Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.Бэхбатад холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Б.Батсайхан

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ц.Бат-Эрдэнэ

            Шүүгдэгч                                                       Д.Бэхбат

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бэхбат, хохирогч Д.Довжоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Д.Бэхбатад холбогдох 201703000208 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 3-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Дэмидийн Бэхбат /РД:АА82052411/

 

Д.Бэхбат нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Батномгон” дэлгүүрийн ар талын хашаа буюу Бортолгойн 3-14 тоотод оршин суух иргэн Д.Довжоогийн Монгол гэрийн тооноор нэвтэрч гэрээс эмэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл, эмээлийн 6 завхай тоноглол, 5 ширхэг зурмал бурхан зэргийг хулгайлан авч 2 130 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бэхбатад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Дэмидийн Бэхбатыг орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.Бэхбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Шүүгдэгч Д.Бэхбатад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бэхбатаас 1 630 00 /нэг сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Их булан гэх газар оршин суух Боржигон овогт Дамдинжавын Довжоод олгож,

Шүүгдэгч Д.Бэхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж;

Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бэхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Бэхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д.Бэхбат миний бие өөрийн хадам эх Д.Довжоогийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгай хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруутайгаа маргах зүйл байхгүй. Би хохирогч Д.Довжоогийн учирсан хохиролыг бүгдийг нь бүрэн төлж хохиролыг барагдуулсан. Хадам эх Д.Довжоогоос уучлал гуйж бид эвлэрсэн. Би ам бүл 5 эхнэр, 8-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд бүгд 4-12 дугаар ангид суралцдаг. Би ахуйн ослын улмаас баруун нүд юм хардаггүй сохорсон. Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирол төлбөрийг нөхөн төлсөн дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний биеийн эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөлж тэнсэж өгөхийг хүсч байна. Шүүх хуралд өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэтэй оролцох хүсэлтэй байна гэжээ.

 

 Хохирогч Д.Довжоо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Их булан гэх газар оршин суух Д.Довжоо би өөрийн хүргэн болох Д.Бэхбат, түүний ар гэрээс хохирол төлбөр болох 1 630 000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. Цаашид нэхэмжлэх хохирол төлбөр, өв авлага байхгүй. Хүргэн Д.Бэхбаттай уулзаж, надаас уучлалт гуйсан тул гомдол санал байхгүй болно. Д.Бэхбат биеийн эрүүл мэнд сайнгүй, байнгын бөөр нь өвдөж даралт өндөр явдаг, эмчилгээтэй байдаг. Мөн баруун нүд нь  юм харахгүй сохор, эхнэр, 3 хүүхэдтэй, хүүхдүүд нь дунд сургуульд сурдаг гэр бүлээ авч явах тул барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг. Төлөв даруу зантай, гэнэн томоогүй зангаас болж ийм хэрэгт холбогдсон гэж хохирогч миний бие үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Бэхбатын ялыг хөнгөлж тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.Бэхбат гэмт хэргийн зүйлчлэл, нотолгооны хувьд маргахгүй байгаа. Оногдуулсан ялыг тэнсэх талаар давж заалдах гомдол гаргаж энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Б.Бэхбатын давж заалдах гомдолд дурдсан асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тайлбар байхгүй байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Энэ гэмт хэрэг нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Анхан шатны шүүхээс Б.Бэхбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ял оногдуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар Б.Бэхбатад оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзах үндэслэл байна. Учир нь 2015 оны шинэ Эрүүгийн хуульд Б.Бэхбатын үйлдсэн гэмт хэрэг нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан хүнд зүйл ангитай байгаа. Харин 2002 оны Эрүүгийн хуульд Б.Бэхбатын үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн зүйлчлэлтэй байгаа. Тийм учраас Б.Бэхбатад оногдуулсан ялыг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар Д.Бэхбатад холбогдох хэрэгт гаргасан Д.Бэхбат, хохирогч Д.Довжоо нарын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх Д.Бэхбатын үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бэхбатад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тус тус үндэслэлтэй байна.

 

  Харин шүүгдэгч Д.Бэхбат нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогч Д.Довжоод олгуулахаар тооцсон 1.630.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч Д.Бэхбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах нь үндэслэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч Д.Бэхбат, хохирогч Д.Довжоо нарын гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Д.Бэхбатад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.4, 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

31. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Бэхбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай гэсэн нэмэлт заалт болгон оруулж,

4 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Бэхбат бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай” гэж,

6 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Бэхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Бэхбат нь 39 /гучин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                 Н.ЭНХМАА

                                                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ