаа өвс хэрэглэж үзсэн. С-гаас авсан шавар гэх зүйлээс хэрэглэж үзээгүй. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өвс гэх зүйлийг дүнсэн тамхи шиг цаасанд ороож татсан, тэгээд маргааш нь С-тай фэйсбүүк чатаар хоорондоо ярилцаж байхад шавар гэх зүйл байдаг гэж хэлэхээр нь сонирхож үзмээр санагдаад авъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг //х-н 139-140/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Бын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хорооллын гэрээ цэвэрлэж байхдаа талийгаач найз Ч-гийн үлдээгээд явсан цамцсыг нь олсон. Уг цамцсыг хувцасны шүүгээнээс гаргаад хаях гэсэн чинь халаасанд нь нэг цагаан дэвтрийн цаастай боолттой юм байхаар нь онгойлгож үзэхэд өвс гэх нэршилтэй мансруулах ургамал, мөн уг ургамлаас гаргаж авсан шавар гэх зүйлс байсан. Уг зүйлсийг тухайн үедээ тоогоогүй, хувцасны шүүгээний ёроол хийгээд орхисон юм. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай найз Б.Б над руу өөрийнхөө дугаарын утаснаасаа залгасан. Б.Бтэй утсаар ойр зуур юм ярьж байхад өвс олдох уу гэж асуухаар нь юу билээ гэж бодоод гэнэт Ч-гийн цамцны халаасанд байсан өвс, шавар зэргийг санаад надад байгаа гэж хэлэхэд Б.Б 50.000 төгрөгөөр авъя гэж хэлэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Б.Бий ажил болох Баянмонгол хороололд байдаг Gre /нэрийг нь андуурсан байж магадгүй/ нэртэй гэрэл зургийн студидэд очиж, Б.Бтэй уулзсан бөгөөд Ч-гийн цамцны халаасанд байсан шавар гэх зүйлийг өгчихөөд гэрлүүгээ явсан.

Би талийгаач найз Ч-гийн хамт 2018 оны намар байх сайн санахгүй байна, өвс гэх зүйлийг хэрэглэж байсан. Тухайн үед талийгаач найз Ч- маань өвс гаргаж ирээд өөрөө хэрэглэж байгаад намайг хэрэглэх үү гэж асуухаар нь би сонирхоод хэрэглэж байсан юм. Тэр үед Ч- бид хоёр өвсийг цаасанд ороож дүнсэн тамхи шиг татаж байсан. Тэрнээс хойш огт хэрэглээгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Бд шавар өгөх гэж байхдаа цаасанд боосон өвснөөс нь бэлэн тамхинд хийж байгаад ганцаараа татаж хэрэглэсэн.

Ч-гийн бүтэн нэрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 40 дүгээр сургуулийн төгссөн. Гэр нь манай хажуу талын 24 дүгээр байранд байдаг. Би Ч-тай 2017 онд 6 дугаар бичил хорооллын нэг РС тоглоомын газар танилцаж байсан. Би найзыгаа ямар шалтгаанаар нас барсныг нь мэдэхгүй байна, 2018 оны намар билүү хавар хичээлээ тарчихаад явж байхад манай найз Н над руу залгаад Ч-г нас барсан гэж хэлсэн. Би Б.Бд Каннабис ургамлаас гаргаж авдаг шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 50.000 төгрөгөөр Б.Бд худалдаалахаар тохиролцож ажил дээр нь аваачиж өгсөн, гэхдээ тэр үед мөнгийг нь дараа авъя гэж хэлээд шавраа өгчихөөд гэрлүүгээ явсан. Би Б.Бд өвс өгөөгүй, би цагаан өнгийн асаагуурт наасан шавар гэх бодис өгсөн. Цаасанд боодолтой өвсийг нь би өөрөө хэрэглээд дуусгачихсан. Манай гэрт ямар нэгэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байхгүй, би цамцны халааснаас гарч ирсэн цаасанд боосон ургамал /өвс/-ийг өөрөө хэрэглээд дуусгасан. Харин шавар гэх зүйлийг нь би Б.Бд 50.000 төгрөгөөр зарахаар тохиролцож ажил дээр нь аваачиж өгсөн. Гэхдээ мөнгийг нь тухайн үед аваагүй. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 15 дугаар байрны 81 тоотод хүн амьдардаггүй, би 7 хоногтоо хоёр гурван удаа очиж хонодог.

Урьд өмнө нь би өвс, шавар гэх зүйлсийг бусдад зарж байгаагүй. Талийгаач найз Ч-г амьд сэрүүн байхад нь түүний гаргаж ирсэн өвснөөс нь ганц хоёр удаа хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 144-146, 174-175/,     

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Химийн шинжээчийн 5811 тоот:

            1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс болон Шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ХТТГ МШХ” гэж хаяглан битүүмжилсэн гялгар уутанд 2 талдаа хар өнгийн шавар мэт зүйл наалдсан “Хамгийн сайн асаагуур” гэсэн бичигтэй цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, хар ногоон өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон Улаанбаатар смарт гэсэн карт 1 ширхэг, цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 ширхэг, “Caster” гэсэн тамхины хайрцагтай хар өнгийн шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

            Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэх дүгнэлт /хх-н 67-68/,  

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Химийн шинжээчийн 5811 тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн “Баасансугар 10.21” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

            2. Шинжилгээн ирүүлсэн Б”Баасансугар 10.21” гэж хаягласан шээснээс дельта-9 тетрагидроканнобинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэх дүгнэлт 74/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Химийн шинжээчийн 5962 тоот:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, ногоон өнгийн төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “URBANEK” гэсэн бичиглэлтэй шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, таган дээрээ www.gazarshim.mn гэсэн бичиглэлтэй шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, төмөр сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/  илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /хх-н 78-79/,   

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1313 тоот:

1. Ш.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Одоо Ш.Б нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Ш.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ш.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ш.Бт мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

6. Ш.Бт мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

7. Ш.Бт сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-н 168-169/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1314 тоот:

1. Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Одоо Б.Б нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.Бд мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

6. Б.Бд мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

7. Б.Бд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-н 170-171/,

 

            - Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-8/,

            - Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 38-41/,

            - Эд зүйлд үзлэг хийх үеийн гэрэл зураг /хх-н 51-54/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96, 123, 125/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 100, 128/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 128/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай бичгийн цаасны хамт 29 грамм жинтэй “өвс” болон 1 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бий “...С- манай ажил дээр  ирээд надад асаагуурт наасан шавар мөн тамхины хайрцагт хийсэн шавар гэх бодисыг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ш.Бын “...Б.Бий ажил болох Баянмонгол хороололд байдаг Gre /нэрийг нь андуурсан байж магадгүй/ нэртэй гэрэл зургийн студидэд очиж, Б.Бтэй уулзсан бөгөөд Ч-гийн цамцны халаасанд байсан шавар гэх зүйлийг өгчихөөд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Химийн шинжээчийн 5811 тоот дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.0866 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалж, Б.Бд мөнгийг дараа авахаар тохиролцож 50.000 төгрөгөөр худалдсан,

Мөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 15 дугаар байрны 81 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай уутны хамт 2.1697 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шилэн болон төмөр саванд хийж бэлтгэн хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бий “...би С-гаас 50.000 төгрөгөөр шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авахаар тохиролцсон бөгөөд С- манай ажил дээр ирэхээр болсон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ш.Бын “...Б.Бтэй утсаар ойр зуур юм ярьж байхад өвс олдох уу гэж асуухаар нь юу билээ гэж бодоод гэнэт Ч-гийн цамцны халаасанд байсан өвс, шавар зэргийг санаад надад байгаа гэж хэлэхэд Б.Б 50.000 төгрөгөөр авъя гэж хэлэхээр нь тэгье гэж хэлсэн.

Би Б.Бд Каннабис ургамлаас гаргаж авдаг шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 50.000 төгрөгөөр Б.Бд худалдаалахаар тохиролцож ажил дээр нь аваачиж өгсөн, гэхдээ тэр үед мөнгийг нь дараа авъя гэж хэлээд шавраа өгчихөөд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Химийн шинжээчийн 5811 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Химийн шинжээчийн 5962 тоот дүгнэлт, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийх үеийн гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч нараас гаргасан “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй байгаа, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүрэн нотолсон гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдахаар тохиролцож гэмт хэргийн зүйл болох шаварыг шүүгдэгч Б.Бд шилжүүлснээр  гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол заавал өмгөөлөгч оролцуулах тухай заасан боловч цаг хугацааны хувьд шүүгдэгч Ш.Быг эхлээд өмгөөлөгчгүй мэдүүлэг аваад дараа нь шүүгдэгч Б.Бээс өмгөөлөгчтэй мэдүүлэг авсан. Тус ажиллагаанаас хойшхи мөрдөн шалгах ажиллагаанд хоёр шүүгдэгч нар өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлж оролцсон болох нь хэргийн материалаас харагдаж байх тул хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол 15-р байрны 81 тоотод нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрч С.Оюунцэцэг, Ш.Хишигжаргал гэж хоёр хүн оролцож гарын үсэг зурсан байх тул нэгжлэгийг хууль зөрчиж хийсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Ш.Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэх саналыг, шүүгдэгч Б.Бий өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг хэрэглэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ их зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 01 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/  жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан UB смарт картыг шүүгдэгч Б.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бусад зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бий цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 01 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/  жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ш.Б, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ш.Б, Б.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бий саатуулагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан UB смарт картыг шүүгдэгч Б.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бусад зүйлсийг  устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Ш.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ